Монголд гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын тайлангуудыг ОХУ-аас хүлээн авлаа

2018-03-21 Байгаль орчин

Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд 1950-1990 онуудад гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын ОХУ-ын “Росгеолфонд”-д хадгалагдаж байгаа тайлан, материалуудын эхний хэсгийг Монголын талд шилжүүлсэн байна. Өнөөдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэхүү тайлан материалыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт хүлээлгэн өгсөн юм.

Хоёр орны геологийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд олон жил яригдаж, өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй байсан геологийн судалгааны ажлын тайлан, материалыг ийнхүү хүлээн авсандаа сайд Д.Сумъяабазар талархаж буйгаа хэллээ. Тэрбээр “Монгол орны нутаг дэвсгэрт хуучнаар ЗХУ-ын геологийн экспедициүд гүйцэтгэсэн геологийн судалгааны тайлангуудыг тухайн цаг үеийн нөхцөл байдлаас болж Улсын геологийн фондод тушаагдаагүй байсан. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон холбогдох газрууд ОХУ-ын холбогдох байгууллагуудтай хамтран ажилласнаар тухайн тайлан, материалуудыг өнөөдөр хүлээн авч байна.

Эдгээр тайлан, материалууд нь Монгол улсын геологийн мэдээллийн санд орсноор манай улсын геологийн ашигт малтмалын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах нь дамжиггүй бөгөөд Монгол орны геологийн шинжлэх ухаан, эрдэс түүхий эдийн салбарт үнэлгээ өгөхөд чухал мэдээлэл болно” гэв. Мөн УУХҮ-ийн сайд

эдгээр тайлан материалууд нүүрс, газрын тос, алт, жонш, уран зэрэг олон арван ашигт малтмалын чиглэлээр мэдээллийн санг арвижуулан баяжуулсан, эрдэс баялгийн түүхий эдийн сан хөмрөгийг нэмэгдүүлсэн, эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн үед геологийн салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах нөхцөл бүрдүүлсэн түүхэн ач холбогдолтой арга хэмжээ болж байгааг онцлон хэлсэн юм.

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.