Дүүрэг бүрт жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв барина

2018-05-4 Эдийн засаг
 МҮХАҮТ, Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газартай хамтран ‘Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2018’  олон улсын үзэсгэлэн худалдааг 05 дугаар сарын 17-ноос 20-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд зохион байгуулна. Энэ удаагийн үзэсгэлэнгийн талаар Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

– Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдааны энэ жилийн онцлог, хэчнээн аж ахуйн нэгж оролцох вэ? МҮХАҮТ-тай ямар чиглэлээр хамтран ажиллах вэ?

– Манай байгууллага МҮХАҮТ-тай хамтран 21 дэх удаагаа жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийн олон улсын үзэсгэлэн, худалдааг зохион байгуулж байна.

Үзэсгэлэн худалдаа нь үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүн борлуулалтыг дэмжин, үйлдвэрлэгч хоорондын бизнесийн санаа сэдлийг хөгжүүлэх олон талын ач холбогдолтой.

МҮХАҮТ-аар дамжуулан олон улсын үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдээ оролцуулах, бүтээгдэхүүн, үйлчилгээг нь гадаадын зах зээлд санал болгох, бараа бүтээгдэхүүнийг нь сурталчлан борлуулдаг.

Мөн манай газраас жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих, тэдэнтэй ойр ажиллах үүднээс Улаанбаатар хотын дүүрэг бүрд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих борлуулалтын нэгдсэн төвийг барихаар төлөвлөж байна. Ингэснээр  жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн бизнесийн удирдлага, менежмент, маркетинг, технологи дамжуулах зэрэг чиглэлээр хамтарсан сургалт, зөвлөгөөн зохион байгуулах юм.

– Жижиг, дунд үйлдвэрлэлийг инновацийн чиглэлээр хэрхэн дэмжих вэ?

– Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг “Улаанбаатар инноваци хөгжлийн төв”-д бойжуулан сургалт, семинар, арга хэмжээнд хамруулж зөвлөгөө өгөн, бизнесийн үйл ажиллагаанд нь дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж байгаа.

Мөн үйлдвэрлэл эрхлэгчдийг нэгдсэн цахим сүлжээнд нэгтгэн, төр, хувийн хэвшил, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын олон талт хамтын инновацид түшиглэн хөгжүүлэх ажлыг эхлүүлээд байна.

– Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын инновацийн үйл ажиллагааг тодруулсан анхны туршилт судалгааны үр дүн ямархуу гарсан бэ?

– Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын инновацийн үр дүнг хэмжих, шинжилгээ хийх, шалтгаан нөхцөлийг илрүүлэн гаргах зорилгоор “SICA” ХХК судалгааны байгууллагаар “Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын инновацийн үйл ажиллагааг тодруулсан анхны туршилт судалгааны үр дүн”  хэмээх түүвэр судалгааг хийлээ.

Энэхүү судалгаанд Улаанбаатар хотын хувийн хэвшлийн нийт 300 аж ахуйн нэгж, байгууллагууд  хамрагдсан. Аж ахуйн нэгж байгууллагуудын 47.3 хувь нь инноваци гэсэн үгийн утгыг мэддэг гэж хариулсан нь байгууллагуудын инновацийн тухай мэдлэг муу байгааг харуулж байгаа юм. Мөн байгууллагын хэмжээ томрох тусмаа инноваци хэрэгжүүлэлтийн түвшин нэмэгддэг, инноваци хэрэгжүүлснээр байгаль орчинд эерэг нөлөө үзүүлдэг боловч инноваци хэрэгжүүлэхэд санхүүгийн бэрхшээл хамгийн их тулгардаг гэсэн дүгнэлт гарсан.

-Танайхаас гарааны бизнесийг дэмжих төв байгуулжээ. Бизнес эрхлэгчдийг хэрхэн хамруулах, ямар хэлбэрээр дэмжих вэ?

-“Улаанбаатар инноваци хөгжлийн төв” нь нийслэлийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн инновацийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

Гарааны бизнес эрхлэгчдийг бойжуулан төлөвшүүлэх инкубаторын үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх, төр, хувийн хэвшлийн хамтын оффисоор дамжуулан ижил төрлийн сонирхолтой бизнес эрхлэгчид хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх бөгөөд зохион бүтээгч энтрепренер, гарааны компани, гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран инновацийн үйл ажиллагаанд оролцогч талуудын хамтын арга хэмжээ, сургалт, семинар, мэргэжлийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх юм.

-Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үйлдвэрлэл технологийн паркуудыг байгуулах талаар тусгагдсан. Тухайлбал, Налайх, Багануур дүүрэгт баригдах паркийн Энэ хүрээнд танай газраас ямар ажлуудыг хийхээр төлөвлөөд байна?

-Улаанбаатар хотыг 2020 он хүртэлх хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад хот төлөвлөлтийн ерөнхий шийдлийг Улаанбаатарын бүс, Улаанбаатар хот гэж хоёр хэсэг болгон авч үзэж байгаа. Улаанбаатарын бүс нутгийн хүн ам нь дагуул хот, тосгодод жигд тархан байрлаж, тодорхой чиглэлийн үйлдвэр худалдаа, үйлчилгээг дагнан тэнцвэртэй хөгжүүлж, Монгол Улсын эдийн засагт чухал байр эзлэх бүс нутаг болон хөгжүүлэхээр тусгасан.

Энэхүү ажлын хүрээнд нийслэл Улаанбаатар хотын дагуул хот, тосгодыг түшиглэн үйлдвэрлэл технологийн паркуудыг бүтээн байгуулахаар төлөвлөж байгаа. Эхний ээлжид Налайх дүүрэгт барилгын материалын чиглэлээр, Хан-Уул дүүрэгт хөнгөн үйлдвэрийн чиглэлээр, Багануур дүүрэгт хүнд, хөнгөн, хүнс, ургамал нанобиотехнологийн чиглэлээр, Багахангай дүүрэгт Хөнгөн үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулахаар тодорхой ажлууд шат дараатайгаар хийгдээд явж  байна. Үйлдвэрлэл технологийн паркууд байгуулагдсанаар орчин үеийн байгаль орчинд халгүй дэвшилтэт технологи бүхий хүнс, хөнгөн, барилгын материал, ургамал нанобиотехнологийн чиглэлийн үйлдвэрүүд мөн жижиг, дунд үйлдвэрүүдийг хаяа, дагуул, хот, тосгодод байгуулан худалдаа үйлчилгээ, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, аялал жуулчлал тэнцвэртэй хөгжсөн, оршин суугчдын амьдралын ая тухтай орчинг бүрдүүлсэн, улсын эдийн засагт голлох байр суурьтай хот байгуулалт суурьшлын систем болгон хөгжүүлж 17500 орчим тогтвортой ажлын байр шинээр бий болгохоор зорьж байна.

Д.Эрдэнэсувд

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.