Ёланда Фернандес Ломмен: Хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээснээр Монголд олон боломж нээгдэнэ

2018-05-28 Эдийн засаг


Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандес Ломментой Монгол Улсын эдийн засаг, тус банкнаас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар ярилцлаа.

-Монгол Улсын Засгийн газартай 2017-2020 онд хамтран хэрэгжүүлэх 1,35 тэрбум ам. долларын дэмжлэг бүхий “Түншлэлийн стратеги” баталлаа. Энэ хүрээнд ямар салбаруудыг дэмжих төсөл хөтөлбөрүүд хэрэгжих вэ?

-Энэхүү Түншлэлийн Стратегийн хүрээнд АХБ Монгол дахь нийгэм эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийг солонгоруулах дэд бүтцийг хөгжүүлэх, байгаль орчны тогтвортой байдлыг хангах гэсэн гурван гол хэтийн зорилтод төвлөрч ажиллана. Түүнчлэн НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн 17 Зорилтын 16 нь шууд дэмжин ажиллана.

Эхний зорилтын хүрээнд АХБ улс орны эдийн засгийн бүтцийг төрөлжүүлж, нийгэм эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд өсөлтийг хангаж ажлын байр бий болгоход дэмжлэг үзүүлнэ. Уул уурхайн салбараас гадна хөдөлмөрийн өсөлтийг дэмжих ур чадварыг хөгжүүлэх, ялангуяа хөдөө аж ахуйн бизнес, аялал жуулчлал эрхэлдэг жижиг, дунд аж ахуй эрхлэгчдийг тусламжид хамруулахаар зорьж байна. Тохиолдож болох эдийн засгийн хямрал, дотоод шилжих хөдөлгөөний идэвхжилийн үед ч хүний хөгжлийн өсөлтийг хангахын тулд АХБ нь ард иргэдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын зайлшгүй шаардлагатай нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах тал дээр идэвхтэй ажиллах болно. Түүнчлэн АХБ макро эдийн засгийн тогтвортой байдлыг сэргээх, хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бүтцийн шинэчлэлийн хурд, нөлөөллийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр зорьж байгаа.

Хоёр дахь зорилтын хүрээнд АХБ Монголын өрсөлдөх чадварыг бэхжүүлж эдийн засгийг төрөлжүүлэхийн тулд бодит хэлхээ холбоог сайжруулах замаар бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийг гүнзгийрүүлнэ. Хотжилтын асуудлыг илүү цогц байдлаар авч үзэх нь хүн амын амьжиргааны түвшнийг дээшлүүлж, орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэх, эдийн засгийн төрөлжилт, ажлын байр бий болгоход тус дөхөм болох юм.

Эдийн засгийн өсөлтийг байгаль орчинд илүү таатай, тогтвортой болгох гурав дахь зорилтын хүрээнд АХБ байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг тогтвортой ашиглах замаар байгалийн нөөцийн менежментийг бэхжүүлэхийг зорино. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, нөлөөллийг бууруулах, гамшгийн эрсдэлийн менежментийг илүү үр дүнтэй болгох зэрэг арга хэмжээнүүдийг авна.

-Орон нутагт АХБ-ны төслөөр хэрэгжиж байгаа төслүүдийн үр дүнгийн талаар, орон нутгийн хөгжлийг та хэрхэн төсөөлж хардаг вэ?

-АХБ-ны үйл ажиллагаа орон даяар хэрэгждэг. Бид бүх аймагт эрүүл мэнд, боловсролын барилга байгууламж, тоног төхөөрөмжийг санхүүжүүлж Улаанбаатар хотоос гадуурх хот байгуулалт, ариун цэврийн байгууламж, бохир ус цэвэрлэх байгууламж, ундны усаар хангах ажилд голчлон оролцсон. Үүний үр дүнд гарсан зарим эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн. Тухайлбал ундны цэвэр усны хүртээмж, орон нутгийн эмнэлгүүдэд цус сэлбэлтийн ариун цэврийг сайжруулснаар гепатитын халдвар эрс буурсан. АХБ-ны дэмжлэгтэйгээр Монголын худалдаа, хөрөнгө оруулалтын хамгийн том түншүүд болох ОХУ, БНХАУ-тай холбосон замуудыг ашиглалтад оруулж орон нутгийн эдийн засгийг хөгжүүлж шинэ зах зээлийг бий болгоход хувь нэмэр болсон. Дээрх замуудыг барьснаар нийтийн үйлчилгээ алслагдсан суурин газруудад хүрч эхэлсэн. Ерөнхийдөө, Монголын эдийн засгийн хєгжил сүүлийн 10 жилд нэлээд ахиц гарсан гэж үзэж байгаа.

-Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хурд 2018 онд саарч 3.8 хувь болно хэмээн АХБ төсөөлсөн. Нүүрсний үнээс шалтгаалан хурд саарна гэж үзсэн үү? Энэ таамгийг гаргахад ямар хүчин зүйлс нөлөөлсөн вэ?

-АХБ-аас хамгийн сүүлийн хийсэн эдийн засгийн таамаглалаар нүүрсний салбар 2018 онд боломжийн байх боловч өнгөрсөн жил нүүрсний олборлолтыг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн хүчин зүйлс дахин гарахгүй болов уу. Үүнээс гадна хөврөх чадвар сул гэгддэг нүүрсний салбар өнгөрсөн онд эдийн засгийн өсөлтөд бага зэрэг хувь нэмэр болж байсан тээвэр үйлчилгээний салбарт нөлөөлөхөөр байгаа.

-Монгол Улсын хувьд өмнөх жилүүдийг бодвол эдийн засгийн байдал дээрдэж байгаа харагддаг. Та энэ талаар хэрхэн үнэлж дүгнэж байна вэ вэ?

-2017 онд Монгол Улсын эдийн засаг гайхамшигтайгаар сэргэж ДНБ-ний хэмжээ таамагласнаас илүү байсан. Энэ үйл явцын хүрээнд Монголын Засгийн газар санхүүгийн сахилга сайн сахиж, хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээснийг сайшаах нь зүйтэй. Хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээснээр Монгол Улс хямд үнээр олон улсын бонд гаргах, улс орны чухал хөрөнгө оруулалтыг татах боломжтой болсон.

– Монгол Улс АХБ-тай хамтран ажиллаад 27 жил болжээ. Энэ бол багагүй хугацаа. Олон ч төсөл хөтөлбөрүүдийг барилга, эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, зам тээвэр, бизнесийн салбарт оруулж, нэлээдгүй хөрөнгө мөнгө зарсан. Танай банк Засгийн газартай агаарын бохирдлыг бууруулах төсөлд хамтран ажиллах болсон. Таны хувьд агаарын бохирдлыг бууруулахад ямар чиглэлд илүү анхаарах ёстой гэж үзэж байгаа вэ? Жишээлбэл, иргэдийг орон сууцжуулах, хөдөөгөөс нүүдэллэх иргэдийг хязгаарлах гэх мэт аргуудын талаар ярьдаг. Манайх шиг уур амьсгалтай улс хэрхэн агаарын бохирдлыг бууруулах вэ?

-Түүхий нүүрсний дутуу шаталтаас болж Улаанбаатар хотын гэр хороолол бохирдлын гол эх үүсвэр болж байна. Энэ нь нийслэл хотын агаарын бохирдлын 80 хувийг бүрдүүлж байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэх олон шийдлүүд бий. Гэхдээ нэн даруй хийх ёстой ажил бол чанар муутай нүүрсийг илүү цэвэр сайн чанарын нүүрсээр (хагас коксжуулсан брикет түлш) солих. Үүнийг АХБ-ны төслөөр хэрэгжүүлэх боломжтой. Хагас коксжуулсан шахмал түлш түүхий нүүрснээс ялгарах утааны хэмжээг бодвол 70 хувиар бага тул агаарын бохирдлыг бууруулахад чухал нөлөө үзүүлэх юм. Гэр хорооллын иргэдийг нарны эрчим хүч гэх мэт сэргээгдэх эрчим хүчээр хангагдсан боломжийн үнэтэй сууцаар хангах бас нэг арга байна. Одоогоор АХБ 40,000 орчим хүнтэй гэр хорооллын бүсэд эко хороолол барих ажлыг эхлүүлэхээр хотын захиргаатай хамтран ажиллаж байна. Урт хугацаанд хэрэгжих ажлын хүрээнд хөдөө орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлснээр хот руу чиглэсэн шилжих хөдөлгөөний урсгал аяндаа буурна.

-Монгол Улсын мөчлөг дагасан савлагаа, эмзэг байдлыг бууруулах гол хөшүүрэг нь юу вэ? Үүнд АХБ ямар зөвлөмж өгөх вэ?

-Тодорхой нэр төрлийн бараа бүтээгдэхүүний хамаарлыг бууруулж эмзэг давхаргын түвшнийг бууруулж байна. Мөн ашигт малтмалын хувьд, эдийн засгийг төрөлжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийн хурдыг нэмэгдүүлж эмзэг давхаргыг бууруулж болно. Тиймээс уул уурхайн салбараас гадна эдийн засгийн өсөлтийг дэмжих хөдөө аж ахуй, үйлчилгээ зэрэг бусад олон чухал салбаруудыг хөгжүүлж эхэлсэн байгаа. Хөдөө аж ахуй бол ажлын байр нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдийн амьдралын түвшнийг сайжруулахад чухал нөлөө үзүүлэх салбар.

-АХБ анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн төсөл хэрэгжүүлж байгаа. Монгол Улс энэхүү төсөлд хамрагдах уу?

-Монгол Улс энэ төсөлд хамрагдсан. Энэ бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн АХБ-наас хэрэгжүүлж буй анхны төсөл. Монгол Улс анхлан санаачилсан энэ төслөөр хөдөлмөрлөх чадвартай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зах зээлд нэвтрэхэд нь тусалж нийгмийн амьдралд ороход нь дэмжих юм.

Сүүлийн үед Монголд тэгш бус хуваарилалтын талаар их ярих болсон. Нийгмийн олонх нь ядуу, хэсэг бүлэг нь хэт баяжсан. Та эдийн засагч хүний хувьд Монгол Улс ядуурлаас гарахын тулд ямар бодлогыг барих ёстой гэж үздэг вэ? Баялгийг хэрхэн тэгш хуваах вэ? Гадаад орнуудын сайн туршлагаас хуваалцана уу?

-АХБ ирээдүйн стратегидаа (ADB Strategy 2030) онцлон авч үзэх асуудал бол орлогын хуваарилалтын асуудал юм. Энэ нь АХБ бүх төслүүддээ орлогын ялгааг багасгах арга хэмжээг онцлон авч үзэх болно гэсэн үг. Олон улсын шалгарсан туршлагаас харахад орлогын ялгаагаа багасгаж чадсан улс орнууд орлогын тэгш хуваарилалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлсэн байдаг. Энэ асуудлын нэг чухал хэсэг нь орлогын нөлөөгөөр нийгэмд илүү эерэг хандлага бий болгох, татварын тогтолцоог сайжруулах явдал юм.

-Манай улсад төсөл хөтөлбөрүүд хангалттай олон хэрэгждэг. Төсөл хөтөл­бөрүүдийн үр дүн удаан хугацаанд гардаг болохоор магадгүй үр дүнгийн талаар ойл­голт муу харагддаг байх л даа. Таны хувьд төслийн үр дүнг сайжруулах талд юуг ан­хаарах ёстой гэж боддог вэ?

-Монголд хэрэгжүүлсэн АХБ-ны ихэнх төсөл, хөтөлбөрүүд үр дүнгээ өгсөн. Чухал гэсэн хэд хэдэн асуудлыг илрүүлж нэн шаардлагатай тодорхой хэдэн салбарт тус нэмэр болсон нь бидний хамгийн том амжилт юм. Хоёрдугаарт хэлэх зүйл бол бидний явуулсан төсөл, хөтөлбөрүүд бодитоор хэрэгжсэн. Хүлээгдэж буй үр ашгийг аль болох түргэн хүргэхийн тулд аливаа саад бэрхшээл, хойшлуулалтаас аль болох зайлсхийх нь чухал байдаг. Ингэж байж л төслийн хэрэгжилтийг бүрэн хангаж чадна.

Та Монгол Улсад багагүй хугацаанд ажиллаж амьдарч байгаа хүний хувьд Монгол Улсын хөгжил дэвшилд ямар бэрхшээл байна, юу саад болж байна гэж хардаг вэ?

– Би Монголд 2001 онд анх удаа ирж байсан. Тэр цагаас хойш Монголын нийслэл хот ч хөдөө орон нутаг ч маш их өсөн дэвжсэн. Хөгжлийн үе шат маш урт хугацаанд, их зардалтай болдог үйл явц. Гэвч Монгол Улс харьцангуй богино хугацаанд зах зээлийн нийгэмд шилжин амжилттай орж чадсан. Одоо танай улс эдийн засгаа сайжруулж хүн амын амьжиргааны түвшнийг дээшлүүлэх нь чухал. Өнөө үед Монгол Улс дунд орлоготой орны тоонд багтаж байгаа цаашлаад хөгжлийн бодлогоо зөв хэрэгжүүлж чадвал тун удахгүй дундаас дээш орлоготой орны тоонд багтах болно.

-Манай улсын бизнесийн орчны талаар болон бизнес эрхлэгчдийн дэмжсэн төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгнө үү? Монголд хамгийн ирээдүйтэй бизнес юу вэ?

-Монголд хэрэгжүүлж буй АХБ-ны үйл ажиллагааны ихэнх нь бие даан гүйцэтгэсэн ажил байдаг. Бидний үзүүлдэг дэмжлэг ерөнхийдөө төрийн салбарт төвлөрч байгаа гэсэн үг юм. Гэсэн хэдий ч бид жижиг, дунд үйлдвэрлэлийн, түүний дотор санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох, хувийн хэвшлийг хөгжүүлэхэд чиглэсэн шинэчлэлийг дэмжих замаар шууд болон шууд бус бизнест дэмжлэг үзүүлдэг.

-Бизнес эрхлэгчдийг дэмжих, ялангуяа мэдлэг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжихийн тулд юу хэрэгтэй вэ?

-Олон улсын тэргүүний туршлагыг нэвтрүүлэх сургалт арга хэмжээний боломжууд аль ч улс оронд ноу-хауг дэмжих гол түлхүүр байдаг. Харин ноу-хауг олж авсны дараа шинэлэг санаануудыг дэмжих санхүүжилт, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй.

-Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмждэг олон улсын туршлагаас хуваалцана уу?

-Ер нь эмэгтэй бизнес эрхлэгчид мэдээлэл олж авах, сургалтад хамрагдах, шаардлагатай санхүүжилт олж авахад нэлээдгүй саад бэрхшээлтэй тулгардаг. Эдгээр шалтгааны улмаас даян дэлхийд хэрэгжиж буй санаачилгууд эмэгтэйчүүдэд хүрч, тэдний хэрэгцээ шаардлагыг хангахад чиглэсэн тусгай хєтєлбєрүүдийг бий болгосноор эдгээр сорилтуудыг шийдвэрлэхэд анхаарч байна.

-Сүүлийн үед Монголд компанийн хариуцлага, засаглалын талаар нэлээд анхаарч ярьдаг болсон. Та үүнийг ямар байх ёстой гэж боддог вэ?

-Сайн засаглал, сайн институци аливаа улсын эдийн засгийн өсөлтийг дэмжихэд гол суурь нь болдог. Олон улсын туршлагаас харахад сайн засаглал, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт хоёр хоорондоо нягт холбоотой байдаг. Үүнийг л АХБ дэмжиж хэд хэдэн улсад төсөл хэрэгжүүлж байна.

Төрийн засаглал нь эдийн засгийн өсөлтийг хангах, орлогын тэгш бус байдлыг багасгахад чухал үүрэг гүйцэтгэдэг учраас сайн засаглал нь нийгмийн нэгдмэл байдал, төсвийн зардлын үр ашгийн хувьд чухал нөлөөтэй. Бас нэгэн чухал зүйл нь институциудтай холбоотой. Сайн засаглалыг дэмждэг сайн тогтолцоо нь зах зээлд үйл ажиллагаа өрсөлдөөнд нээлттэй байх явдлыг хангаж, иргэдийн өргөн оролцоог хангах, ил тод байдал, үйлчилгээг хүртээмжтэй байлгах боломжийг олгодог.

Үүний үр дүнд, хамтын засаглал улсын санхүүжилтээс эхлээд эрүүл мэндээс авахуулаад хөгжлийн үр дүнг бүхий л түвшинд сайжруулна. Эсрэгээрээ муу засаглал нь хєгжил, эдийн засгийн єсєлтийг доройтуулж, бага орлоготой иргэд, эмзэг бүлгийнхэнд боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг багасгадаг.

Ярилцсан Д.Эрдэнэсувд

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.