МҮХАҮТ болон Германы ХАҮТ-уудын холбооноос 2015-2018 онд хэрэгжүүлсэн Хамтын ажиллагааны төслийн гурав дахь үе шат амжилттай өндөрлөж, аль ч орон нутагт хэрэгжүүлж болох хоёр жишиг төвийг бий болголоо.
Энэ хугацаанд Архангай аймагт Хонины ноосны нэмүү өртөгийн сүлжээг бий болгох төсөл хэрэгжиж, тус аймгийн Эрдэнэбулган суманд Ноос хяргах, угаах баг төв байгуулагдсан байна. Мөн аймгийн иргэдийг ноосоор гар урлал хийх шат дараатай сургалтуудыг зохиож, ноос хяргахаас боловсруулах хүртэлх бүх үйл явцаар кластер байгуулсан нь өөр аль ч сум, аймаг загварчилж хэрэгжүүлэх болох аж. Мөн Увс аймгийн Улаангом суманд чацарганы кластер байгуулж нутгийн иргэдийн оролцоог хангажээ.
МҮХАҮТ-ын төслийн баг кластерийн багуудад тогтмол зааварчилгаа өгөх, хяналт-шинжилгээ хийх, ажил гүйцэтгэлийн үнэлгээ хийдэг нь төслийг өндөр чанартай хэрэгжүүлэхэд тусалдаг байна.
Хоёр улсын ХАҮТ-ын хамтын ажиллагааны түншлэл 1999 оноос эхэлсэн юм. Хамтын ажиллагааны төсөл нь эхэндээ МҮХАҮТ-ын чадавхийг бэхжүүлэхэд чиглэж байлаа. Дараа нь 2006-2013 онуудад орон нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чиглэж салбар танхимаар дамжуулан хөдөөгийн бизнес эрхлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах жижиг төслүүд хэрэгжүүллээ. Төслийн үр дүнд 450 гаруй ажлын байр бий болж 2000 гаруй иргэд төрөл бүрийн сургалтад хамрагдан, тодорхой хэмжээгээр орлогын эх үүсвэртэй болох чадавхитай болсон аж. Танхимуудын хамтын ажиллагааны төслийн 2015-2018 оны үр дүнг холбогдох мэргэжилтнүүд ийнхүү дүгнэж байна.
Хамтын ажиллагааны төслийн багийн ахлагч Рольф Шпайт:
– 2015 оноос хэрэгжиж эхлэсэн энэхүү төслийн үр дүнд хүмүүсийн сэтгэгдэл эерэг байна. Төсөл амжилттай хэрэгжсэн нь орон нутгийн хүмүүсийн санал хүсэлтийг сонсоод, түүн дээр нь стратегиа боловсруулж хэрэгжүүлсний үр дүн. Ингэснээр асуудал бэрхшээлийг олж түүнийг шийдвэрлэх боломжтой болж байна. Түүнчлэн олон улсын болон дотоодын ноу хауг орон нутагт шингээж мэдлэгийг түгээх замаар үйл ажиллагаа явуулсан. Мөн нутгийн иргэдийн нүдэнд харагдаж гарт баригдах Увс аймагт усны шуудуу байгуулах ажил болон ОХУ –ын Барнаулаас 10 төрлийн 21000 гаруй чацарганы суулгацуудыг оруулж ирсэн, Архангайд ноос угаах баг төвийг байгуулсандаа баяртай байна.
Хөндлөнгийн эксперт Соня Эндэ:
– Төслийн эхний үе шатанд үнэлгээ хийхээр Монголд ирсэн. Монголд ирээд 10 гаруй хоногт хүмүүстэй уулзаж мэдээлэл авлаа. Хүмүүсийн сэтгэгдлээс төсөл маш сайн хэрэгжсэн болохыг хараад маш их гайхсан. Архангай аймгийн салбар Танхимын дэмжлэгтэй баг төвийг байгуулсан байна. Энэ төв байгуулагдсанаар ноосны чанар сайжрахаас гадна, бүтээмж дээшлэх боломж нэмэгдсэн байна. Увсын чацарганы кластерийн хувьд чацарганы сортыг бодлогоор тариалах ажлыг эхлүүлсэн. Энэхүү хоёр аймагт хэрэгжсэн загвар төслүүд бусад аймгууд ч шууд авч хэрэгжүүлэхээр үлгэр жишээ болсон гэж би бодож байна. Тиймээс үргэлжлэн хэрэгжих болов уу.
Sequa GmbH байгууллагын хамтын ажиллагааны төслийн менежер Беттина Муйлер:
– Төслийн эхний үе шатаар Монголын хоёр аймагт 2 кластер багийг хөгжүүллээ. Кластер бол олон улсад эрчээ авч буй багийн тогтолцоо. Бидний үйл ажиллагааны үндсэн зорилго бол орон нутагт нэмүү өртгийн сүлжээг дэмжихэд чиглэсэн. Энэ зорилтынхоо хүрээнд Увс чацарганы бүтээгдэхүүний чанар стандартыг сайжруулах, нэр төрлийг нэмэгдүүлэх, Архангай аймгийн эсгийн бүтээгдэхүүний загварыг сайжруулах олон тооны ажлууд хийгдсэн юм. Архангайд бидний хийсэн томоохон ажил бол орон нутагтаа ноосыг хаягдалгүй авах зорилготой жишиг баг төвийг байгуулсан. Малчид баг төвд хонио тууж очоод хяргуулаад угаалгаад тэндээ ноосоо тушаах боломжийг бүрдүүлсэн. Ингэснээрээ малчдын ажил маш их хөнгөвчлөгдөж байгаа болно. Миний бодлоор тавьсан зорилгодоо хүрсэн төсөл гэж дүгнэнэ.
Германы ХАҮТ-уудын холбооны Монголын асуудал хариуцсан ажилтан Макси Хуйлсэ:
– Хоёр Танхимын хамтын ажиллагаа хорин жилийн түүхтэй гэж хэлж болно. Энэ хугацаанд МҮХАҮТ-ын салбар Танхимуудын бүтэц зохион байгуулалт, бүхий л үйл ажиллагаанд Германы ХАҮТ болон энэ төсөл маш идэвхтэй хамтран ажилласан. Төслийн эхний гурван шатыг би өөрийн зүгээс үнэлэхдээ маш сайн хэрэгжсэн гэж үзэж байгаа. Төсөлд оролцогч талууд маш эрч хүчтэй хамтарч ажилласаны үр дүнд амжилттай хэрэгжсэн. Цаашид төсөл маань үргэлжилнэ гэж бодож байна.
Эх сурвалж: МҮХАҮТ
1 цагийн өмнө
3 цагийн өмнө
5 цагийн өмнө
5 цагийн өмнө
Өчигдөр
87365
30396
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.