Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.В. Путины санаачлагаар энэ сарын 7-8-нд “Орос-Монголын санаачилга-2018” арга хэмжээний хүрээнд Эдийн засгийн форум Улаанбаатарт болох гэж байна. Уг арга хэмжээг МҮХАҮТ, Гадаад харилцааны яам хамтран зохион байгуулах юм. Энэ талаар МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгштэй ярилцлаа.
– “Монгол-Оросын санаачилга 2018”-ын хүрээнд ямар салбар хуралдаан болох вэ?
-“Монгол-Оросын санаачилга-2018” энэхүү арга хэмжээг МҮХАҮТ, ОХУ-ын Экспортный центр болон Экспоцентр хамтран зохион байгуулах бөгөөд эдийн засгийн арга хэмжээний хүрээнд хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, эрчим хүч, барилга, тээвэр гэх мэт 5 салбарын уулзалт болно. Мөн үеэр ОХУ-ын «Сухой Супержет 100», МС-21 и Ил-114-300 нисэх онгоцуудыг танилцуулах юм. Энэхүү арга хэмжээнд Монголын талаас МИАТ, Аэро Монголиа, Хүннү эйр компаниуд оролцоно. Түүнчлэн “Цөмийн шинжлэх ухаан ба атомын эрчим хүчний технологи” уулзалт болно. Үүнд оросын талаас Русатом олон улсын сүлжээний төлөөллүүд оролцоно.
Одоогоор В2В уулзалтад Оросын талаас 60 гаруй аж ахуй нэгжийн 100 гаруй төлөөлөгч, Монголоос хүнс хөдөө аж ахуй, эрчим хүч, барилга уул уурхайн салбарын 300 гаруй компани оролцохоор бүртгүүлээд байна. Манай улстай хиллэдэг ОХУ-ын мужуудаас хүнс, хөдөө аж ахуй, техникийн том хэмжээний үзэсгэлэнг зохион байгуулна. Үүнээс гадна соёл, спортын арга хэмжээнүүд төлөвлөж байгаагаас алдарт Моисеевын чуулга, жудо бөхийн нөхөрсөг тоглолтууд болно.
– Хоёр орны эдийн засгийн форумаас ямар үр дүн хүлээж байгаа вэ?
– Бизнесийн салбарын уулзалтуудаас нэлээн өөдрөг үр дүн хүлээж байгаа. Энэ арга хэмжээний хүрээнд Шадар сайд Ө.Энхтүвшингийн ивээл дор хил, бус нутгийн хуралдаан болно. Үүнд хил залгаа ОХУ-ын муж нутгуудаас болон Увс, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул аймгаас Засаг дарга нар болон холбогдох албаныхан оролцож, хөрш зэргэлдээ нутгуудын хамтын ажиллагаа, тулгамдаж буй асуудлаа нээлттэй ярилцах боломжтой юм.
Мөн банк, хөрөнгө оруулалтын салбарын уулзалтад Оросын төв банк болон томоохон банкуудын төлөөлөл, МҮХАҮТ-ын гишүүн компаниуд оролцоно. Монгол Улс Улаанбаатараас Дархан, Сэлэнгэ чиглэлд авто зам барих төсөл яригдаж байгаа энэ үед ОХУ-ын зам, барилгын салбартай хамтарч ажиллах маш том боломж бидэнд харагдаж байгаа.
Манай улсаас ОХУ-ын их, дээд сургуулиудад зоотехникч, малын эмч, агрономич мэргэжлээр маш олон залуус суралцан төгссөн байдаг, тиймээс хөдөө аж ахуй тэр дундаа мал аж ахуйн салбарт хамтрах, тэдгээрийн мэргэжил дээшлүүлэх, мал эрүүлжүүлэх, вакцин тарилгын нийлүүлэлт гээд хамтрах боломж их бий.
– Хоёр орны эдийн засгийн харилцаа жилээс жилд улам өргөжиж байгаа. Гэвч тарифын болон тарифын бус саад бэрхшээл тулгамдсан асуудал хэвээрээ байна. Үүнийг шийдэх ямар тодорхой шийдлүүд байна вэ?
-Энэ оны хоёрдугаар сард Москвад болсон хоёр орны Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар тарифын болон тарифын бус асуудлыг Танхимын зүгээс хөндсөн. Энэ асуудлыг олон жил ярьж байгаа. ОХУ гаалийн холбооны гишүүн улс байхад л яригдаж эхэлсэн юм. Одоо уг холбоо өргөжин Беларус, Казахстан, Армени, Киргиз, Орос зэрэг олон улсыг эгнээндээ оруулсан. Хэрвээ бид оросын зах зээлд гарч чадвал эдгээр улсын зах зээлд ч мөн гарна гэсэн уг. Энэ асуудлыг илүү хурдан, хялбар шийдэх боломжийг эрэлхийлэх асуудлыг бид ОХУ-ын талд тавиад байгаа. Вьетнам нь Евро-Азийн эдийн засгийн комиссын гишүүн орон бус хэр нь Евро-Азийн эдийн засгийн комисс Вьетнамтай чөлөөт худалдааны хэлэлцээр хийсэн.
Өнөөдөр монголын худалдаа эргэлтийн 10 гаруй хувийг оросын талтай хийж байгаа бөгөөд үүний 95 хувийг ОХУ-аас Монголд хийж байгаа импорт дангаараа эзэлж байгаа юм. Харин Монголын экспорт ердоо 5 хувь эзэлдэг. Монголын экспортыг нэмэгдүүлэхийн тулд гаалийн татварыг багасгах хэрэгтэй. Монголын ноос ноолуур, арьсан эдлэлд тавих оросын нэмүү өртгийн албан татвар, онцгой албан татвар, гаалийн татвар 46 хувь хүрдэг. Мах, махан бүтээгдэхүүн манай улсын экспортын голлох бүтээгдэхүүн. Хэрвээ квотод орвол 12 хувь хүртэл, багтаж чадахгүй бол 38 хувь хүртэл татвар төлдөг. Харин оросын бараа бүтээгдэхүүн монголын зах зээлд орж ирэхдээ гаалийн татварын 5 хувь, нэмуу өртгийн 10 хувийн татвар төлдөг. Тийм учраас бид эдгээр тарифыг багасгаж өгөөч гэж удаа дараа хүсэлт тавьж байна. ОХУ-ын гадаад худалдааны эргэлтийн 0,2 хувийг монголын талтай хийдэг худалдаа эзэлдэг. Маш бага гэсэн үг. Тийм учраас оросын талаас энэ тарифыг багасгах боломж бүрэн бий.
Худалдаа-эдийн засгийн харилцааг хөгжүүлье гэж мянга яриад ч энэ тарифыг багасгахгүй бол ямар ч үр дүнгүй гэсэн үг. Үүнтэй зэрэгцээ тарифын бусад бэрхшээлүүд байдаг.
Жишээлбэл, Буриад, Эрхүү, Якут, Забайкальскийн хязгаараас манай мах, арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн авах сонирхолтой байдаг нь харагддаг. Тэнд үзэсгэлэн худалдаа зохион байгуулахад манай бараа маш сайн зарагддаг. Гэвч албан ёсоор худалдаа хийх болохоор болдоггүй, бүтдэггүй. Нэгдүгээрт, гаалийн татвар маш өндөр. Хоёрдугаарт, маш бага квот, олон албан бичиг зөвшөөрөл авах болдог. Зөвшөөрөл авах болгондоо Москва руу явах хэрэг гарах жишээтэй. Удахгүй болох Монгол-Оросын санаачилга арга хэмжээний үеэр эдгээр асуудлууд шийдэгдэнэ гэдэгт найдаж байна.
Бид энэ үеэр ОХУ-ын талаас тавигдах тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүнийг гаалийн татвараас 100 хувь чөлөөлж ногоон бүс үүсгэх боломжтой. Хариуд нь ирэх намар Монголын талын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг Эрхүү, Улан-Үүд хотуудын аль нэгэнд зохион байгуулж татвараас чөлөөлбөл болох юм. Сүүлийн 2 жил бид Өвөрмонголд ийм хэмжээний үзэсгэлэнг зохион байгуулсан нь маш амжилттай болсон.
– “Монгол-Оросын санаачилга 2018” худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нэгэн чухал талбар болох юм болов уу. Энэ арга хэмжээний ач тусыг ахиухан хүртэхийн тулд Монголын тал юунд илүү их анхаарах ёстой вэ?
– Оросын талаас ирэх төлөөлөгчдийн жагсаалтад бидний хувьд чухал болох хил залгаа болон Сибирийн бус нутгийн төлөөлөл маш бага байна. Красноярск, Новосибирск, Эрхүү, Омск, Томск, Алтайн хязгаар нутаг бол Монголын хувьд гол түнш юм. Уур амьсгал төстэй, газар зүйн байрлал ойр гэх мэт. Эдгээр бүс нутгаас маш бага төлөөлөл ирж байна. Харин эсрэгээрээ Москва, Москвагийн цаана байрлах Самара, Курганская область, Челябинск, Таганрог, Краснодар, Карелия и Петропавловск зэрэг хотуудаас төлөөлөгчид түлхүү ирэх мэдээлэлтэй байгаа. Эдгээр мужтай хамтарч ажиллахад бидний хувьд маш хол учраас бараа бүтээгдэхүүн үнэтэй тусдаг. Дээр нь ОХУ-ын төмөр замын тариф нэмэгдэж байгаа. Монгол-Оросын худалдаа эргэлтийн 80 гаруй хувь нь Сибирийн бус нутагт төвлөрдөг гэдгийг дурьдах хэрэгтэй. Европын холбоо ОХУ-д хориг арга хэмжээ авч худалдааг хязгаарлаж байна. Ийм учраас манай улс ОХУ-д бараагаа нийлүүлэх сонирхолтой хэдий ч тарифын болон тарифын бус саад бэрхшээл байсаар л байна. Монгол, Орос эртний сайн харилцаатай хөршүүд. Тийм ч учраас эдгээр саад бэрхшээлийг арилгаж хамтарч ажиллая. Олон тооны зөвшөөрөл сертификатыг цөөрүүлэх, тэдгээрийг олгох бүрд Москва явдагийг болиулъя. Хамтдаа хөгжиж, хамтдаа ажиллах хэрэгтэй байна гэж хэлмээр байна. Мөн удахгүй 06 дугаар сарын 7-8-нд болох Монгол-Оросын санаачилга 2018 арга хэмжээнд оролцохыг урьж байна.
15 минутын өмнө
28 минутын өмнө
2 цагийн өмнө
3 цагийн өмнө
Өчигдөр
87365
30395
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.