Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний амь насыг хохироосон хэргийг шүүхэд шилжүүлжээ

5 цагийн өмнө Мэдээ, мэдээлэл

Прокурорын байгууллага өнгөрөгч сарын 28-наас энэ сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 53.581 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Дээрх хугацаанд 1.337 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 815 хэрэг шинээр нээж, 212 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Авлигын 2, Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг 1, Өмчлөх эрхийн эсрэг 37, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 1, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 1, Хүрээлэн байгаа орчны эсрэг 7, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 87, Хүний амьд явах эрхийн эсрэг 2, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 71, Хүүхдийн эсрэг 1, Эрүүл мэндийн эсрэг 1, Эдийн засгийн 1 гэмт хэрэг тус тус байна.

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

– Нийслэлийн прокурорын газраас төрийн тусгай албан хаагчаар ажиллаж байсан Г.М нь хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёстой үйлдлээ хэрэгжүүлээгүй хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 (нотлох баримтыг устгасан), мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

– Нийтийн албан тушаалтан Д.О нь газар зохион байгуулагчаар ажиллаж байхдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хясан боогдуулах аргаар хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 (нийтийн албан тушаалтан хахууль авах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

– НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг метамфетамин (methamphetamine)-ны агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, худалдаалах зорилгогүйгээр хадгалсан иргэн Б.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

– О.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ элчин сайдын яаманд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч Т.Н-ийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдаж, гэмтэл учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 (хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан), Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 (хууль сахиулагчийг эсэргүүцэх), Эрүүгийн хуулийн тусгай ангийн 29.7 дугаар зүйлийн 2 (Олон улсын хамгаалалтад байдаг хүнд халдах),

– Ж.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч Д.Х-д хүндэвтэр хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 (автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих),

-Ж.А, О.М нар нь бүлэглэн Сири Улсын болон Монгол Улсын иргэдийн тээврийн хэрэгслийг зогсоон, хохирогчдод хутга тулган хүч хэрэглэж хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 (зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

– Н.Э нь “Gem mall” худалдааны төвд гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас эхнэрээ хутгалж онц харгис, хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж амь насыг нь хохироосон хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 (онц харгис хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

– Б.А нь насанд хүрээгүй хүүхдийн санхүүгийн эмзэг байдлыг далимдуулан биеийг нь үнэлүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 (хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж хүн худалдаалах), Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 (хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан), мөн Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Д.Б-гийн цээж хэсэгт хутгалж амь насыг нь хохироосон хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 (хүнийг алах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлсэн байна.

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.