Мансуурах зөрчилд 2023 оноос хойш 18 хүртэлх насны 148 хүүхэд холбогджээ

Өчигдөр Нийгэм


Прокурорын байгууллагаас улсын хэмжээнд Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан “мансуурах” зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийн байдлыг 2023 оноос 2025 оны эхний хагас жил хүртэлх хугацаанд судалжээ.

Энэ хугацаанд нийт 685 зөрчилд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан байна.

Тодруулбал:

2023 онд – 197 зөрчил
2024 онд – 300 зөрчил
2025 оны эхний хагас жилд – 188 зөрчил бүртгэгджээ.
2024 оны зөрчил өмнөх оноос 52.3 хувиар өссөн бол 2025 оны эхний хагас жилийн зөрчил өнгөрсөн оны мөн үеэс 63.5 хувиар өссөн байна.

НИЙСЛЭЛД ХАМГИЙН ОЛОН ЗӨРЧИЛ БҮРТГЭГДЖЭЭ

Мансуурахтай холбоотой зөрчлийн дийлэнх нь нийслэлд бүртгэгдсэн байна.

Нийслэлд – 604 зөрчил
Орон нутагт – 81 зөрчил

Үүнээс Дархан-Уул аймагт 26, Орхон аймагт есөн зөрчил бүртгэгдсэн нь орон нутгийн хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

787 хүн шүүхэд шилжсэн, 715 хүнд шийтгэл оногдуулжээ

Сүүлийн гурван жилийн хугацаанд мансуурахтай холбоотой 685 хэрэгт шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 532 хэрэгт холбогдуулан 787 хүнийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс 474 хэрэгт холбогдсон 715 хүнд шийтгэл оногдуулсан байна.

Шийтгэл оногдуулсан хүмүүсийн дийлэнх нь баривчлагджээ.

139 хүнд – торгох
576 хүнд – баривчлах шийтгэл оногджээ.

2024 онд шүүхэд шилжүүлсэн хэргийн тоо 243-д хүрч, өмнөх оноос 50.1 хувиар өссөн бол 2025 оны эхний хагас жилд 128 хэрэг шүүхэд шилжсэн нь мөн үеийнхээс 50.6 хувиар өссөн үзүүлэлт юм.

Харин 2025 оны эхний хагас жилд баривчлах шийтгэл оногдуулсан хүний тоо 2024 оны мөн үеэс 22.1 хувиар буурсан бол торгох шийтгэл оногдуулсан хүний тоо 2.6 дахин өссөн байна.

18 ХҮРТЭЛХ НАСНЫ 148 ХҮҮХЭД ХОЛБОГДЖЭЭ

Шүүхээс шийтгэл оногдуулсан 715 хүний насны ангилал дараах байдалтай байна.

18 хүртэлх насны – 148 хүн
18–25 насны – 347 хүн
26–35 насны – 129 хүн
36–45 насны – 64 хүн
46–55 насны – 21 хүн
56-аас дээш насны – зургаан хүн
Хүйсийн хувьд 84.6 хувь нь эрэгтэй, 15.4 хувь нь эмэгтэй байна

Мансуурах зөрчилд холбогдогчдын хэрэглэсэн бодисын ангилал:

Өвс, мөс зэрэг бодис хэрэглэж мансуурсан– 348 хүн
Будаг, шингэлэгч, газ үнэртсэн – 108 хүн
Эмийн хэрэглэсэн – 192 хүн
Бусад төрлийн бодис хэрэглэсэн – 67 хүн
Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн гуравдугаар хэсэгт зааснаар:

Мансуурсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тухайн этгээдийг

100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох,
эсвэл албадан сургалтад хамруулах,
7–30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна гэж хуульчилсан байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.