Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг болов

2017-03-22 Байгаль орчин

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд манай улс холбогдох тайлан илтгэлийг тодорхой хугацаанд боловсруулж Конвенцийн Талуудын бага хуралд хүргүүлэхээс гадна уг тайлан илтгэлүүдийг боловсруулах явцад гарсан үр дүн, зөвлөмжийг улс үндэсний болон салбарын хөгжлийн бодлогын бичиг баримтуудад тусгадаг.

Өмнө нь манай улс Конвенцийн хэрэгжилтийн тухай анхдугаар болон хоёрдугаар тайлан илтгэлийг 2001 болон 2010 онд тус тус боловсруулан гаргасан.

Одоо Конвенцийн хэрэгжилтийн гурав дахь тайлан илтгэл, нэмэлтээр хоёр жил тутмын хүлэмжийн хийн ялгаралт, шингээлтийн тайлан илтгэлийг боловсруулах ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчин, уур амьсгалын сангийн төсөл хэрэгжүүлэх нэгжээс зохицуулан гүйцэтгэж байна. Эдгээр Үндэсний тайлан илтгэлүүдийн эцсийн төслийг оролцогч талуудад танилцуулж, хэлэлцүүлэн шинээр гарах саналыг тусгаж сайжруулах зорилго бүхий үнэлгээний хэлэлцүүлгийг энэ сарын 21-ний өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт холбогдох яам, агентлаг, Нийслэлийн Засаг даргын тамгийн газар, судалгаа шинжилгээний хүрээлэн, их сургуулиуд, хувийн хэвшлийн нийт 70 гаруй төлөөлөл оролцов.

Хэлэлцүүлгийн явцад Конвенцийн хэрэгжилтийн үндэсний тайлан илтгэлүүд нь Конвенцийн нарийн бичгийн дарга нарийн газарт өргөн барихад тавьдаг шаардлага, зааврыг хэр хангасан, тайлан илтгэлүүдэд орсон мэдээ, баримт хэр үнэн зөв, үндэслэлтэй байна, гаргасан зөвлөмж улс орны хөгжлийн бодлоготой хэр зэрэг уялдан нийцэж байгаа зэрэгт хариулт өгөх чиглэлээр санал солилцов.

Үндэсний илтгэлүүдийг зургадугаар болон арванхоёрдугаар сард сард НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн Талуудын бага хуралд өргөн барихаар төлөвлөөд байна.

ЭХ СУРВАЛЖ: БОАЖЯ

Өнөөдрийн онч үг

44 минутын өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.