Ажлын хэсэг тус салбарын хэмжээнд хүний нөөцийн бодлого, томилгоог судалж үзжээ. Засгийн газрын 2016 оны “Яамдын бүтэц орон тооны хязгаар батлах тухай” 3 дугаар тогтоолоор батлагдсан бүтэц орон тоонд Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газарт аялал жуулчлал, бусад төсөл хөтөлбөрийн үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаал батлагдаагүй байхад иргэн Э-г Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны Б/142 тушаалаар томилсноороо холбогдох эрх зүйн актуудыг зөрчсөн байна.
Бүтэц орон тооны өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмжийн талаар танилцахад, нийт 257 сая төгрөгийн тэтгэмжийг 54 хүнд олгожээ. Мөн яам нь шүүхийн шийдвэрээр 8 хүнд 45 сая төгрөгийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгосон байна. Энэ нь Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-д “батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах;”, 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, УИХ-ын 2016 оны 47 тогтоолын холбогдох заалтыг тус тус зөрчсөн байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д “энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих”, 12.9-д “өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн барилга байгууламж барих, зохих зөвшөөрөлгүйгээр мал бэлчээрлүүлэх”-ийг хориглоно гэж заасан байдаг. Гэтэл дээрх хуулиар тогтоосон хамгаалалтын дэглэмийн зохицуулалтыг үл харгалзан дархан цаазат газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллага, тус байгууллагын албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх нэрийдлээр барилга байгууламж барин шугам сүлжээ татаж, суурьшлын бүс байгуулж болох мэт ойлголтыг төрүүлэн, “тусгай хамгаалалттай газар” гэх нийтлэг нэрийн дор байгалийн цогцолборт, нөөц болон дурсгалт газарт газар ашиглах зөвшөөрөл олгосон байна. Энэ нь Байгаль орчны сайдын 2001 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 218 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ыг өнөөг хүртэл мөрдөж байгаатай холбоотой. Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг хэлэлцүүлгийн үеэр улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгжийн судалгааг гаргаж танилцуулав. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт 2015-2017 онд нийт 1706, Богдхан уулын дархан цаазат газарт 1318 иргэн, аж ахуйн нэгж газар ашиглаж байна. Байгаль орчны яам дархан цаазат болон улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгохоор заасан аль 2001 оны журмыг яагаад одоо хүртэл мөрдсөөр байгааг хэлэлцүүлэгт оролцогчид асууж байв. Энэ хугацаанд Байгаль орчны хэд хэдэн сайд өөрчлөгдөж солигдсон ч энэ журам 17 жил түр нэртэй боловч он дамжин хэрэгжсээр байжээ. Үүнд яамны албан тушаалтнууд тайлбар өгсөнгүй.
Богд хан уулын дархан цаазат газарт газар ашигласны төлбөрийг яам өөрөө биш Хан-Уул дүүргийн газрын алба төвлөрүүлдэг бөгөөд одоогийн байдлаар 194 иргэн, аж ахуйн нэгж газар ашиглалтын төлбөрөө огт төлөөгүй байгааг Ажлын хэсгээс танилцууллаа.
Ховор ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэн гадаадад гаргахад тухайн үеийн хуурай жингийн килограмм тутамд 3000 төгрөг төлөхөөр Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан. Гэтэл 2015 онд 11 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага 117 тн, 2016 онд 7 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага 1600 тн, 2017 оны эхний 3 сарын байдлаар 4 иргэн, аж ахуйн нэгжээс 610 тн самрын идээний хураамжийг авалгүйгээр гэрчилгээ олгосон нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийг төсөвт бүрэн төвлөрүүлээгүй, цаашид ашиг сонирхлын зөрчил үүсэх, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл болж байна.
Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ээлжит бус 73 дугаар хуралдааны тэмдэглэлд “байгалийн ховор ургамал, дэрэвгэр, жиргэрүүг Байгалийн ургамлын тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон холбогдох бусад тогтоомжид заасны дагуу экспортод гаргах зөвшөөрөл олгохыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад даалгасан байхад 2015 оны 1 дүгээр сарын 1-нээс 2016 оны 6 дугаар сарын 30-ны хооронд Монгол Улсын хилээр 88,500 кг дэрэвгэр, жиргэрүүг гадаадад гаргаснаас байгалийн ховор ургамлыг төлөх тэмдэгтийн хураамж болох 176.1 сая төгрөг, байгалийн нөөц ашигласны татвар болох 235.2 сая төгрөг, нийт 411.3 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлээгүй байв.
Тус ховор ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар гадаадад гаргах зөвшөөрөл олгоход төлбөр хураах хэмжээг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.13-д зааснаар тооцсон байна. Экспортолсон дэрэвгэр жиргэрүү нь холбогдох мэргэжлийн байгууллагаас ирүүлсэн дүгнэлтээс харахад эмийн үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглагддаг болох нь тогтоогдсон тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.17-д зааснаар тооцож үзэхэд 697.6 сая төгрөг төсөвт төвлөрүүлэх боломжийг алдсан байна.
Иргэдтэй хийсэн фокус ярилцлагаар байгаль орчны үнэлгээг хянан баталгаажуулахдаа харилцан адилгүй шийдвэрлэдэг нь ашиг сонирхлын зөрчил үүсч, давуу байдал олгож байна гэх байдал тодорхойлогдсон тул байгаль орчны үнэлгээний талаар судалж үзжээ. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т (Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Боловсролын зээлийн сан, Шинжлэх ухаан, технологийн сан, Тариалан дэмжих сан) зааснаас бусад тусгай санд зориулан ажлын алба байгуулж, санхүүжүүлэхийг хориглохоор зохицуулсан байтал Байгаль хамгаалах сангийн ажлын алба өнөөдрийг хүртэл ажиллаж, жилд дунджаар цалин хөлс ба түүнтэй холбогдох бусад зардал, байрны түрээс, утас, интернэт, шатахуун зэрэгт 160 гаруй сая төгрөг (бичиг хэрэг, урсгал зардал, бусад зэргийг тооцоогүй болно)-ийг зарцуулдаг нь илэрчээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын удирдах албан тушаалтнууд авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн талаар наад захын ойлголт, мэдлэггүй байгааг хэлэлцүүлэгт оролцогчид анхааруулаад энэ чиглэлээр сургалт, сурталчилгаа зохион байгуулахыг зөвлөлөө. Самрын идээг экспортлоход хураамж төлөхийг аж ахуйн нэгжүүд эсэргүүцэж дургүйцдэг, самрын идээ бол эцсийн бүтээгдэхүүн, энэ хураамжийг битгий ав гэдэг албан бичгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ирүүлж байсан талаар яамны томоохон албан тушаалтан тайлбарлаж байлаа. “Энэ бол одоогоор хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг өөртөө ашигтайгаар эргүүлэх гэсэн ядмаг оролдлого. Албан тушаалтан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэл гэж үзэх үндэслэлтэй. Самрын идээ бол эцсийн бүтээгдэхүүн биш. Тосыг нь шахаж байж эцсийн бүтээгдэхүүн болно. Тиймээс нэгэнт хууль хэрэгжиж байгаа бол хуулийн заалтыг мөрдөх учиртай, улсын тэмдэгтийн хураамжийг авах нь зайлшгүй” гэж Авлигатай тэмцэх газрын ажилтнууд саналаа хэлж байлаа. Самрын идээг экспортод гаргах зөвшөөрөл олгохдоо нэр бүхий компаниас хахууль авсан эрүүгийн хэргийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс одоогоор шалгаж байгаа юм.