Хятадын Бээжин хотод Даваа гаригийн шөнө (2025.07.28) хүчтэй аадар бороо орсны улмаас наад зах нь 30 хүн нас барсан тухай “CGTN” агентлаг мэдээлэв. Тодруулбал, хотын захын Миюн дүүрэгт нийт 28 хүн, Янчин дүүрэгт хоёр хүн нас баржээ. Бороо тасралтгүй орсны улмаас 31 зам эвдэрч, 136 тосгонд цахилгаан тасарч, олон тооны суурь станц ажиллахгүй болсон байна. Тус улсын цаг уурын албаны мэдээлснээр, Бээжинд хур тунадас 165.9 мм-д хүрч, Миюн дүүрэгт 543.4 мм хүрсэн байна. Цаг уурын аюулт үзэгдлээс иргэдээ аврахын тулд Бээжинд үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлсэн байна. Сураггүй алга болсон хүмүүсийг эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд аврах баг, гамшгаас аврах материалыг шуурхай илгээсэн байна.
Одоогийн байдлаар 80,332 хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд гол төлөв Миюн, Хуайроу, Фаншань дүүргийн оршин суугчдыг шилжүүлжээ.
Дронуудыг гамшгаас аврах ажлыг хөнгөвчлөх зорилгоор мөн ашиглаж байгаа аж. Хуайроү дүүргийн Люлимиао хотод аврах багийнхан дрон ашиглаж 3 мянга гаруй тусламжийн багцыг 21 цэгт буулгажээ. Үүнд гамшигт нэрвэгдсэн хүмүүсийн амьдралын наад захын хэрэгцээг хангахын тулд ус, талх, хиам, өндөг зэрэг багтаж байна.
Дрон тус бүр нь секундэд 15 метрийн хурдтайгаар 30 кг ачааг 20 гаруй минутын турш тээвэрлэж чадна гэж аврах албаны гишүүн Ван Зинин “China Media Group”-т ярьжээ.
Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос Мягмар гаригт Бээжин хотын сэргээн босголтод зориулж 200 сая юань буюу ойролцоогоор 27.9 сая ам.долларыг хуваарилсан байна. Энэ хөрөнгийг голчлон Миюнь, Хуайроү дүүрэг зэрэг гамшигт нэрвэгдсэн бүс нутгийн эвдэрсэн тээвэр, ус хангамж, эмнэлгийн дэд бүтэц, нийтийн үйлчилгээний байгууламжийг сэргээн босгоход зарцуулж, үйлдвэрлэл, амьдралын хэв маягийг аль болох хурдан сэргээхэд тус дөхөм үзүүлэх болно.
ЭХ СУРВАЛЖ: CGTN
11 цагийн өмнө
16 цагийн өмнө
2025-07-4
2025-07-4
88079
32736
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.