“Хөшөөтийн гэрээ”-г дүгнэх ажил тасалдав

2017-01-26 Байгаль орчин

Хөшөөтийн уурхайг эзэмшигч “Мо Эн Ко” компани болон Ховд аймгийн хооронд 2013 онд байгуулсан хамтын ажиллагааны гэрээ өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусгавар болсон. Харин одоо уг гэрээг шинэчлэн байгуулах талаар хоёр тал тохиролцож шийдэлд хүрэх учиртай.

Үүнтэй холбоотойгоор уг гэрээний өнгөрөгч оны хэрэгжилтийн байдлыг дүгнэх, биелэгдээгүй байгаа зарим ажлын биелэлтийг хангах талаар харилцан тохиролцоонд хүрэх асуудлууд байсан. Мөн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард аймгийн ажлын хэсэг томилогдож, гэрээг дүгнэхтэй холбоотой мэдээлэл цуглуулах, холбогдох судалгаа хийх, газар дээр нь ажиллах зэргээр бэлтгэл хангасан юм. Улмаар шинэ гэрээний санал боловсруулж, тус компанитай уулзалт товлосон байна.

Ийнхүү товлосон ёсоор энэ сарын 20-ны өдөр хоёр талын ажлын хэсэг уулзаж ярилцжээ. Тодруулбал, эхний ээлжинд өмнөх гэрээнд заасанчилан Хөшөөтийн уурхайгаас 2016 онд ашигласан баялгийн үр шимийг орон нутагт хүртээх талаар тохиролцох асуудлыг хэлэлцсэн байна. Гэвч “Мо Эн Ко” компанийн төлөөллүүд өнгөрөгч оны уурхайн үйл ажиллагаанаас Ховд аймагт үр шим хүртээх (төлбөр төлөх) боломжгүй гэсэн хариу өгчээ. Харин аймгийн удирдлагын зүгээс заавал үр шим хүртээх ёстой гэсэн байр суурь баримтласны улмаас хоёр тал тохиролцож чадалгүй нэлээд цаг авав.

Багагүй хугацаанд мэтгэлцэж, маргалдсаны эцэст компанийн тал уг асуудлаар өөрийн Төлөөлөн удирдах зөвлөлд уламжилж, тодорхой хэмжээнд шийдүүлэхийг хичээе гэсэн байна. Ийнхүү хэлэлцээ цааш үргэлжилж, 2016 оны гэрээний хэрэгжилтийг дүгнэх ажилд орцгоов. Тэгтэл дээр өгүүлсэн өнгөрөгч оны уурхайн үйл ажиллаганаас аймагт үр шим хүртээх заалтан дээр ирээд аймгийн ажлын хэсгийн ахлагч энэ асуудлыг одоо тохирохгүй бол гэрээг дүгнэхгүй хэмээн зөрүүдлэсний учир дахин үл ойлголцол үүсч, болзол тулгасан ажлын хэсгийн ахлагч маань хэлцэлийг шууд хаяж гарсаны улмаас уг хэлцэл тодорхойгүй хугацаагаар тасалдсан юм.

Ийнхүү маргаан мэтгэлцээнд хүргэсэн гэрээний заалт нь чухам юу гэсэн заалт байсныг сонирховол уг хамтын ажиллагааны гэрээний 14.10-д “….2016 онд уг санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн нөхцөл байдлаас хамаарч, талууд хэлэлцэн тохирч тогтооно” гэсэн ажээ. Гэвч 2016 онд аймгийн удирдлага болон гэрээний хэрэгжилт хариуцсан албаны хүмүүсийн зүгээс энэ заалтын талаар хэлцэл хийж, төлбөрийн хэмжээг тогтоох тухай ямар нэг санал тавьсангүй өдий хүрсэн. Компанийхан хэлэхдээ “МоЭнКо компани нь энэ тухайд эдийн засгийн боломжгүй байгаа учир өмнөх удирдлагад (сонгуулийн үр дүнгээр ажил үүргээ хүлээлгэн өгсөн дарга нар) удаа дараа мэдээлэл хүргүүлсэнийг тэд хүлээн зөвшөөрч, уг төлбөрийн хэмжээг тогтоох, компанид хөрөнгө төвлөрүүлэх үүрэг хүлээлгэх шаардлагагүй гэж тохиролцсон” гэсэн боловч яг ийм тохиролцоо хийсэн баримт, нотолгоо байхгүй байгаа юм. Тэгэхээр аймгийн удирдлагын санаачлаггүй, хариуцлагагүй байдлыг компаний тал ашигласан бололтой.

Бид өмнө нь 2016 онд гарсан дугаарууддаа энэ гэрээний хэрэгжилтийн тухай болон түүнд хийсэн үнэлгээний үр дүн, цаашид авах арга хэмжээний зөвлөмж болоод бусад мэдээ мэдээллүүдийг нийтлэж байсан. Тэрээр гэрээний хэрэгжилтийг сайжруулахын тулд аймгийн зүгээс илүү санаачлагатай ажиллаж хариуцлагаа ухамсарлах шаардлага байна гэдгийг тэдгээрт удаа дараа дурьдаж байсан билээ.

Цаашид дээрх санал зөрөлдсөн асуудлаас гадна гэрээг дүгнэж дуусган баталгаажуулах, мөн шинэчилсэн гэрээг ямар байдлаар хийх талаар хоёр тал тохиролцоонд хүрч хэлэлцээрийн ширээнд суух гэсэн маш чухал ажлууд хүлээгдэж байгаа. Үүн дээр аль аль талууд, нэн ялангуяа аймгийн удирдлагын зүгээс алсын хараатай, ухаалаг бодлого барьж, зөв шийдлүүд гаргах нь чухал гэдгийг онцлохыг хүсэв.

Г.Төрмөнх

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.