МАН-аас дараагийн Ерөнхий сайдаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарыг нэр дэвшүүлсэн. Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгч УИХ-д оруулж хэлэлцүүлдэг хуультай. Үүний дагуу МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар намынхаа шийдвэрийг Ерөнхийлөгчид өнөөдөр хүргүүлснийг нь Ерөнхийлөгч УИХ-д уламжлаад байна.
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлын шийдвэрээр ТББХ-ны хуралдааныг зургаадугаар сарын 12-ны пүрэв гарагийн 10.00 цагт, харин чуулганы нэгдсэн хуралдааныг 12.00 цагт хуралдуулж, Ерөнхий сайдыг томилгоог хэлэлцэхээр товлолоо.
Ерөнхий сайдад нэр дэвшээд буй Г.Занданшатарын талаар Нийтлэлч Р.Эмүжин “Г.Занданшатарын сайн ба муу” хэмээн ийн бичжээ.
-Гадаадын хөрөнгө оруулалтыг царцаах агуулгаар уг хуулийн төслийг Женкогийн дэмжлэгээр батлуулсан, үүнээс болж гаднаас орж ирдэг хөрөнгө оруулалтууд гацаж, орд газруудаа эрх мэдэлтнүүд нь Төгрөг нуурын ордын адил хувийн тохиролцоогоор зарж үрэхээс өөр гарцгүй болсон.
-D parliament буюу цахим парламентийг санаачлан зүтгүүлсээр УИХ-аар батлуулсан нь сайн боловч энэ апп хэрэгтэй үед гацдаг, хэрэггүй үед ажилладаг муу талтай.
-Баянхонгорын тойрогт 2016 оноос Женоктой хөтлөлцөж зүтгээд, сонгогчдод зориулсан гар цайлгах ачаагаа хүртэл нэг ачааны тэргээр зөөдөг үе байсан, сүүлд 2020 онд сонгуулийн штабынх нь дунд зам жим гартал залуус нь гүйлдэж байсан түүхтэй.
-2024 оны сонгуульд урьдчилсан бүх судалгаагаар эхний гуравт давхиж явсан боловч Өвөрхангайд гарсан хүн амины хэргээс шалтгаалан тойргоо наймаалцаад, тонгоруулж хол шидэгдсэн гэдэг хардлага байдаг.
-Үндэсний номын баярыг УИХ-ын дарга байхаасаа дэмжсэн, ном уншиж, шатар тоглодог харахад гоё, хазахад хол хообийтой.
-Оюукийг огцруулах их дүйвээний үеэр нууц амрагийнх нь асуудал дэгдэж, тодорхой хэмжээгээр барьцаанд байдаг юм болов уу гэсэн таамаг дэвшүүлэхэд хүргэж байлаа.
-Рийл хийлгэж цацахдаа гарамгай, кино од шиг дүрдээ ордог.
– Зарим хувцсаа өөрөө дэглээд өмсчихдөг. Албаны хувцсандаа мөрдэс хадчихна, бүрх малгайныхаа бүсийг хуу татаж хаяад улаан даавуугаар орооно гэхчлэн.
-УИХ-ын индэр дээрээс Халтмаагийн Хүрэлсүх гэж зарлаж байсан цорын ганц хүн…
-АН-ын Алтанхуягтай гэмгүй холбоотойг нь харахаар хөрвөх чадвартай.
-Стэнфордын их сургуульд хоёр жил судлаач хийсэн.
-Баянхонгорын Баацагаан сумын харъяат, энэ аймгаар овоглодог, Жэноктой өгөө аваагаар гүн барьцалдсан сэтгүүлчид, хэвлэлийнхэн 15 давхраас чиглэл авч сая дэмжсэн.
-Н.Энхбаярыг энэ улсын хаан, заан байх үеийн шавь нь, тэргүүн хатагтайн цайг зөөдөг хэдэн залуусын нэг байв.
-Америкт хэлний бэлтгэлд сурч байхдаа машинд мөргүүлж, удаан хугацаанд эмчилгээ хийлгэсэн.
-Ардчилсан парламентад гүн хайртай боловч дэмжиж баталгаажуулах аргаа олдоггүй.
-Эрхүүгийн улсын ардын аж ахуйн дээд сургууль төгссөн, эдийн засгийн ухааны магистр.
-Багш, банкир, хүнс хөдөө аж ахуй, гадаад харилцаа гээд олон салбарт оломтой явсан, ялангуяа банкны салбарт дэд захирал хүртэл явсан нөлөөгөө улс төрд нааж олонтой хутгасан.
-Зориг муутай, энэ нь бөөрөнхий гэсэн тодотголыг өөрт нь авчирсан.
-УИХ-д нийт дөрвөн удаа сонгогдсон, гурван удаа салбар хариуцсан сайдаар томилогдон ажилласан, 2020-2024 оны УИХ-ын дарга.
-1970 онд төрсөн, эхнэр, дөрвөн хүүхэдтэй.
-Үзээд өгье гэсэн ч энэ парламентад суудалгүй.
-1998 онд МАН-д элссэн, 2003 оноос хариуцлагатай алба хаших болсон, улстөрд 27 жил явж байгаа, өнгөрсөн 30 жилийн Монголын нийгмийн амьдралын сайн ба саарыг бий болголцсон хүн юм байна аа.
87858
32193
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.