Хаягдал баттерей цуглуулах хайрцаг бүтээх уралдаан зарлав

2018-03-6 Байгаль орчин

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Ерөнхий боловсролын сургуулиудын дунд, ахлах ангийн сурагчдыг байгаль дэлхийгээ хамгаалах үйлсэд уриалан дуудаж, цаашлаад гэр бүлийнхэндээ эх дэлхийгээ хайрлах, хамгаалах үйлсийг түгээн, таниулах зорилготойгоор “Ногоон пасспорт” санаачилгыг эхлүүллээ. Энэхүү санаачилгын хүрээнд сурагчид эко клуб байгуулан нэгдэж, жилд байгаль хамгаалах чиглэлээр 12 ажил хийх юм байна. Сурагч бүрт олгогдох “Ногоон пасспорт” нь 12 хуудастай байх ба хийсэн ажлынхаа тоогоор хүүхдүүд хуудастаа тэмдэглэгээ хийлгэж, жилийн эцэст дүгнүүлэх аж.

Энэхүү санаачилгын хүрээнд БОАЖЯ, тус яамны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн байгаль орчны газартай хамтран ерөнхий боловсролын сургуулиудын дунд, ахлах ангийн сурагчдын дунд “Хаягдал зай цуглуулах хайрцагны загвар зохион бүтээх уралдаан” зарлаж байгаагаа хэвлэлийн бага хурал зарлан мэдээллээ. Энэ талаар БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн захирал Г.Номин хэлэхдээ “Ногоон пасспорт” санаачилгын хүрээнд зарлаж буй энэхүү уралдаанд Нийслэлийн Ерөнхий боловсролын дунд, ахлах ангийн сурагчид эко клуб байгуулан оролцох боломжтой. Хүүхдүүд маань хаягдал зай цуглуулах хайрцаг хийснээрээ бусдадаа хогоо ангилж хаях дадал, зуршлыг бий болгох эхлэлийг тавьж байгаагаараа онцлог юм. Уралдаанд оролцох бүтээлийг 2018.03.15-ны өдрийн 17.30 цагаас өмнө БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд хүлээн авч, ажлын хэсэг 1, 2 болон тусгай байрыг шалгаруулна. I байрт орсон клуб 1 сая, II байр эзэлсэн клуб 500 мянган төгрөг, III байр эзэлсэн клуб тусгай шагнал хүртэнэ. “Ногоон пасспорт” санаачилгад нэгдэж, идэвхитэй оролцсон 1 эко клубыг жилийн эцэст ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг гадны улсын эко клубын туршлагатай танилцуулах үйл ажиллагааг зохион байгуулахаар бэлтгэж байгаа. Үүнээс гадна эко клубын хүүхдүүд маань “Ногоон пасспорт” санаачилгын хүрээнд ямар ажил хийхээ өөрсдөө тодорхойлох бөгөөд энэ сарын 17-нд “Олон улсын хүүхдийн Найрамдал” төвд болох Эко клубуудын чуулга уулзалтаар өөрсдийн дуу хоолойг, шийдвэр гаргах түвшнийхэнд хүргэх боломж нээгдэх юм” хэмээсэн.

Энэхүү санаачилгыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу хүүхэд залуусын хүмүүжил, төлөвшилд эергээр нөлөөлөх бодлогын хүрээнд байгаль хамгаалах ажилд бүх нийтийн оролцоог хангах, ёс заншлаа дээдэлсэн, байгальд ээлтэй зөв дадлыг төлөвлшүүлэх ажлын хүрээнд эхлүүлж байгаа юм байна. Тэрбээр байгаль орчин, аялал жуулчлалын салбарт “Хандлагаа өөрчилье” багц ажлыг эхлүүлэх бөгөөд өсвөрийн байгаль хамгаалагчдыг бэлтгэх “Ногоон пасспорт” санаачилга нь нэгээхэн хэсэг нь юм.

Эх сурвалж: БОАЖЯ

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.