Үүнийг анагаах ухаанд “аденовирусын халдвар” гэж нэрлэдэг бөгөөд аденовирус хэмээх вирусээр үүсгэгддэг хүнээс хүнд дамжин амьсгалын зам, нүд, ходоод гэдэс, шээс дамжуулах замын гадаргуун салстыг гэмтээж өвчлүүлдэг халдварт өвчин юм.
Хэрхэн халдварладаг вэ?
Агаар дуслаар дамждаг маш өндөр халдвартай өвчин юм. Халдвар авах дараах замууд байж болно.
-Халдвартай хүнтэй ойрхон байсан.
-Халдвартай хүнтэй алчуур, дэр цагаан хэрэглэл, саван сольсон
-Халдвартай хүн дэргэд нь ханиаж найтаасан
-Халдвартай хүнтэй гар барих, түүний хүрсэн эд зүйлд хүрсний дараа гараа угаалгүй нүдэндээ хүрэх, нухах
Ямар хугацаанд халдвар тараах боломжтой вэ?
Халдвар авснаас хойш ойролцоогоор 8-10 хоногийн дотор ямар нэг зовиур илрэхгүй нууц үедээ байдаг. Өвчлөл ихэвчлэн 14 хоногоос нэг сар хүртэл үргэлжилдэг. Бүх өвчлөлийн 90 хувьд долоо хоногийн хугацаанд нөгөө нүд буюу өвдөөгүй байсан нүд үрэвсдэг.
Ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?
Аденовирусын халдварын үед нүд улайх, усархаг ялгадас гарах, нүд торж аргах, гэрлээс гялбах, салстад фолликулууд томорсон, цэгчилсэн цус харвалттай, чихний урд талын булчирхай эмзэглэлтэй байх нь энэ халдварын гол шинж тэмдэг юм. Мөн халуурах, толгой өвдөх, хоолой торох, гүйлгэж суулгах зэрэг бусад шинж тэмдгүүд ч илрэх боломжтой.
Өвдсөн тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ?
Дээрх шинж тэмдгүүд илэрвэл даруй мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Учир нь өвчний явц хүн бүрт харилцан адилгүй байдаг бөгөөд эмч үүнд тохируулж эмчилгээ хийдэг. Иймээс дотроосоо антибиотек уух, тариулах шаардлагагүй. Энэ өвчин вирусээр үүсгэгддэг тул үүний эсрэг өвөрмөц эмчилгээ байдаггүй, аяндаа эдгэх боломжтой гэж үздэг боловч өвчний үе шатад тохирсон эмийн эмчилгээг эмчийн заавраар хийх шаардлагатай. Өөрсдийн дураар эмийн сангаас дексаметазон мэтийн гормоны төрлийн эм авч, өвчний эхний үе шатанд дусаах нь өвчний явцыг удаашруулах даамжруулах аюултай. Нүд загатнах эхний шинж тэмдэг илэрсэн үед тогтмол гараа угаах, зовхинд өдөрт гурван удаа хүйтэн жин тавих, судас агшаагчтай хиймэл нулимс өдөрт 4-8 удаа дусаах нь нэн түрүүнд авч болох энгийн арга хэмжээ юм. Хэрэв оншлогоо, эмчилгээг оройтуулвал хэдэн сараас 1-2 жил үргэлжилж, эвэрлэг бүрхүүл дээр хөнгөн цөгөө тогтож, хараанд нөлөөлөх сөрөг үр дагавартай.
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Хувийн ариун цэвэр сахих
Тогтмол гараа угааж байх
Халдвартай хүний хэрэглэж байсан нүүр гарын алчуур, дэр, цагаан хэрэглэлийг хэрэглэхгүй байх
Олон нийтийн газар, хүн олноор цуглардаг газар онц шаардлагагүй тохиолдолд аль болох явахгүй байх.
Мөн биеийн дархлаа сайн байх нь халдварын эсрэг тэмцэх нэг чухал хүчин зүйл бөгөөд ажил амралтаа зохицуулж , тогтмол цагт чанартай хоол хүнс хэрэглэж, биеэ чийрэгжүүлж байх хэрэгтэй.
Зөвлөмж бичсэн:
Их эмч Ч.Мөнхцэцэг, П.Баясгалан
“Болор мэлмий” эмнэлэг
И-Мэйл: bmelmii@mbox.mn
7 цагийн өмнө
9 цагийн өмнө
10 цагийн өмнө
11 цагийн өмнө
Өчигдөр
87384
30523
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.