Дэлхий дээрх 180 гаруй улсаас ердөө 12 улсад банкны зээлийн хүү нь 20 хувиас давсан байдаг. Мадагаскар, Малави, Уганда тэргүүтэй хоцронгуй хөгжилтэй, үргэлжийн гэмээр хямралд байдаг, ард иргэд нь өр, зээлийн дарамтанд нэрвэгдсэн энэ бүлэг улсын нэг нь Монгол Улс юм. Манай улсын хөгжлийн хоцрогдол, ард түмний ядуурал, 3-4 жилийн мөчлөгтэйгөөр тогтмолжсон эдийн засгийн хямралын суурь шалтгаан нь банк, санхүүгийн гаж тогтолцоо түүнээс үүдэлтэй хэт өндөр, дунджаар 24-36 хувьд хүрсэн зээлийн хүү юм. Энэнь ердөө бид монополжсон банк, санхүүгийн зах зээлээ чөлөөт, өрсөлдөөнт зах зээл хэмээн эндүүрч зах зээл өөрөө зохицуулчина хэмээн хийрхэсээр буйн уршигт үр дагавар юм.
Дэлхийн улсуудын дийлэнхи олонхи хөгжлийнхөө түүхэнд банк, санхүүгийн зах зээл дахь хэт өндөр зээлийн хүүд Зээлийн хүүгийн мөлжлөгийн эсрэг хууль (Usury Law), Зээлийн хүүгийн хязгаар (credit rate cap) Хэрэглэгчийг хамгаалах акт (Consumer protection act) гээд ямар нэг хэлбэрийн хязгаар тогтоосоор ирсэн ба өнөөдөр Япон, Америк, Герман, Франц, Англи, Энэтхэг, Бангладеш, Солонгос, Хятад, Тайланд, Вьетнам зэрэг 76 улсад төрөөс зохицуулалттай зээлийн хүүгийн хязгаар үйлчилж байна.
Тэгвэл бид өнөөдөр Монголын хөгжлийн тушаа болсон, ААН-үүд, ард иргэдийг туйлдуулсан хэт өндөр зээлийн хүүг хэрхэн бууруулах вэ? Үнэндээ бол нэг их хэцүү биш л дээ, гол асуудал эдийн засгийн биш улс төрийн гарц, гаргалгааг л олход оршино. Эрх ашгийн бүлэглэлүүд, Монгол Банк болоод арилжааны банкнуудын хамтарсан лобби саадыг даван туулах л хамгийн том даваа юм.
Зээлийн хүүг бууруулхад хамгийн үр дүнтэй байх хоёр арга бий. Хамгийн хялбар бөгөөд шууд хэрэгжүүлэн үр дүнг нь хүртэх арга нь банк, санхүүгийн зах зээл дахь зээлийн хүүг төрийн хууль тогтоомжоор хязгаарлах юм. Хүүгийн хязгаарыг төв банкны бодлогын хүү дээр тулгуурлан 4-8 хувиар өндөр байхаар тогтоох нь ихээхэн түгээмэл хэрэглэгддэг механизм. Тухайлбал Франц, Энэтхэг, Хятад зэрэг улсууд энэ аргыг амжилттай хэрэгжүүлсэн.
Өнөөдөр жишээ нь Монгол банкны бодлогын хүү 11% байгаа үед банкны зээлийн хүүг бодлогын хүү дээр нэмэх нь 4-5% байхаар хуульчлахад зээлийн хүү 15-18%, түүнээс илүүгүй байхаар тогтоно гэсэн үг.
Олон улсын туршлагаас судлахад зээл олгогчийн зээлийн хүүгээс олж буй ашиг буюу бодлогын хүү, зээлийн хүү хоёрын зөрүү нь дэлхийн дунджаар 5% байдаг бол манайд өнөөдөр энэ зөрүү 13 хувь (24%-11%) байгаа нь хэт өндөр, мөлжлөгийн шинжтэй болж буй юм. Энэ зөрүү буюу банкнуудын олж буй ашиг Африкийн улсуудад 8-11% хувиас илүүгүй байгаа. Зээлийн хүүг хязгаарласан хууль гаргаад амжилттай хэрэгжүүлхэд төв банкны бие даасан, хараат бус байдал чухал бөгөөд арилжааны банкнуудын лобби, бүлэглэлийн ашиг сонирхолоос ангид байх ёстой. Зээлийн хүүг тогтооход харгалзан үзэх шаардлагатай нэгэн хүчин зүйл болох инфляц өнөөдөр манай улсад харьцангуй доор 5-6 хувь байгаа нь зээлийн хүүг хязгаарласан хууль гаргах тохиромжтой цаг үе гэж үзэж байна. Нөгөө талдаа зээлийн хүүг хуулиар хязгаарласнаар инфляцыг урт хугацаандаа тогтоон барих таатай орчин бүрдэх юм. Зээлийн хязгаарыг тогтооход хадгаламжийн хүү болоод зээлийн хүүгийн зөрүү зохистой түвшинд хадгалагдаж байх нь нэгэн чухал хүчин зүйл болдог. Тэгвэл бодлогын хүүтэй уялдуулан тогтоосон хязгаар нь санхүүгийн мөчлөгийн хөдөлгөөнд энэ зөрүүг хадгалах, мөн хадгаламж эзэмшигдэд ашигтай байх нөхцлийг бүрдүүлж өгдөг уян хатан бөгөөд цогц шийдэл юм.
Зээлийн хүүг бууруулах өөр нэг арга нь төрийн өмчийн (state owned), эсвэл нийтийн өмчийн (publicly owned) банк байгуулах замаар банкны салбарт буй монополийг задлах юм. Зээлийн хүүг бууруулах үндсэн зорилготой энэ банкны онцлог нь банкны ашиг гэхээсээ илүүтэй улсынхаа, үндэснийхээ эрх ашгийг удиртгал болгон ажиллана, ажиллах ёстой гэсэн үг. Гэхдээ энд яригдаж буй төрийн, эсвэл нийтийн эзэмшилд байх банкыг одоо манай төрийн мэдэлд байдаг улс төрийн намын, хувийн банк шиг үйл ажиллагаа явуулсаар ирсэн “Төрийн банк”-тай адилтган үзэж болохгүй.
Хэдийгээр төрийн мэдэлд буй гэх авч “Төрийн банк” нь энд яригдаж буй төрийн/нийтийн эзэмшлийн банкнаас огт өөр зарчмаар, хувийн банк шиг ажилладаг гэдгийг анхаарах хэрэгтэй.
Өнөөдөр Итали, Франц, Герман, Голланд, Швейцарь, Солонгос, Филиппин, Тайланд гээд дэлхийн 75 улсад төрийн өмчийн банк ажиллаж, хуучин социалист блокийн зарим амжилттай яваа улсуудын “нууц” нь төр нь банк, санхүүгийн зах зээлээ хяналтандаа байлгадаг, гол гол банкууд нь төрийнх нь мэдэлд байгаа нь анхаарал татахгүй байхын арга үгүй. Үүн дээр цөөн хэдэн хувь хүмүүсийн бус харин ард нийтийн өмчлөлд байдаг нийтийн эзэмшлийн банкуудын үүрэг ролийг нэмвэл бидний банк санхүүгийн талаархи ойлголт, төсөөлөлд тун их өөрчлөлт орох болно.
Манай зах зээлд ноёрхож буй дөрвөн том банк, бусад жижиг банкуудыг оролцуулаад арилжааны 14 банкны нийт актив нь 27.7 их наяд төгрөг байгаа бөгөөд үүний 24.4 хувийг буюу 6.75 их наяд төгрөгийг төрийн зээл бүрдүүлж буй юм. Мөн банкны пассив талд нь засгийн газрын хадгаламж болох 1.8 их наяд төгрөг байгаа нь банкны зээлийн эх үүсвэрийн 8 орчим хувийг бүрдүүлж байна. Арилжааны банкуудын хувьд ААН-үүдэд зээл өгөх дургүй, өгөхдөө өндөр хүүтэй зээлдүүлдэг нь эрсдэлгүй зээлдэгч болох төр, засгийн газарт олгосон зээлнээс их ашиг олж өөр зээл олгох эрэлт, хэрэгцээ үүсдэггүйд байгаа юм. Дунджаар 11-18 хувийн хүүтэй Засгийн газрын үнэт цаас (ЗГҮЦ), 12 хувийн хүүтэй Төв банкны үнэт цаасны (ТБҮЦ) төлбөр, мөн засгийн газрын хадгаламжаас бий болдог өгөөжийг оруулан тооцвол төрөөс арилжааны банкуудад жилдээ 1-1.3 их наяд төгрөгийн орлого оруулдаг аж. Төртэй хийж буй бизнес нь арилжааны банкнуудын, ялангуяа монопол хэмжээнд хүрсэн 4 том банкны жилдээ олдог 300-550 тэрбум төгрөгийн ашгийн үндсэн эх үүсвэр юм. Банкны секторын өндөр ашиг орлогын цаана золиос, хохирол байдаг.
Гэхдээ хувийн компани ашгийн төлөө л явна, буруу зүйл үгүй. Харин манай банкны тогтолцоо, бүтцэд алдаа, гажуудал байна. Энэ алдааны золиос нь Монголчууд бид өөрсдөө. Манай төрийн бодлого хөгжлийн түүчээ болсон үйлдвэрлэлийн салбараа (production sector) бус харин үйлдвэрлэлийн бус (non-production, financial sector), мөнгө зээлээр өгсөн хөлснөөс ашиг хийдэг банкны салбараа хэт дэмжсээр ирсэн нь өнөөгийн ядуурал, хөгжлийн хоцрогдлын шалтгаан.
Гэвч төрд өнөөдөр энэ алдаагаа засаж асуудлыг шийдэх бүрэн нөөц бололцоо, чадамж байгаа. Төрийн мэдлийн эсвэл хувьцаа нь нийтэд, Монгол улсын иргэдэд арилжаалагддаг банк байгуулах бөгөөд энэ банк нь үйл ажиллагааны зардлаа нөхсөн, тодорхой хэмжээний ашигтай ажиллана. Харин хэт өндөр 18-30% хүртэлх хүүтэй зээл олгохоос татгалзаж, өндөр хүүтэй зээлээс олж болох ашиг нь зээлдэгчдэд, банкны харилцагчдад бага, 8-15 хувийн хүүтэй зээл болж очих юм. Төрийн зүгээс эн тэргүүнд одоо арилжааны банкуудад хадгалуулж буй 1.8 их наяд төгрөгийг энэхүү шинээр байгуулагдах Төрийн/нийтийн мэдлийн банкинд (одоогийн эрх баригч намд харьяалагддаг “Төрийн банк” биш) шилжүүлэн үйл ажиллагааных нь эх үүсвэр болгоно. Дараалаад ТБҮЦ болоод ЗГҮЦ-ыг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн төрийн/нийтийн мэдлийн банкинд давуу эрхтэйгээр арилжаалхад л хангалттай. Өнөөдөр төрөөс арилжааны банкуудад орлого, ашиг болон очиж буй 1-1.3 их наяд орчим төгрөгийн төлбөрийн нэгээхэн хэсэг л энэ төрийн/нийтийн банкыг ашигтай ажиллаад, зээлийн хүүг олон улсын түвшинд харьцуулахуйц хэмжээнд бууруулхад хангалттай эх үүсвэр болох юм. Төр, засаг хэнээс зээл авах, хөрөнгөө хаана байршуулах, яаж зарцуулахаа өөрийн эрх ашигт нийцүүлэн шийдэх эрхтэй байх ёстой. Бизнесээ дэмжсэн зээл олгох, улсаа хөгжүүлэх үндсэн зорилготой шинэчлэн боловсруулсан дүрэм, зарчмаар ажиллах төрийн/нийтийн өмчийн энэ банк зах зээлд өрсөлдөөнийг жинхэнэ утгаар нь бий болгож монополийг задалснаар банк, санхүүгийн зах зээл дахь зээлийн хүү буурах нь дамжиггүй.
Хямд найдвартай зээл улс орны хөгжлийн гол хөшүүрэг болдог. Тиймээс дэлхийн бүх л улс орнуудад зээлийн хүүг төрөөс нь зохицуулсаар иржээ. Зээлийн хүүг хуулиар хязгаарлах, эсвэл төрийн/нийтийн банк байгуулах, аль нь ч үр дүнгээ өгөх шийдлүүд. Өнөөдөр манай УИХ-ын нэр бүхий гишүүдээс “Зээлийн Хүүг Хязгаарлах болон Мөнгө Хүүлэлттэй Тэмцэх Тухай” хууль санаачлан ажиллаж байгаа нь тун сайшаалтай хэрэг бөгөөд дэмжигдэн батлагдвал манай улсын хөгжил дэвшилд томоохон хувь нэмэр болох юм.
Эдийн засагч Х.Батсуурь
87365
30395
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.