Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэлтэй ярилцлаа.
Монголбанкны зарласан албан ханшаар энэ сар гарснаас хойш төгрөгтэй харьцах ам.доллар 1.8 хувиар чангарсан байна. Эдийн засгийн өнөөгийн суурь нөхцөл байдалд ямар өөрчлөлт гарч байна вэ?
Ханшийг шийддэг эдийн засгийн суурь хүчин зүйл бол төлбөрийн тэнцэл. Валютын орох, гарах урсгалын зөрүүгээр төлбөрийн тэнцэл тодорхойлогдож, дотоодод хэдий хэмжээний цэвэр валют үлдсэн эсэхийг уг үзүүлэлт илэрхийлдэг. Төлбөрийн тэнцэл манай эдийн засгийн тусгал. Хэдий хэмжээний экспорт хийх чадвартай, импортын хэрэглээ хэр их байгааг эндээс мэдэж болно. Нөгөө талаас гаднаас хөрөнгө оруулалт, зээл, бонд хэлбэрээр хэчнээн тооны валют орж ирж буй тухай мэдээллийг төлбөрийн тэнцэл өөрөө агуулж байдаг. Эдгээр хүчин зүйлтэй ханш уялддаг. Монголбанкны хувьд ханш эдийн засгийн суурь хүчин зүйлтэй нийцтэй, уян хатан тогтоно гэсэн зарчим баримталж ирсэн. Гэхдээ үүнээс гажсан, богино хугацааны огцом савлагааг үүсгэхгүй байхын тулд давхар бодлогын арга хэмжээ авдаг. Үүний нэг нь гадаад валютын дуудлага худалдаа.
Монголбанк баасан гарагт ээлжит бус гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулж, 88.7 сая ам.доллар захад нийлүүлсэн. Төлбөрийн тэнцлийн дарамт ханшид нөлөөлж байгаа юу?
Төлбөрийн тэнцлээ харвал өнгөрсөн онд 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарсан. Энэ он болон ирэх жилд мөн ашигтай байх, харьцангуй эерэг төлөвтэй. Төлбөрийн тэнцэл ийнхүү ашигтай, валютын нөөц өсч буй үед ханшийн суурь тренд харьцангуй тогтвортой байх нөхцөл бүрдсэн гэж ойлгож болно. Хэдийгээр эдийн засгийн фундамент маань өнгөрсөн жилүүдээс эрс сайжирсан ч, зах зээл дээрх мэдээллийн тэгш бус байдлаас үүдэлтэйгээр энэхүү суурь трендээс түр гажсан хөдөлгөөн сая үүсэв үү гэж харж байна. Энэ үед зах зээлийг тогтвортой байлгах үүднээс богино хугацаанд үүссэн дутагдлыг нөхөх зорилгоор валютын дуудлага худалдаа хийж захад оролцсон.
“Дим сам” бондын эргэн төлөлт энэ сарын эцэст хүлээгдэж байна. Валютын ханшид бондын төлөлт ойртсон нь нөлөөлсөн үү эсвэл өөр шалтгаан байсан уу. Эдийн засагт орох, гарах валютын урсгал ямар түвшинд байгаа вэ?
Оны эхний хагаст төлбөрийн тэнцэл бага зэрэг алдагдалтай гарсан. Эхний дөрвөн сарын байдлаар алдагдлын хэмжээ 47 сая ам.доллар байсан ч алдагдлын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 2 дахин буурсан гэдгийг анхаарах нь зүйтэй. 2018 он гарсаар эхний хагаст “Чингис” болон “дим сам” зэрэг бондын гадаад эргэн төлөлт хийгдэхээс гадна импорт нэлээд хурдтай өссөн. Эдгээр нь валютын гарах урсгалыг нэмэгдүүлж, төлбөрийн тэнцэл сөрөг утгатай байхад нөлөө үзүүллээ. Импорт гэхэд эхний таван сарын байдлаар 45 хувиар өссөн байна. Гэхдээ импортыг задлаад үзвэл, хэрэглээний импорт нийт өсөлтийн найман нэгж хувийг эзэлж байна. Үлдсэн нь аж үйлдвэр, уул уурхайн салбарын тоног төхөөрөмж, нефтийн бүтээгдэхүүн зэрэг ирээдүйд өсөлт бий болгох хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний импорт. Хэдийгээр богино хугацаанд төлбөрийн тэнцлийн алдагдал бий болгож байгаа хэдий ч эдгээр нь эдийн засаг идэвхжиж буйн илэрхийлэл бөгөөд алсдаа өсөлт авчирна гэж үзэж байна. Мөн өр төлбөрүүд шийдвэрлэгдсэнээр эдийн засагт итгэх итгэлд эерэг нөлөөтэй. Харин оны хоёрдугаар хагаст ОУВС-гийн “өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн санхүүжилтүүд орж ирэх товтой тул төлбөрийн тэнцэл эерэг гарна гэсэн хүлээлттэй байна.
БНХАУ-ын төв банкны заавал байлгах нөөцтэй холбоотой гаргасан шийдвэр юанийн ханшид хэрхэн нөлөөлөх бол. Энэ нь манай эдийн засагт таатай нөхцөл болох уу?
Хятадын төв банкнаас гаргасан шийдвэр нь хувийн секторын өрийн тогтвортой байдлыг хангах, бизнесийн орчныг дэмжих, эдийн засгийн өсөлтийг тэтгэх, одоогийн эрчээ хадгалахад ач холбогдолтой. Заавал байлгах нөөцийн хувь хэмжээг бууруулснаар зах зээлд нь нийт 100 гаруй тэрбум ам.долларын нийлүүлэлт нэмэгдэнэ гэсэн хүлээлт байна. Энэ нь Хятадын эдийн засгийг дэмжих төдийгүй дэлхийн эдийн засагт, түүхий эдийн үнэд ч эерэг нөлөөтэй. Энэ арга хэмжээ нь худалдааны дайнаас үүсэж байгаа эрсдэлийг нэлээд бууруулж өгнө.
Дунд болон богино хугацаанд ханшийн эрсдэлээс сэргийлэх үзүүлэлт бол гадаад валютын албан нөөц. Албан нөөцөд ямар өөрчлөлт гарч байна вэ?
Сүүлийн 18 сарын хугацаанд манай нөөц бараг гурав дахин нэмэгдэж, гурван тэрбум ам.долларт хүрсэн. Үүнд нөлөөлсөн хэд хэдэн хүчин зүйл бий. Түүний нэг нь дэлхийн эдийн засаг эрчимжиж, хөгжсөн болон хөгжиж байгаа орны эдийн засаг илт сэргэлт ажиглагдсан явдал. Энэ нь түүхий эдийн үнээр дамжаад манай эдийн засагт нөлөөлж, валютын нөөц өсөхөд нөлөөлж байна. ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд өнгөрсөн жил 700 гаруй сая ам.доллар орж ирсэн. Энэ онд мөн үүнээс дутахгүй хэмжээний валют орж ирэхээр хүлээгдэж байна. Ирэх оны хувьд ч ялгаагүй валютын орох урсгал өөдрөг байгаа. Валютын нөөц эдгээрийн үр дүнд үргэлжлэн нэмэгдэхээр байна. Өнгөрсөн жил гадаад зах зээлээс санхүүжилт босгосон, гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэн зэрэг нь мөн нөлөөлсөн. Мөн алт худалдан авалт ч эерэг нөлөө үзүүлнэ. Монголбанк “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяныг эхлүүлсэн. Төгрөгийн ханш цаашид тогтвортой байхад эдгээр арга хэмжээ итгэл төрүүлж байгаа.
15 цагийн өмнө
20 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.