Түймэр, зуд хоёрынхоо ард гарч чадахгүй бол төр гэж оршоод, төсөв гэж батлаад яана?

2023-05-3 Uncategorized


За Дорнод аймагт энэ хаврын эхний түймэр тракторын яндангаас оч хаяснаас эхэлсэн. Гурван сумын нутаг дамнан дүрэлзэж хэдэн зуун цагаан зээр хил даван одож, олон айл орон гэр, хонь малаасаа салж, амьжиргаа гэх юмгүй айдас өвөрлөж үлдсэн. Сая хоёр хоногийн өмнө гарсан түймэр шонгийн модноос оч хаясан гэсэн тайлбартай, хилийн цэргийн найман албан хаагч хүнд түлэгдэлтэй эмнэлэгт хүргэгдэн, салхи эргэсний улмаас одоо ч уугин шатсаар байна. Монгол Улсад улирлын чанартай гурван том асуудал бий. Өвөлдөө зуд, хавартаа хээрийн түймэр, зундаа ган. Жилийн жилд давтагдаж байдаг энэ бэрхшээлийнхээ ард төрийн бодлогоор, түмний зүтгэлээр гарах ёстой. Улирлаас улиралд жил болгон гардаг энэ гамшигт улсаараа бэлэн, бүр бүх техник, хүчээ төвлөрүүлсэн байх ёстой. Ямар гаднаас гэнэт арми орж ирээд байгаа юм уу, нөгөө л зуд, нөгөө л түймэр, нөгөө л ган. Бүр сар өдрийн давтамж нь хүртэл давхацдаг гээд бод доо. Зургаан жилийн өмнө энүүхэн хотын хаяанд, Батсүмбэрт хээрийн түймэр гарахад хотоороо хөдөлж, залуус машин тэрэгтэйгээ зүтгэж, гадаадад суугаа монголчууд хандив цуглуулан өгч, ёстой хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж байгаад хэд хоногийн түймрийн ард бүх нийтийн хүчээр гарч байлаа. Тэр үед онцгой байдлын албан хаагчид тав, хорин литрийн цэвэр усны саваар уул өөд ус зөөгөөд гүйж явсан даа. Хүн хүч дутмаг, техник хэрэгсэл нь амбасын үеийн, хүрз энэ тэрээс эхлээд ажлын багаж нь ачаалал даахгүй хямд хэврэг гээд олон асуудал ил тод болсон, олон ч хүн үгээ хэлж, үсээ зулгаасан. Ёстой л эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй сайхан залуус минь энэ биеийн хүч, эр зоригийн хатаар байгалийн гамшигийг туулаад, туучаад гардаг, эрүүл мэндээрээ хохироод, хорлогдоод өнгөрдөг юм билээ. Энэ жил дахиад л түймэр, ар араасаа түймэр. Зөвхөн 2022 онд гэхэд 16 аймгийн 75 суманд 169 түймэр гарсан байх юм. 2023 он гарсаар найман аймгийн 18 суманд 30 ой хээрийн түймэр дэгдсэн талаар Экологийн цагдаагийн албанаас мэдээлж байна. Үүний 70 хувь нь хувь хүний хариуцлагагүй үйлдлээс шалтгаалсан байх юм. Онцгой байдлын албан хаагчид, хилийн цэргийнхэн байдаг бүх хүчээ дайчилж байна. Экологийн цагдаагийн албанаас урьдчилан сэргийлэх аян, танин мэдэхүйн сургалт сурталчилгаа зохиож байна. Гэхдээ нэг л юм дутуу. Монгол Улсын онцгой байдлын алба хэзээ түймэр унтраадаг бага оврын онгоц, нисдэг тэрэгнүүдтэй болох вэ? Хэзээ ойт хээрийн бүсийн хил хамгаалагчид, гал түймэртэй тэмцэх тасгийнхан дэлхийн жишигт нийцэх техниктэй болох вэ? Хэзээ энэ залуус хувь тавилангаа үүрээд, хуучирч хэрэглээнээс гарсан багажаа чирээд, асдаг асдаггүй машинтай азаа үзээд улаан галтай улаан гараараа тулахаа болих вэ? Төсөв хаашаа яваад байна вэ? Төр жилийн жилд гамшиг дагуулдаг зуд, түймэр хоёртойгоо нүүр тулахад хэзээ бүх утгаараа бэлэн болох вэ? Би ингэж асуумаар байна, бүр хашгирч асуумаар байна. Хээрийн түймэр хэлж ирдэггүй л гэдэг. Хэлж ирдэг онцлог Монголд бий. Жилийн жилд зуд ба түймэр, түймэр ба зуд…энэ уудам нутагт, олон арван, олон зуун км үргэлжилсэн их түймэрт морьд тамирдаж, хүн сульдаж, машины түлш дуусдаг юм аа, түймэр унтраах өөр дэвшилтэт техник, онгоц, нисдэг тэрэг хаачив? Батсүмбэрийн түймрээс хойш зургаан жил өнгөрлөө, түймэртэй тэмцэх техник технологид дэвшил гарсан уу? Үгүй. Нөгөө л модонд уясан дотуур хаймар, модоо барьсан ард түмэн, ус барьж улдталаа гүйсэн албан хаагч?

Сэтгүүлч Р.Эмүжин

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.