Нийгэм, нийгмийн оюун санаа маш хурдацтай хувьсан өөрчлөгдөж шинэ залуу үе нийгмийн амьдралд хөл тавин орж,жинхэнэ ардчилсан төрт улсыг бүтээх, бүтээсэн ардчилалаа хамгаалж үлдэх тал дээр илүү санаа зовних болсонтой нь холбоотойгоор төртэй байгуулсан гэрээг шинэчлэн, өөрсдийнхөө дүрмээр гэрээ байгуулахыг хүсч байгаа нь зүйн хэрэг. Аль 1992 оны “Үндсэн хууль” өнөөгийн дэлхий дахины улстөрийн нөхцөл байдал, бидний хүрээлсэн хэт их гүрнүүдийн гадаад бодлогоос ардчилалаа хамгаалж үлдэж чадах уу? гэдгийг эргэж харах цаг нь болсон гэж шинэ үеийн төлөөлөл үзэж байгаа юм. Үндсэн хуулийг эргэж харах болсон бас нэг том шалтгаан сонгуулийн тогтолцоо. Сонгуулийн энэ тогтолцоо иргэд сонгогчдийн олонхийн төлөөлөл парламентад орж чадаж байна уу.
Түүнчлэн улс орны өнөөгийн хөгжил дэвшлийг үндсэн хуулийн зарчмууд хангаж байна уу?
Монгол Улс тусгаар тогтнолоо зарлаж 1924 онд анхны үндсэн хуулиа өлгийдөж авсанаас хойш, улс орны хөгжил дэвшлийн зорилтуудад тулгуурлан 1940, 1960 онуудад шинэчлэн батлаж, шинэчлэн батласан хуулийнхаа хүрээнд нийгмийг хамарсан том, том тэсрэлтүүдийг хийн урагшилж байсан биз.1990 онд хийгдсэн тогтолцооны өөрчлөлтийг 1992 онд баталсан Үндсэн хуулиар баталгаажуулан хамгаалж байлаа. Энэ Үндсэн хууль үүргээ сайн гүйцэтгэсээр ирсэн хэдий ч нийгмийн шинэ үеийнхний захиалга, хөгжил дэвшлийн хурдад тохируулан нэмэлт өөрчлөлт хийх цаг нь болсон гэдэг нь 180 мянган иргэн, 25 улстөрийн намын гаргасан санал санаачлагаас харагдана. Энэ нэг л өдөр цуглаж суугаад шийдчихсэн асуудал биш юм билээ. Улс төрийн 25 нам эрдэмтэн, мэргэд, хуульч, судлаачдын санаа оноог тусган хагас жил шахам хэлэлцсэн. Хүний эрхийг бүрэн хамгаалах нь өөрчлөлтийг нэн тэргүүний эрхэм зорилго бөгөөд үүнийг хэлэлцэх эсэхийг ард иргэдийн санал шийднэ. Ард иргэд нэмэлт өөрчлөлтийг дэмжсэн тохиолдолд УИХ хэлэлцэнэ. Ард иргэд “Үндсэн хууль”-ийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж УИХ-аар хэлэлцүүлж эхлэвэл хамгийн түрүүнд парламентын чадавхийг сайжруулах, хууль батлах болон хуулийн биелэлтэд тавих хяналтын чанарыг дээшлүүлэх зорилгоор иргэдийг төлөөлөх гишүүдийн тоог нэмэх, сонгогчийн төлөөллийн ардчиллыг бодит болгож Монгол Улсын тусгаар тогтнол аюулгүй байдлын батлагаа болсон парламентын засаглалыг төгөлдөржүүлэх нэн шаардлагтай байгаа юм. Бид 30 жил жижиг улстөр ярилаа гэдэг үг залуусаас сонсогдох болж.
Юуны өмнө бид ямар тогтолцоотой сонгууль хийж байваа гэдгээ эргэж харъя л даа. Найман удаагийн сонгуульд дөрвөн өөр төрлийн сонгуулийн тогтолцооны туршилтанд оржээ.1992, 2008, 2020 онуудад том тойрог бүхий олонхийн (Мажоритар), 1996, 2000, 2004 онуудад жижиг тойрог бүхий дийлэнх олонхийн, 2012 онд холимог, 2016онд жижиг тойрог бүхий олонхийн. Өөрөөр хэлбэл, бид мажоритар тогтолцооны өөр өөр хэлбэрүүдийн туршилтанд орж хууль тогтоох байгууллагаа нэг намын давамгайлалд найр тавьчихсан гэсэн үг.
1992 оны үндсэн хуулиас хойш 30 жилийн хугацаанд хүн амын өсөлт, эдийн засгийн өсөлт, тэлэлт өнөөгийн их хурлын гишүүдийн тоотой харьцуулахад 76н гишүүнд хэт их эрх мэдлийг төвлөрүүлсэн тоо харагдана. Жижиг тойргоос сонгогдсон том эрх мэдэлтэй гишүүдийн жижиг улстөр улс орны хөгжилд чөдөр тушаа болоод байгаа юм. Улсаа боддог том улстөрч гэж алга. Төсвийн мөнгийг улс орны хөгжилд тодорхой ахиц гарахуйц том төсөлд оруулж, нийгмээрээ хэрхэн урагшлах вэ гэдэгээр бодлого уралдуулахын оронд, чуулган дээр ганцаарчилсан тоглолт хийж дараагийн удаа хэрхэн сонгогдох вэ гэдэг дээр хамаг ухаанаа уралдуулж тойргийнхоо айлын “жорлон”-д төсвийн мөнгийг цацаад сууж байх жишээний. Эндээс бидний ярьж заншсан “жалга довны” үзэл гарч орон нутгийн хуваагдал маш хүчтэй болдог. Тэгэхээр бид улс төрийн хуйвалдаан болон аливаа намын муйхар үзэл суртлаас ангид, эх орноо гэх эх оронч үзэл, ард түмний ашиг сонирхлыг дээдлэн баримтлагч байр суурь, шинэ үеийн үзэл санаа шингээсэн шинэ улс төрчийг гаргахын тулд ард түмнээ төлөөлөх парламентын байр суурь чадавхийг нэмэх шаардлагтай.
Иргэдийн бодит төлөөллийг багтаасан парламент ямар байх вэ?
Иргэддээ эдийн засгийн тэлэлт, хөгжил дэвшлийн үр өгөөжийг мэдрүүлсэн бодлого явуулахын тулд юуны өмнө сонгуулийн мажоритар тогтолцоог халж улсаа нэг том тойрог гэж үзэн Пропорцианоль тогтолцоогоор сонговол нийт олонхийн саналыг авсан улсын хэмжээний улстөрийн зүтгэлтнүүд төрнө. Пропорцианоль тогтолцооны бас нэг давуу тал нь намын жагсаалтыг чухалчилдаг тул улс төрийн намыг нэн тэргүүнд тавьдагаараа намуудын төлөвшилд эерэг нөлөөтэй гэж үздэг.Парламентийн гишүүдийн тоог нэмж 152 гишүүнтэй болгосноор гишүүд улсын хэмжээний улстөрийн зүтгэлтнүүд төрнө гэж дээр дурьдсан. Тэдгээр зүтгэлтнүүд улс орны хэмжээнд бодлого явуулж, мартагдсан 5-р цахилгаан станц, аж үйлдвэрийн парк, нефтийн үйлдвэр, төмөр зам, хоёр хөршийг холбосон хийн хоолой, хурдны зам мэт улс орны хэмжээнд яригдах том төсөл ярьж, байгаль экологи, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал зэрэг Монгол хүний санаа зовнисон асуудлууд дээр дуу хоолойгоо нэгтгэнэ. Өнөөдрийн байдлаар парламентын гишүүд дунджаар 44 мянган хүнийг төлөөлж байна. Гишүүдийн тоог хоёр дахин нэмсэнээр нэг гишүүн дунджаар 22 мянган сонгогчийг төлөөлнө гэсэн үг. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүний тоог нэмсэнээр тэднийг өөрсдийнхөө төлөө “морь, нохой” мэт зүтгүүлэх боломж байгааг судлаачид ярьж байна. Тэдний эрх мэдлийн хувиарлалт багасаж нөлөөллийн ажил хийхээ больж жинхэнээсээ төрийн зүтгэлтний ажлаа хийж эхэлнээ гэсэн үг, нэг талаараа УИХ-ын гишүүн болчихоороо бидний дарга болчихдог биш үйлчлэгч болсноо мэдэрдэг болох ёстой юм.
УИХ-д суух иргэдийн төлөөллийн тоог нэмсэнээр тэнд илүү олон мэргэшсэн улстөрийн зүтгэлтнүүд их хуралд орох ба эрх мэдэл, ажлын ачаалал нь тэнцвэржиж нэг гишүүн хэд хэдэн байнгын хороонд харъяалагддаг байдал үгүй болох юм. Нэг үгээр хэлвэл гишүүн өөрийн мэддэг салбарынхаа нэг л байнгын хороонд харъяалагдаж мэрэгшинэ л гэсэн үг. Одоогийн парламентийн байнгын хороодод ярьж байгаа асуудлаа мэдэхгүй гишүүд их байгаа нь ажиглагддаг тухай дээр дооргүй л ярьдаг. Хууль санаачлагчдын явцуу эрх ашиг нуугдсан хуулийг тэд жинхэнэ мэргэжлийн хүний нүдээр олж харж чадахгүй тул зүгээр кнопдоод л өнгөрнө гэсэн үг.
Тэр баталсан хууль нь ард иргэдийн амь амьжиргаанд эерэг тусгал өгөх нь бүү хэл хорлон сүйтгэх ажиллагаа ч болж болно. Яагаад гэхээр улс төр бизнесийн бүлэглэлийн явцуу эрх ашиг туссан хууль гарсан байх магадлалтай.
Гишүүдийн тооноос үүдэлтэйгээр ирц багатай батласан хууль Монгол улс даяар хэрэгжээд явж байгааг ч хүмүүс шүүмжилсээр ирсэн. Өнөөдөр “эдийн засгийн байнгын хороо”-ны гишүүдийн 19-н гишүүний 7 нь л эдийн засагч ба 12 нь эдийн засгийн ойлголтгүй нөхөд сууж байх жишээний. Тэднээр улс орны эдийн засгийн бодлогыг тодорхойлуулсныхаа горыг бид өдөр бүр амсаад сууж байна.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжих үү эсэргүүцэх үү гэдэг нь улстөрчдийн хувьд ёс зүй, хариуцлага нэхсэн том шалгуур болох нь. Парламентыг ардчилалтай болгох, сонгогчдоо жинхэнэ утгаараа төлөөлж төрийн зүтгэлтэн болгон төлөвшүүлэх тухай ярьж эхлэхээр их хурлын танхимын багтаамжийн тухай ярьж суух их хурлын гишүүнээс ирээдүйн хөгжил дэвшлийн бодлого хүлээж суух нь утгагүй. Сонгодог парламентыг төлөвшүүлснээр бид гадаад болон дотооддоо ямар чухал дархлаатай болж байгааг мэдэрч зөв талд нь шийдвэр гаргах үүрэгтэй. Цаг үеэ мэдэрсэн зөв өөрчлөлт ямар үр дүнд хүрдэгийг дэлхийг хөгжлөөрөө тэргүүлэгч улсуудын жишээнээс харж болно. Герман Улс 1945 оноос хойш 77 жилийн хугацаанд 59 удаа үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Франц дээрхи хугацаанд 24 удаа, Итали 15 удаа, Канад 47 удаа нэмэлт өөрчлөлт хийсэн байдаг. Сайжирч л байвал өөрчлөлтийг мянга хийсэн ч яахав дээ.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор “бүр цоо шинэ үндсэн хууль баталъя” гэх туйлшрал, дээд, доод танхимтай болгоё гэсэн санаа ч явж байна. Үндэсний аюулгүй байдлын гишүүн байсан хүн парламентад автоматаар суудаг болох тухай ч яригдаж байх шиг. Манайд сонгодог парламентын тогтолцоо л хамгийн зөв нь бөгөөд гишүүдийнхээ тоог нэмж төлөөллийн ардчиллаа утгаар нь хэрэгжүүлээд явчих нь хэрэгтэй болов уу. Тэгэхээр өөрчлөх ёстой гэдэгт бүгд нэгдэж, яавал зөв өөрчлөх вэ гэдгээ эртхэн шийдэж хурдтай хөдлөхгүй бол дэлхийн хөгжлийн галт тэрэгнээс хоцорч, аюулгүй байдлын цайз маань ч ганхаж мэдэх маш хурдтай үйл явц бүхий сонирхолтой цаг үед бид амьдарч байна даа.
7 цагийн өмнө
9 цагийн өмнө
10 цагийн өмнө
10 цагийн өмнө
Өчигдөр
87384
30521
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.