Ерөнхийлөгчийн сонгуулийн ерөнхий зураглал

2017-03-28 Ерөнхийлөгч

Хаврын чуулган төсвийн тодотголоор эхэлж, Ерөнхийлөгчийн сонгуулиар өндөрлөнө. Мэдээж энэ дунд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаас эхлээд далайц томтой ч гишүүдийн анхаарлыг төдийлөн татахааргүй олон асуудал бий. Чуулганы танхимд ховорхон морилдог эрхмүүд сунгааны сургаар чуулж, Төрийн тэргүүнд нэр дэвшигчийг нам дотроосоо сойхоор сэм хэлэлцэж эхэлжээ.  Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай улс төрийн хүчин нэр дэвшүүлэх эрхээ эдлэх бөгөөд бусад намууд дэмжиж, хамтарч сонгуульд оролцох хуультай. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН, АН, МАХН-аас гурван нэр дэвшигч тодрох учиртай. Эрх баригч намаас нэг хүнийг нэрлэж байгаа ч хөшигний ард олон нэрс цухалзах болов. Уг нь намын дарга Төрийн тэргүүний сунгаанд үзэж, түүний одоогийн суудлыг Ц.Нямдорж залгамжилж, дараа дараагийн томилгоо хийгдэж, Засгаа хүртэл ээлжлэн барихаар тохиролцсон гэдэг. Гэвч энэ тохиролцоо 100 хувь дэмжигдээгүй аж.

Ер нь ч аливаа асуудал тэр дундаа улс төрийн түвшин дэх албан тушаалын наймаа бүрэн дэмжлэг хүлээх нь ховор үзэгдэл. Тиймдээ ч санал нь дэмжигдээгүй нөхөд гоморхож, зарим тохиолдолд үгэндээ үзүүр залгаж, сэлэм эргүүлэх нь ч бий. Энэ жишиг ах намд ч давтагдахаар нөхцөл байдал бий болжээ.“Монгол тулгатны 100” эрхэм нэвтрүүлэгт оролцсон Б.Бат-Эрдэнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаагаа эхлүүллээ хэмээн зарим нь хардаж буй. Өмнөх Төрийн тэргүүний сунгаанд хүч үзэж, хамраараа тасдуулсан түүнд даагаа нэхэхэд болохгүй зүйлгүй ч гэх нь бий. Зүлэг ногоон дэмжээнээ хүч үзэн барилдаж, олны хүндэтгэлийг хүлээсэн дархан аваргадаа ард түмэн ам сайтай. Гэхдээ Төрийн тэргүүндээ залах, хайрлан хүндэтгэх хоёрт зааг гэж бий. Нөгөөтэйгүүр, нам дотроосоо дэмжлэг хүлээх нь эхний алхам.  Магадгүй өмнөх шиг зөөлөн боорцогтой тулахгүй байж ч мэдэх л юм. Аваргаас гадна Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингийн нэр цухалздаг. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлж, нам дотроосоо өрсөлдсөн ч Б.Бат-Эрдэнэд далаараа тавиулсан. Магадгүй түүнээс хойш эв эеийг эрхэмлэн сахидаг намд гал өрдөж, хаяахан бөмбөг дэлбэлж суудаг болсон гэхэд хилсдэхгүй биз. Тулгатай, буурьтай, ноён нуруутай гээд олон сайхан үгс түүнийг дагалддаг ч хүрээлэл нь хумигдмал, олонд зүслэгдээгүй нэгэн. Хэдийгээр энэ удаад дахин танхимаас нэр дэвшиж болох ч Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөхөөр эрс шийдсэн намын даргаа давж гарах амаргүй байх болов уу. Парламентад үнэмлэхүй ялалт байгуулж, бүдүүн бүлэгтэй болсон ах намаас хэн ч нэр дэвшсэн нийгэмд цахиур хагадж мэднэ. Амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэх хүн лав л М.Энхболд биш.

Харин АН-ын хувьд, шинэчлэгдэж байгаагаа гайхан шагших удирдлагуудтай, нуухыг нь авах гээд нүдийг нь сохолчихсондоо халаглах гишүүдтэй болсон тэд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ нам дотроо сунгаа явуулж эцэслэнэ. Тэрхүү сунгааг хэдэн төгрөгөөр үнэлж, хэр хэмжээний зоосны босго тавихыг одоогоор таашгүй.

Уг нь Ц.Элбэгдоржийг залгамжилж, хуулийн байгууллагыг хүссэнээрээ хөдөлгөх хүсэлтэй байгаагаа Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл нар ил цагаан зарлачихсан. Цагийн сайханд цалгиж явсан Н.Алтанхуягийн үүднээс ардчиллынхан салдаггүй байлаа. АН-ыг 16 жилийн дараа ялалтад хүргэж, шинэчлэлийн Засгийн газрыг тэргүүлсэн түүнийг нэг л өглөө намынхан нь дэвсэлж, гудамжинд хөөгөөд гаргасан. Хийсэн ажилтай, хэлэх үгтэй хэмээн өөрийгөө тодорхойлдог тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдвөл ялалт байгуулах боломжтой гэдгээ ч нуудаггүй гэхэд болно. Үнэхээр ч түүнд тийм боломж байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ намынхан нь түүнд тэр боломжийг тийм ч хялбар олгохгүй нь бодит үнэн.

Уг нь АН дотооддоо биш гадагшаа ямар харагдахаа тооцоолох учиртай. Гэвч одоогоор энэ талаар бодох сөхөөтэй хүн алга. Дэнчингийн мөнгөөр туургаа нэмж, шат шатны сонгуулийг зохион байгуулаад ялагдлаа ч мартан сонирхолтой амьдарч байгаа гэхэд хилсдэхгүй. Юутай ч ирэх тавдугаар сарын эхэн хүртэл энэ намынхан Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар ам ангайхгүй.

Гэхдээ Э.Бат-Үүлээс эхлээд Төрийн тэргүүнд өөрийгөө өргөмжилсөн эрхмүүдийг хорьж дийлэхгүй болов уу. Хотын даргаар ажиллаж байхдаа хийж бүтээсэн зүйл ихтэй гэж мөн л өөрийгөө тодорхойлдог. Гэвч олны ам тийм ч таатай бус. Харин түүний оронд чимээгүй отож суугаа Р.Амаржаргалыг олон нийт илүү сайнаар хүлээж авах магадлалтай. Үзэл баримтлалдаа үнэнчээ батлахын тулд УИХ-ын гишүүнээсээ хүртэл татгалзах хүсэлт гаргасан нь ёстой л түүнийг like-нд булуулсан. Одоогоор АН-д байгаа хамгийн “цэвэр” хүн. Тиймээс МАН-ын эсрэг ашиглаж болох хамгийн сайн хөзөр. Р.Амаржаргалаас гадна Х.Баттулгын нэр ч чих дэлсдэг. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн сүүлийн дугаар ч үүнийг бататгасан гэх. Ямартай ч АН доторх фракц бүрээс нэг эрхэм Ерөнхийлөгчийн сонгуулийн нам доторх сунгаанд өрсөлдөх бололтой. Харин “Шонхор” үүрэндээ хэнийг бөөцийлнө тэр эрхэмд илүү дээгүүр нисэх боломж олдох буй за.

МАХН-аас хэн нэр дэвшихийг Н.Энхбаяр мэднэ. Ганц хүний мэдэлд гэх тодотголтой эл намаас хэд хэдэн хувилбар яригдах болжээ. Уг нь намын даргын туйлын хүслэн нь Ерөнхийлөгч болох. Гэвч хууль гэх мангасын өмнө хүчин мөхөсдөж, хүсэл мөрөөдлөө ч хойш тавихаас аргагүй болсон аж. Иймээс тэрбээр энэ удаад Ц.Оюунбаатар яригдаж эхлэв. МАХН Засгийн хаяа түших үед Шадар сайдаар ажиллаж байсан эл эрхэм намын даргынхаа баруун гар нь байв. Иймээс О.Баасанхүүг бодвол чих зөөлөнтэй, нөгөөтэйгүүр, намын даргын үгийг сөрөөд байхааргүй нөхөр. Мөн Н.Удвал бий. Гэхдээ 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүнг харвал тэр ахихгүй нь тодорхой. Иймээс эцсийн гаргалгааг Ц.Оюунбаатараар тогтож, орой бүр телевизээр гаргах болсон бололтой юм. Гэхдээ С.Ганбаатар МАХН-аас нэр дэвших сонирхолтой байгаагаа хэвлэлээр дайж эхэлсэн. Улмаар тус намын удирдлагуудтай уулзах хүсэлт ч илгээгээд байгаа аж. Гэхдээ экс Ерөнхийлөгчийн ивээлд багтах эсэх нь эргэлзээтэй.

Л.Нинж

 

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.