Байгалийн бүтээсэн гайхамшигт “эмнэлэг”

2017-03-7 Байгаль орчин

Цуврал 1

Нийслэлчүүдийн өдөр тутмын хэмнэл ажил, гэр гэсэн богино зайд эргэлдэж, хүмүүс агаар болон орчны бохирдол, хоол хүнс, стресс, компьютерийн дэлгэц ширтсэн суугаа ажил, зохисгүй хооллолт зэрэг олон шалтгааны улмаас өвчилж байна. Мөн өвчин хүндэрсэн тохиолдолд эмчид ханддаг, дур мэдэн эм тариа хэрэглэх хандлага түгээмэл байгаа юм. Уг нь өвчнөөс урьдчилан сэргийлж хэвших нь эдийн засаг, ирээдүйд ч хамгийн хэрэгтэй зүйл билээ. Үүнтэй уялдаж дэлхий дахинд рашаан сувилалыг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор түлхүү хөгжүүлж байгаа аж. Байгаль эхийн бүтээсэн, элдэв хачир нэмээгүй эх ундарга нь хүний биеийг аажмаар илааршуулах, аливаа өвчний эх үүсвэрийг устган зайлуулах онцгой увидастай байдаг. Энэ онцлогт тулгуурлан хүн өвчилсний дараа хүчтэй эм тариа хэрэглэх бус өвчлөхөөс өмнө байгалийн рашаан эмээр бие, хүч тамираа тордож байх хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөсөн байна. Мөн байгалийн сайхан нь хүний сөрөг энергийг үлдэн хөөж, эерэг эрчим хүч хуримтлуулан, бие сэтгэлийг амар амгалан болгож, эрүүлжүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг аж. Монгол оронд анагаах увидастай 250 орчим нуур, рашаан төст булаг байдаг байна. Эдгээрээс 16-д нь рашаан сувилал байгуулагдаж албан ёсоор үйл ажиллагаа явуулж буй юм. Та жил бүр шинжилгээнд хамрагдаж, мөн тодорхой давтамжтайгаар рашаан сувилалд амарч байгалиар эмнүүлж байвал тун сайн. Өөрт хэрэгтэй эмчилгээнээс хамаарч рашаан сувилалаа сонгох бололцоотой. Нэг зүйлийг анхааруулахад тухайн рашаан сувилалын эмчилгээ өөрт харшлах эсэхийг сайн судалсан байх хэрэгтэй. Тухайлбал, элэгний хавдартай хүн бүх төрлийн халуун эмчилгээ хийлгэхийг хатуу хориглодог. Зарим рашаан сувилалуудаас сонирхуулж байна.

Аварга тосон

Тус рашаан сувилал Улаанбаатараас 203 км-т Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт оршдог. Хэрлэнгийн хөдөө арал хэмээн алдаршсан эртний түүхт нутагт байдаг тул онцгой, содон давуу талтай юм. Тосон нуурын рашааны химийн найрлагад карбонат гидрокарбонат–хлорид, натри, калци агуулагддаг аж. Мөн хоёр ба гурван цэнэгт төмөртэй, нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаан байдаг. Энэ нь ходоодны архаг үрэвсэл, 12 нугалаа гэдэсний хүндрэлгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, нойр булчирхайн архаг үрэвсэл, бодисын солилцооны өвчин, төмөр дутсан цус багадалтыг эмчлэхэд тохиромжтой юм байна. Мөн судасны системд онцгой нөлөө үзүүлдэг байна.

Шаргалжуут

Шаргалжуутын халуун рашаан нь байгалийн өвөрмөц сонин тогтоц, анагааж эмчлэх чадвараар дэлхийд хосгүй рашааны нэгэнд тооцогддог аж. Тус сувилал нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт, Улаанбаатар хотоос 650 орчим километр зайтай. Шаргалжуутын гол руу түрж орсон Хатад хэмээх толгойн энгэрт байх боржин чулуунууд дундаас оргилон урсах халууны хэмжээгээр өөр хоорондоо ялгаатай 100 гаруй булаг рашаан ундаргаас бүрддэг. Энэхүү рашаан нь геотехникийн идэвхжлийн дулааны үйлдэлтэй холбоотойгоор, гүний усны хөдөлгөөн, хүчтэй даралт, халуун хүйтний орчинд тогтож боржин чулууны ан цаваар ундарч буй байгалийн нэгэн унаган төрхийг бодит байдлаар харуулсан өвөрмөц тогтоцтой юм. Шаргалжуутын рашаан бүр нь хүний биеийн эрхтнүүдийг зориуд урлан тавьсан мэт хэлбэр дүрстэй хад чулуун дундаас оргилон гардаг нь сонирхолтой. Жишээ нь хоолойн өвчнийг анагаах рашаан гэхэд хүний хоолойн хэлбэр дүрстэй, шүдний рашаан нь шүдний хэлбэр дүрс бүхий хаднаас ундран гардаг байна.
Рашааны үндсэн ундаргаас баруун урд орших рашаан нь 60 хэмийн халуунтай, хүхэрлэг шавартай тул рашааны болон шаврын эмчилгээг хослох боломжтой гэнэ.  Шаргалжуутын рашаан арьсан дахь мэдрэлийн судсыг цочроож мэдрэлийн цусны хөдөлгөөн, бодисын солилцоо, дотоод шүүрлийн ажиллагаанд өөрчлөлт үзүүлэх тул үе мөчний архаг үрэвсэл, эмэгтэйчүүдийн болон арьсны зарим өвчин, амьсгалын замын өвчнийг эмчлэхэд тохиромжтой юм байна.

Гурван нуурын рашаан

Энэхүү рашаан нь Онон Балж голын сав газар, эзэн Чингис хааны мэндэлсэн Дэлүүнболдог хэмээх газрын өвөрт нарсан ойгоор хүрээлэгдсэн холбоо гурван нуурын хойно буюу Хэнтийн Дадал сумын нутагт, Улаанбаатараас 540 километрт байдаг. Гол төлөв амьсгалын эрхтний архаг өвчин, уушигны хагалгааны үлдэц, мөгөөрсөн хоолойн багтраа, мэдрэлийн сульдал, үе мөчний өвчнүүдийг эмчлэхэд онцгой тохиромжтой аж. Харин тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, зүрхний шигдээсийн дараах үед тохиромжгүй гэнэ.

Рашаан хүртэх ёс

Монголчууд рашаан сувилалд амрахаас гадна ам дамжин яригдсан рашаан ус, мөн нутаг усныхаа рашаанаас зорин очиж хүртэх нь элбэг байдаг. Энэ тохиолдолд рашаан хүртэх тодорхой ёс журмыг баримтлах шаардлагатай. Ер нь рашааныг 7-14 хоногийн турш өдрийн гурваар ууж хэрэглэдэг. Рашаан уух үед архи, сүү, шарсан хоол хүнс харш. Тиймээс айраг, хар цай, хонины мах хэрэглэх ёстой аж. Мөн нийслэлчүүд хөдөө хээр гарахаар рашаан усыг олдсон дээр нь гээд нэг дор их хэмжээгээр хэрэглэдэг. Түүнчлэн, олон төрлийн рашааныг хольж уух нь бий. Тэгвэл энэ нь зохимжгүй юм. Өмнө нь рашаан тогтмол хэрэглэж байгаагүй бол нэг дор хэт ихийг ууж болохгүй. Ганц аягыг аажуухан уух хэрэгтэй. Ингэхдээ мөнгөн аяга, эсвэл мод, шаазан аяганд хийж уувал сайн. Хуванцар, зэс аяга рашааны найрлагыг өөрчилдөг хэмээн үздэг байна. Булгын усыг мэдээлэл дамжуулагч хэмээн үздэг. Тиймээс рашаан ууж байхдаа эерэг сэтгэлгээтэй байж, бие эрхтэнийг эдгээн ариутгаж буй хэмээн бодон сүсэглэх нь зөв гэнэ. Өвчилсөн эд эрхтэнээ дагнасан рашаан уувал зүгээр аж. Нэг дор олон төрлийн рашаан ууснаар холилдож ээдэн үйлчилгээ нь алга болдог байна. Рашааны ойр орчмыг бохирдуулах нь эрт үеэс цээртэй байсан. Энэ нь байгаль дэлхийгээ шүтэн дээдлэх ёстой холбоотойгоос гадна рашааны найрлага тухайн бүсийн өвс ургамал, хөрс зэрэг олон хүчин зүйлсийн нөлөөгөөр бүрэлдэн тогтдогтой уялдаатай юм.

Эх сурвалж: Newsmedia.mn

 

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.