Номураг номхоруулсан Монгол

2021-10-10 Танил биш танил

 

Японы алдарт бөх, дэлхийн шилдэг жүдоч, дэлхийн аварга, 1996, 2000, 2004 оны олимпийн аварга Тадахиро Номураг 2010 оны дэлхийн цомын тэмцээн дээр буулган авч чадсан жүдоч бол ОУХМ Даваадоржийн Төмөрхүлэг юм.  Тэрбээр  барилдааны үндсэн цаг дуусахад 40 секунт дутуу байхад үүрэх мэх хийж алдарт Тадахиро Намурагаас юко үнэлгээ салгаж ялалт байгуулж байлаа.  Тухайн үед ОУХМ Д. Төмөрхүлэгийг спортын сэтгүүлчид “Номураг номхоруулсан Монгол” хэмээн магтан бичиж байв. Д.Төмөрхүлэгт ялагдсан тэр ялагдлын дараа Японы домогт бөх Номура нэг их удалгүй албан ёсоор зодог тайлсан.

Манай улсын шилдэг жүдоч Д.Төмөрхүлэг багаасаа тодорсон бөх. Дунд сургуулийн сурагч  байхдаа залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байв. Түүний амжилт гаргаж, сайн жүдоч болох үндэс суурийг анхнынх нь багш  Ц.Шийрэв  зөв тавьж өгсөн байдаг. Мөн манай 60 кг-ын дэлхийд  данстай бөхчүүд болох Г.Болдбаатар, Д.Амартүвшин, Ч.Болдбаатар, Г.Хэрлэн, Дөлгөөн нар ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байдаг. Эдгээр шилдэг бөхчүүдтэй Д.Төмөрхүлэг эн тэнцүүхэн өрсөлдөөн өрнүүлэн  барилдаж явсаар дэлхийд танигдсан бөх болж чадсан билээ. Түүний  хамгийн их хүндэтгэж шүтэж явдаг жүдочин гэвэл Х.Цагаанбаатар, Д.Нямхүү нар.  Дэлхийн аварга  Х.Цагаанбаатарын хурц дайчин барилдааны арга барилыг биширдэг гэсэн.

Түүнийг найз нар нь Борко хэмээн дууддаг.  Борко буюу Д.Төмөрхүлэг самбо бөхийн дэлхийн аварга, жүдо бөхийн залуучуудын дэлхийн аваргын хошой мөнгөн медальтай. Азийн наадмын аварга. дэлхийн цом, гран при, их дуулга тэмцээний аварга билээ.

Харин насанд хүрэгчдийн дэлхий аваргын болон олимпийн наадмын медаль түүнд дутуу. Гэхдээ түүнд дутуугаа нөхөх боломж байсан уу, гэвэл тийм. Тэр дутуугаа дүүргэх алтан боломжийг 10-хан секунтын дотор алдаж байсан удаатай.  Казахстанд болсон 2015 оны ДАШТ-ний хүрэл медалийн төлөө Израйлын бөх Поллакыг хожиж яваад цаг дуусахад 10 секунт дутуу байхад үнэлгээ алдаж, хүрэл медалийн оосроос атгаад алдсан билээ.

Энэхүү хэдхэн секунтын үйл явдлаас харахад, Д.Төмөрхүлэгт тактикын барилдааны арга барилд маш сайн суралцах шаардлага байгаа нь харагдаж байна. Түүгээр зогсохгүй түүний их яаруу оновчгүй шийдвэр гаргаж байгаа нь олон барилдааны ялагдал дээрээс ажиглагддаг юм.

2014 онд ОХУ-ын Челябинскт болсон   ДАШТ-нд мөн хариуцлагагүй барилдаан хийсэн.  Шөвгийн 8-д үлдэх барилдаанд Хятадын бөх Ма Дун Биныг хожиж яваад илүү хөдөлгөөн хийж даралтанд орж ялагдаж байлаа. Д.Төмөрхүлэгийн уйдамхай, бачимаг яаруу шийдвэр нь түүнийг алдаа гаргахад түлхээд байх шиг санагддаг. Ер нь ихэнхдээ Д.Төмөрхүлэгийн  хийсэн мэхний алдаан дээр гадны  бөхчүүд ажиллаж түүнийг ялдаг. Д.Төмөрхүлэгт уян хатан чанар, бусдын мэхэнд үлдэх чадвар, барьцаа зөв сонгож барих арга барил, цагийг зөв хуваарилах тактикийн барилдаан  дутагдаад байна уу даа гэж бодогддог.  Өөрийн хийсэн мэхэндээ өөрөө хатуураад явчих гээд байдаг. Гэхдээ түүнийг дэлхийн спортын мэргэжилтэн, сэтгүүлч нар хэдийнэ хүлээн зөвшөөрчихсөн байдаг нь ямар ирээдүйтэй бөх болохыг илтгэж байна. Үүний ганц жишээг дурьдаж болох юм. Риогийн 2016 оны олимпийн наадамд Д.Төмөрхүлэгийг сайн барилдаж медаль хүртэх боломжтой гэж спорт сонирхогчид найдлага тавин хүсэн,  хүлээж суусан. Тэрбээр эхний тойрогт Саудын Арабын бөх Хамадагаас базари үнэлгээ салгаж улмаар даралтаар цэвэр ялсан юм. Мөн шөвгийн 16-д үлдэх барилдаанд Алжирын Зоурбанаас юко үнэлгээ салгаж,  даралтанд оруулан ялсан.

Харин шөвгийн 8-д үлдэх барилдаанд Италийн бөх Паубла Василед хоёр базари алдаж ялагдсан юм.  Д.Төмөрхүлэгийг ялсан Италийн бөх Василе хагас шигшээ болон  шигшээ барилдаанд сайн барилдаж олимпийн аварга болсон билээ.  Магадгүй Д.Төмөрхүлэгийн сарвуу, бугуйны бэртэл олимпийн наадмын барилдаанд муугаар нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй.  Ер нь шийдвэрлэх том тэмцээнүүдэд жаахан аз, ёндоо дутаад байх шиг. Эсвэл бэлтгэлжилт, сэтгэл зүйн бэлтгэл  муу байна уу. Гэхдээ түүнийг өндөр амжилт гаргаж чадна гэдэгт би огтхон ч эргэлздэггүй.  Дэлхийд танигдсан ийм мундаг жүдоч болж чадсан Д.Төмөрхүлэгийг олимп, дэлхийн медальтан болно гэдэгт итгэж, найдан хүлээж буй олон хүн бий.

Сэтгүүлч Н.Отгонбаатар

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.