Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшинээр ахлуулсан ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг тэргүүтэй Шуурхай бүлэг баруун болон төвийн аймгуудын өвөлжилт, орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, аймаг, орон нутагт тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, гамшгаас хамгаалах албадыг шалган үүрэг чиглэл өгөхөөр орон нутагт ажиллаж байна.
Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин Ховд аймагт хуваарилсан өвс, тэжээлийн эхний ээлжийн цувааг аймгийн Онцгой комисст 2018 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр хүлээлгэн өгмөгцөө Онцгой комиссыг хуралдууллаа.
Ховд аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Д.Галсандондогийн мэдээлснээр, тус аймаг 15125 малчинтай, 6863 малчин өрхтэй, 2017 оны жилийн эцсийн дүнгээр нийт 3,6 сая малтай. Тус аймагт 1,2 сая төл хүлээж авчээ. Бүх төл малыг вакцинжуулж амжсан байна. Сүүлийн өдрүүдэд өдөртөө 22-30 градус, шөнөдөө 40 градус давж хүрч цочир хүйтэрч, 28 мянга шахам мал хорогджээ.
Засгийн газрын 30 сая төгрөгийн санхүүжилт дээр ЗДТГ 15 сая төгрөг нэмж аймгийн аюулгүйн нөөцөд 200 тн өвс, 50 тн тэжээл бэлтгэсэн. Мөн аймаг, сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг нөхөн бүрдүүлэхэд зориулж төсвийн тодотголоор Ховд аймагт 307,5 сая төгрөг олгосны 250 сая төгрөгөөр өвс худалдаж авсан байна.
Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, хошууч Б.Алтанбадралт “Манай аймагт өвсгүйн зуд болж байна” хэмээн онцлов. Цас орж эхэлсэн цагаас малчид нөөцөлсөн өвсөө малдаа тавьж өгөөд дуусгасныг илтгэв.
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Өнгөрсөн зун гантай байсан учраас Засгийн газар шат дараатай арга хэмжээ авч ажилласан. З0 сая, дараа нь 307 сая төгрөгийг өвс, тэжээлд зориулж Ховд аймагт шилжүүлсэн. Монгол Улс 66,2 сая мал тоолсон амжилттай яваа ч одоо бид малынхаа тоонд бус чанарт анхаарах шаардлагатай болсныг өвөлжилт хүндэрсэн энэ жил бид бодох ёстой” хэмээлээ. Б.Батзориг сайд ХХААХҮ-ийн сайдын тушаалаар мах, өөх, бүдүүвтэр ноосны чиглэлээр хонины “Сутай” шинэ үүлдэр гаргасан Ховд аймгийн ЗДТГ-т батламж гардуулан баяр хүргэлээ.
ЭМЯ-ны Тусламжийн газрын мэргэжилтэн М.Оюунчимэгийн мэдээлснээр, Ховд аймагт отроор нүүсэн айл өрхүүдэд 5 нярай, жирэмсэн эх байгаа аж. Шаардлагатай тохиолдолд тэдэнд эм, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх онцгой бэлэн байдлыг бүрдүүлэн ажиллахыг аймгийн Онцгой комиссоос хүслээ. Ховд аймаг эх, хүүхдийн эндэгдэл өндөр аймгийн тоонд орсныг Улсын Онцгой комисст мэдэгдэв.
Шадар сайд Ө.Энхтүвшин “Цаг агаар хүйтэрч, нөхцөл байдал улам хүндэрч байгаа энэ өдрүүдэд Улсын Онцгой комисс болон аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хурлыг аймгуудад явуулж, газар дээр нь шийдэх асуудлыг шийдээд явж байна. Бид зудыг, бэрхшээлийг хамтдаа даван туулна. Хойшид ч ирэх өвөл хүнд болно гэсэн төлөвлөгөөгөөр жил бүрийн өвөлд эртнээс бэлдэж байх нь чухал. Өвс, ус, бэлчээрийнхээ даацад нийцэж малаа өсгөмөөр болжээ гэдэг нь мал аж ахуйн гарцаагүй шийдэл юм. Аварга, шилдэг малчнаар мал сүргийнхээ чанарыг сайжруулсан хүнийг л шалгаруулах нь зүйтэй” гэв.
Шадар сайд Ө.Энхтүвшин Улсын Онцгой комиссын даргын хувьд аймгийн Онцгой комисст хандан “Отроор Ховдоос Говь-Алтай, Увс аймгуудад бараг сая шахам малтай 300-гаад өрх айл өвөлжиж байгаа. Та бүхэн тэднийгээ эргэ, тусалж дэмж. Байгаа зүйлээ аваад очоорой. Сэтгэл санааг нь өргөөд өгөхөд хэчнээн урамтай билээ” хэмээлээ.
Засгийн газрын нэгдүгээр сарын 19-ний хуралдаанаар шийдсэний дагуу Улсын нөөцөөс Ховд аймагт 400 тонн өвс хуваарилсныг 180 тонноор, 250 тонн тэжээл хуваарилсан байсныг 100 тонноор нэмэгдүүлэхээр Шадар сайд Ө.Энхтүвшин шийдлээ.
Шадар сайд Ө.Энхтүвшин Ховд аймгийн Засаг даргатай гэрээ байгуулав
Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр (2018.01.27) Ховд аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Засаг дарга Д.Галсандондогтой 2018 онд хамтран ажиллах гэрээ байгуулан гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Шадар сайд 21 аймгийн Засаг дарга нартай гэрээ байгуулж, хийж хэрэгжүүлэх ажил, үйлчилгээг тодорхой болгон гарын үсэг зурдаг. Шадар сайд энэ удаа Онцгой комиссын даргын хувиар орон нутагт ажиллаж байхдаа Засаг дарга нартай ажлын байран дээр нь гэрээ байгуулж байгаагаараа онцгой болж байна.
Шадар сайд Ө.Энхтүвшин одоогийн байдлаар Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгийн Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээ байгуулаад байна гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.