У.Хүрэлсүх: “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ

2018-01-19 Засгийн газар

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИх-ын чуулганы хуралдаанд хийсэн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.


УИХ-ын дарга аа,

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хүн амын эрүүл мэнд, амь насанд аюул учруулж буй элэгний С вирусын халдварын голомтыг 2020 он гэхэд устгаж, элэгний хорт хавдрыг эрт илрүүлж, элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтыг эрс бууруулах, элэг шилжүүлэн суулгах мэс заслыг иргэдэд санхүүгийн дарамтгүйгээр эх орондоо хийхзорилготой“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар та бүхэнд танилцуулъя.

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолоор батлан, хөтөлбөрийг дараах зургаан чиглэлээр хоёр үе шаттай хэрэгжүүлж байна:

· удирдлага, зохион байгуулалт;

· санхүүжилт, хөрөнгө оруулалт;

· эмнэлгийн тусламж үйлчилгээ;

· эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах;

· эрдэм шинжилгээ, судалгааны ажил;

· иргэдэд зориулсан сургалт, сурталчилгааны ажил.

Хөтөлбөрийн эхний шатанд эрсдэлт бүлгийн хүн ам болох 40-65 насны иргэдийг хепатитийн В, С вирус илрүүлэх шинжилгээнд, вирусийн халдвартай хүмүүсийг эмчилгээнд хамрууллаа.

Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, мэргэжлийн нийгэмлэг, холбоод, төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий олон салбарын оролцоотойгоор хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Олон салбарын төлөөлөл бүхий Ажлын хэсэг нь хөтөлбөрийн хэрэгжилтийг үндэсний түвшинд удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж, тулгамдсан олон асуудлыг аймаг, дүүргийн болон бусад холбогдох байгууллагатай хамтран шийдвэрлэж байна.

Юуны түрүүнд иргэдэд санхүүгийн дарамтгүйгээр оношилгоо, эмчилгээний асуудлыг шийдвэрлэхээр зорин ажиллаж байна. Үүний тулд Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамруулах журам” боловсруулж, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор хепатитийн В, С вирусийн шинжилгээ, С вирусийн идэвхжлийг тогтоох шинжилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлсэн.

Өрх, сумын эрүүл мэндийн төвд хепатитийн В, С вирус илрүүлэх шинжилгээг, сонгон шалгаруулалтад тэнцсэн 22 лабораторид С вирусийн идэвхжлийг тодорхойлох шинжилгээг тус тус хийсэн.

Эрүүл мэндийн даатгалын сангаас С вирусийн таван нэрийн эмийг хайрцаг тутамд нь 210,0 мянган төгрөгөөр, нэг курс эмчилгээний зардлыг үргэлжлэх хугацаанаас хамааран 630,0-нэг сая 260,0 мянган төгрөгөөр хямдруулан олгож байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас шинжилгээний зардалд 6,3 тэрбум төгрөг, С вирусийн эмчилгээний зардалд 9,6 тэрбум төгрөг зарцуулсан.

Хепатитийн В вирусийн эсрэг сайн дурын дархлаажуулалтад давхардсан тоогоор 90 гаруй мянган хүнийг мөн хамрууллаа.

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газар хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах, аливаа өвчлөлөөс эмчлэн эдгэрүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна. Тухайлбал Эрүүл мэндийн сайдын төсөв энэ онд 760,3 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оныхоос 9,5 хувиар нэмэгдэж байна.

Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, өрхийн төсөвт нь дэмжлэг үзүүлэх зорилгоор эх орондоо хийгдэж байгаа өндөр өртөгтэй мэс засалд зарцуулах төсвийг 2018 онд 44,6 тэрбум төгрөгт хүргэж, 17,4 хувиар нэмэгдүүлж байна. Үүний дотор эрхтэн шилжүүлэх мэс засалд шаардагдах төсвийг 4 дахин нэмэгдүүлж 2,8 тэрбум төгрөгт хүргэлээ.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай зарим тоног, төхөөрөмжийг хангах зорилгоор олон улсын түншлэгч байгууллагад хүсэлт гарган ажилласны дүнд центрафуг, сорьц зөөвөрлөх сав зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангалаа.

Вируст хепатитийн илрүүлэг, тандалт, оношилгоо, эмчилгээг сайжруулах төслийг боловсруулж, санхүүжилтийн дэмжлэг авахаар Азийн хөгжлийн банкинд хандан хүсэлтээ тавьж, хэлэлцэж байна.

Хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор эмч, мэргэжилтнүүдийг сургах, мэргэжил арга зүйгээр хангах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, иргэдэд зориулсан сургалт, сурталчилгааны олон төрлийн ажлуудыг төлөвлөн хэрэгжүүллээ. Мөн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн мэдээний цахим санг үүсгэж, зорилтот бүлгийн хүн амыг мэдээллийг оруулж байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр хүрч байгаа эхний үр дүнгийн талаар зарим тоо мэдээллийг та бүхэнд танилцуулъя. 2017 оны 12 дугаар сарын байдлаар эрт илрүүлэг үзлэгт 353,4 мянган хүн хамрагдаж, хамрагдалт 47,1 хувьтай байна. Шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн 8 хувьд нь В вирус эерэг, 16,5 хувьд нь С вирус эерэг үр дүн илэрсэн байна.

Энэхүү хөтөлбөрийн эхний шатны үр дүнг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн хепатитийн холбоо, Бразил улсын Засгийн газрын хамтран зохион байгуулсан “Дэлхийн хепатитийн дээд хэмжээний чуулган”-д танилцуулан туршлага солилцож, Монгол Улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн “Хепатитгүй ирээдүйн төлөө Манлайлагч” улсаар зарлагдсан.

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсээр харьцангуй багахан хугацаа өнгөрч байгаатай холбоотойгоор зарим алдаа дутагдал, бэрхшээлтэй зүйл гарч байгааг үгүйсгэхгүй. Иймээс Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны зүгээс Элэг бүтэн монгол хөтөлбөрийн хэрэгжилтийг улам эрчимжүүлж, үр дүнд хүргэхийн төлөө чармайн ажиллах болно.

Эрхэм гишүүд ээ,

Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хэрэгжилтийг цаашид улам эрчимжүүлж, тодорхой үр дүнд хүргэхийн тулд дараах зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд:

· 2018 онд 15-39 насны хүмүүсийг эрт илрүүлэг үзлэгт хамруулах;

· Хөтөлбөрийн эхний шатны үзлэг, оношилгоогоор В, С вирустэй илэрсэн хүмүүсийг элэгний хорт хавдрын эрт илрүүлэх үзлэгт хамруулах ажлыг эхлэх;

· “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн 2018-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг нарийвчлан, тодорхой боловсруулан гаргаж, хэрэгжүүлнэ.

· Даатгалын сангаас эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт 10,2 тэрбум төгрөг, элэгний С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээнд 4,9 тэрбум төгрөг, С вирусийн эмчилгээний эмийн хөнгөлөлтөд 18,4 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэхээр тооцож шаардагдах төсвийг баталсан.

· Эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй иргэд хепатитийн В, С вирусийн эрт илрүүлэг үзлэгт хамрагдаж чадахгүй байгаа тул иргэдийг эрүүл мэндийн даатгалд хамруулах ажлыг идэвхжүүлэх;

· Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт, сурталчилгааны ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулах;

· Аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагын эрт илрүүлэг үзлэгийн хүний нөөц, тоног төхөөрөмжийн чадавхыг нэмэгдүүлэх;

· Хепатитийн В вирусийн халдваргүй иргэдийг дархлаажуулалтад хамруулах санхүүжилтийг үе шаттайгаар шийдвэрлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж байгаа олон талын цогц бодлого, хөтөлбөрүүд үр дүнгээ өгч ард иргэдийн маань эрүүл мэнд, амьдралын чанар сайжирч, монголчуудын дундаж наслалт нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.