Жеймс Бонд шиг болоход хэр хугацаа шаардлагатай вэ

2018-04-23 Энтертайнмент

Жеймс Бонд бол төгс залуу. Эрэгтэй, эмэгтэй аль аль нь түүнд дуртай. Twilight дөрөмсөн зохиол дээр эр хүний төгс чанарыг хоёрын хоёр үлгэрийн амьтнаар төлөөлүүлж харуулсан бол Жеймс Бонд ганцаараа л төгс залуу. Тэр авхаалж самбаатай, мэдлэгтэй, хүчтэй . . . эмэгтэйчүүдийн хүсдэг соёлч боловсон, шийдмэг түрэмгий занг аль алийг нь гаргаж чаддаг. Яагаад гэж үү? Яагаад гэвэл энэ түүний ажил. Тэр ажилдаа сайн. Тэгвэл бидэнд Жеймс Бонд шиг залуу болох боломж бий юу? Мэдээж бий. Гэхдээ бид амь өрссөн даалгавар явахад бэлэн байх шаардлагагүй. Зүгээр л Жеймс Бондын энгийн Монгол иргэн хувилбар болъё гэвэл яах хэрэгтэйг эргэцүүлэн дүгнэе.

БОНДЫН ХУВЦАСЛАЛТ: 1-2 хоног

Гадаад байдал бол хамгийн амархан, бас хамгийн хуурамч зүйл.

Монгол залуус гадаад байдал л хамгийн чухал юм шиг боддог болсон нь харамсалтай. Бондын нарийхан загвартай дан бараан өнгийн хослолын өмд авна. Гялалзсан сайхан гутал авна. Бонд бол классик буюу сонгодог үеийн төлөөлөл болохоор цагаан цамцан дээрээ мөрөвч өмссөн байх нь элбэг. Мөрөвч зүүхээр бас бууны хуй зүүсэн юм шиг Cool сэтгэгдэл төрнө. Тэгээд хүрэмний өнгөний сонголт бол чөлөөтэй. Дан өнгийн бараан хүрэмнээс эхлээд завсарын өнгөтэй шоотой хүрэм авч өмсч болно. Тэгээд магадгүй эрвээхэй зангиа. Ийм хувцас цуглуулахад 1-2 хоног л шаардлагатай. Магадгүй гадаадаас захиж авчруулбал харьцангуй удаж мэднэ. Бас ганц Бондын ч биш, эр хүний чимэг гэж үздэг тансаг бугуйн цагийг мартаж үл болно.

БОНДЫН БИЕ МАХБОДЫН ЧАДАМЖ: нэг жил

Монголд, ялангуяа Улаанбаатар хотод замын түгжрэл гэх мэт асуудлаас болоод бие махбоддоо зарцуулах цаг хомс байдаг. Гэхдээ Бонд шиг болох гэж байгаа залуу бол яаж ийж байгаад цаг гаргахгүй бол болохгүй. Бондод усанд сэлэх шаардлага байнга гардаг. Тиймээс усанд сэлж сур. Цэргийн хүнд жингийн илүүдэл гэдэг ойлголт байж болохгүй. Түүндээ анхаар. Цэргийн хүн гэснээс, Бондын хэмжээнд дөхөж очъё гэвэл цэргийнх шиг тэвчээр хатуужилтай, бас түүхтэй байвал зүгээр. Даанч Монгол залуус хавар, намартаа болдог цэрэг татлагаас аль болох сугарч үлдэхийг хичээдэг болсон. Арга ч үгүй юм. Аль 1921 оны тусгаар тогтнолын үеийн арга барилаасаа салаагүй цэрэг татлагын хэлбэр залуус бидэнд шал дэмий өнгөрөөх 1 жил гэж харагддаг. Хэрвээ манай батлан хамгаалах салбарынхан үүнийг илүү орчин үеийн нөхцөлд нийцсэн, уян хатан болгож чадвал цэрэгт явж, үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд болохгүй юу байх вэ.

БОНДЫН ОЮУНЫ БЭЛТГЭЛ: 4 жил

Тагнуулч хүнд байх ёстой нэг чадвар бол ямар ч хүнтэй сэжиг авахуулалгүй, мөн сайхан сэтгэгдэл төрүүлэхүйц яриа өрнүүлэх чадвар гэж Жеймс Бондын олон цувралыг үзээд дүгнэж болно. Тэгэхийн тулд олон ном уншиж, их юм дуулж мэдэх шаардлагатай. Гэтэл нэгэн гашуун жишээ дурдахад нэг зөөгч залуутай номын тухай ярилцаж байтал “Би амьдралдаа ганц л ном уншсан. Нэг бор хавтастай, зузаан . . . үлгэрийн” (Үүлэн бор) гэх жишээтэй. Монгол залуучуудын ихэнх нь ийм л байдалтай байгаа. Тэгэхээр ажлынхаа хажуугаар амжуулж, ядаж л хүн төрөлхтний сор болсон бүтээлүүдийг жагсаалт гаргаж байгаад эхнээс нь унших хэрэгтэй. Тэгэхэд л дор хаяж 4 жил болох байх шүү.

БОНДЫН ЁС СУРТАХУУН: тодорхой хугацаа заах аргагүй юм

Бид Жеймс Бонд киног өнгөц талаас нь үзвэл зүгээр л адал явдалт кино. Гэхдээ тус киног бүтээгчид Жеймс Бонд бол мундаг залуу, бас эх оронч сэтгэлтэй үндэсний баатар эр гэдгийг үл анзаарагдахаар шигтгэж өгсөн байдаг. Харин эх оронц сэтгэл зөвхөн цэргүүдэд, тагнуулчдад л байх ёстой зүйл гэж үү? Үгүй. Та бидэнд бүгдэд нь л байх ёстой. Та биднийг хэнийг нь ч дайснууд барьж аваачаад улсынхаа нууцыг хэл, эх орон, газар шороогоо худалд гэхэд бид хүлээн зөвшөөрөх ёсгүй. Энэ л жинхэнэ Жеймс Бонд юм. Энэ л түүний үнэн төрх, бидний олж харах ёстой үлгэр жишээ. Хичнээн ганган, хичнээн самбаатай, хичнээн ухаантай байгаад эх орноо гэсэн сэтгэлгүй бол Чи Бонд шиг мундаг залуу байж чадахгүй.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.