Улаанбаатар хотноо болсон Монгол, Орос, Хятадын худалдаа, эдийн засгийн 13 дугаар чуулганы үеэр ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Сергей Николаевич Катырины “Де Факто” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг толилуулж байна.
– Та Монголд анх удаа айлчилж байна уу? Сэтгэгдэл ямар байна?
– Анх удаа айлчилж байгаа хүний хувьд маш сонирхолтой орон байна. Намайг урьсан Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын хамт олонд талархаж байна. Тэд албан ёсны уулзалт, хэлэлцүүлгийн дундуур бага сага юм үзүүлсэн бөгөөд их сонирхолтой байсан. Гурван талын уулзалт дээр ажил хэрэг их амжилттай явлаа. Наад зах нь Оросын төлөөлөгчид сэтгэл хангалуун үлдсэн. Орос, Монгол, Хятадын бизнес эрхлэгчдийн уулзалтад бид том бүрэлдэхүүнтэй ирсэн. 65 хүн, 40 компани, 13 худалдаа аж үйлдвэрийн салбар танхимын төлөөлөл оролцож байна.
– Онцлох сонирхолтой юм юу тохиолдов?
– Эхлээд нэгдсэн хуралдаан болсон бөгөөд бид гурван талын хамтын ажиллагаанд амжилт хүсч сэтгэлийнхээ үгийг хэлсэн. Түүнээс гадна Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзах завшаан олдсон юм. Парламентын нэг гишүүнтэй уулзсан. Их сонирхолтой уулзалт болсон. Ерөнхий сайд, парламентын гишүүнтэй уулзаж байхад хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлэх эрс шийдэмгий хүсэлтэй гэдэг нь мэдрэгдэж байлаа. Монголын талын хүсэл зорилго манай талын хүсэл эрмэлзэлтэй яг адилхан байсан юм.
– Одоо үед төлөөлөгч их ирдэг болжээ. Их ярьж байгаа боловч олон асуудал шийдэлгүй хэвээр үлдэж байна. Хэрэв хоёр талын боломжтой харьцуулах юм бол Монгол-Оросын худалдаа тэнцвэржээгүй, доогуур түвшинд байгаа гэж хэлж болно. Боломж юу байна? Бүрэн ашиглагдахгүй байгаа шалтгаан юу вэ?
– Тантай санал нэг байна. Харамсалтай нь боломж асар их байна, бид нар боломжийг сайн ашиглахгүй байна. 2013 онд Монгол – Оросын хоорондох худалдааны эргэлт 1 тэрбум 915 сая байлаа. Өнгөрсөн жил миний санаж байгаагаар бол 931 сая болж буурчээ. Өнгөрсөн жилүүдэд эрс буурсан байна. Баяртай мэдээ дуулгахад энэ оны эхний саруудад, эхний хагас жилийн байдлаар худалдаа 40 хувь хүртэл өссөн байна. Ерөнхийдөө манай хоёр орны хооронд худалдааны эргэлт бага байна гэдэгтэй санал нийлж байна. Уг нь манай талын үзэж байгаагаар өндөр байх ёстой юм. Түүнчлэн худалдааны эргэлт тэнцвэртэй биш гэдэгтэй санал нийлж байгаа. Худалдаа нь нэг талынх буюу Оросын экспорт давамгайлж байна. Экспортын ихэнх хувийг түлш эрчим хүч давамгайлж байна. Энэ нь хамгийн сайн хувилбар биш ч байж магадгүй. Оросын хувьд ч тэр. Өртөг шингэсэн техникийн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн байх нь зүйтэй байх. Монголын талаас ч ийм бүтээгдэхүүнийг хүсэж байна. Ялангуяа хөдөө аж ахуй салбарт боломж их байна. Бод мал, үхрийн мах гэх мэт. Оросын талаас ч гэсэн сөрөг баланс бий юм. Бид махыг дутуу боловсруулаад байна, импортоос оруулж байна. Монгол Улс асар их боломжтой тул саналаа зоригтой тавих хэрэгтэй гэж бодож байна.
Миний олж харсан өөр нэг боломжтой салбар нь аялал жуулчлал. Би тусгай зориулалтын буюу төрөлжсөн жуулчлалын тухай ярьж байна. Сибирийн анчид, загасчид их идэвхтэй ирэх болсон. Би Монголд ирээд америкчууд, өөр бусад орны хүмүүстэй уулзсан. Хүмүүс ирдэг юм байна. Боломж их байна. Юу хийх хэрэгтэй вэ? Нэгдүгээрт, мэдээлэл сайн тараах. Хэрэв мэдээлэл байх юм бол сонирхол төрнө. Монголд бизнес хийх тухай бодит, үнэн зөв мэдээлэл хэрэгтэй. Оросын хувьд ч гэсэн ийм мэдээлэл бас хэрэгтэй байна. Монголын бизнес эрхлэгчдийг худалдаа, бартер хийх тухай, хөрөнгө оруулах тухай, хамтарсан компани байгуулах тухай мэдээллээр хангах хэрэгтэй.
Монголд Оросын, Хятадын бизнес эрхлэгчдийн сонирхох давуу талууд байна. Жишээлбэл Японтой татваргүй худалдаа хийх. Өөрөөр хэлбэл Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн бараа Япон руу татваргүй гарна. Европын холбоонд бас гаргана,гэхдээ Японтой харьцуулахад арай цөөн бараа таваар. Японд, эсвэл Европын холбоонд бүтээгдэхүүн гаргах бол сонирхол байж болох юм. Ийм учраас барих чиглэл хангалттай олон байна. Гэвч энд бид ололт амжилтын тухай ярих гэж цуглаагүй, харин бэрхшээлтэй байгаа асуудлаа ярих гэж, шийдэх гэж цугласан юм. Логистикийн тухайд бол бараа бүтээгдэхүүн, жуулчны хувьд илүү тохитой байх ёстой. Хөдөө аж ахуй бараа, бүтээгдэхүүний хувьд ариун цэвэр, эрүүл ахуйн хяналтын асуудал байна. Орон болгон хөдөө аж ахуй бараа, бүтээгдэхүүний хувьд, боловсруулсан бүтээгдэхүүний хувьд өөр өөрийн шаардлага тавьдаг бөгөөд нэг мөр болгож жигдрүүлээгүй. Өөр олон чиглэлээр хүндрэл бэрхшээл байна, үр тариа тариалагчид, гурил үйлдвэрлэгчид энэ талаар ярьж байна. Энд асуудал байгаа юм. Өөр нэг асуудал гэвэл гаалийн тухай юм. Орон болгон өөр өөрийн гаалийн хуультай, хуулийн өмнөөс л ажиллаж байгаа байх. Гэхдээ ийм асуудлыг шийдэж болно гэж бодож байна.
– Оросын гаалийн татвар маш өндөр байдаг гэж бизнес эрхлэгчид хэлдэг. Зарим үед 60 хувь хүрдэг гэж. Манай хоёр орон ДХБ-ын гишүүн орон. Би үүнийг олон жил ярьж байна, ялангуяа хөдөө аж ахуйн чиглэлд, тухайлбал мах, сүүн бүтээгдэхүүн Орос руу гаргах чиглэлээр. Тэр тусмаа хилийн наана цаана суугаа ард түмэн эртнээс ийм бүтээгдэхүүнийг солилцоод явсан гэдгийг ч мэднэ. Гэхдээ Сибирьт байгаа энэ хүмүүс Европоор дамжуулан авсан Шинэ Зеландын махыг идэж байна шүү дээ?
– Янз бүрийн арга замаар ирдэг. Европоор ч байна, Алс Дорнодоор ч байна.
– Энэ бүхнийг яагаад өөрчлөхгүй байгаа юм бэ? Тухайлбал өндөр татварыг?
– Зах зээлээ хамгаалахад бүх юм чиглэгдэж байгаа юм. Монгол ч гэсэн зах зээлээ хамгаалдаг, Орос ч бас зах зээлээ хамгаалдаг. Нэгдүгээрт энэ. Хоёрдугаарт, энэ нь бараг нэгдүгээрт орох байх аа даа, хүн амын хувьд хүнс тэжээлийн аюулгүй байдал юм. Дараа нь зах зээлээ хамгаалах. Импортоор орж ирж байгаа хүнс тэжээлийн хувьд өндөр шаардлага тавьдаг. Шинэ Зеланд энэ шаардлагыг хангасан учраас сертификат авсан байх. Ариун цэвэр, эрүүл ахуйн хяналтын асуудал эрхэлсэн байгууллага сертификат өгсөн. Монголын хэд хэдэн байгууллага сертификат авсан байгааг, бүтээгдэхүүн нийлүүлж байгаа мэдэх юм. Шаардлага тавьдаг, тэр нь өндөр, чанга байдаг. Нэн түрүүн хүн амын хувьд хүнс тэжээлийн аюулгүй байдал юм. Та бүхэн мэдэж байгаа, сүүлийн үед шинэ шинэ өвчин, халдвар гараад байгаа. Ийм учраас хүн амынхаа аюулгүй байдлыг хангах нь орон бүрийн үүрэг юм. Дараа нь зах зээл хамгаалах.
– Ахиц байна уу?
– Юуны түрүүнд нэг асуудал байгаа юм. Оросын зах зээл дээр мах нийлүүлэх компани сертификат олгодог байгууллагаас сертификат авсан байх ёстой. Хэрэв шаардлагад нийцэж байгаа бол тодорхой хэмжээгээр нийлүүлж болно.
– Ойрын ирээдүйд махны экспорт нэмэгдэх үү?
– Тэгэлгүй яахав. Эргэлзэхгүй байна.
– Махны татвар багасах уу?
– Үгүй дээ. Татвар ямар ч хамаагүй юм. Энд Оросын зах зээлд нийлүүлэх асуудал яригдаж байгаа юм. Гаалийн татварын хувьд ярих юм бол үхрийн махан дээр 60 хувийн татвар яригдахгүй болов уу гэж бодож байна. Зарим бүтээгдэхүүнд зах зээлээ хамгаалах гэж ийм татвар тавьдаг болохоос Монголын хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнд ийм татвар байхгүй л болов уу.
-Та Оросын Худалдаа аж үйлдвэрийн танхимын үндсийг тавьсан хүмүүсийн нэг. Олон жил энэ чиглэлд ажиллаж байгаа учраас танай танхимын зохион байгуулалттай холбоотой хэд хэдэн асуулт тавих гэсэн юм. Тухайлбал, бизнес эрхлэгч бүр танхимын гишүүн байх ёстой юу?
– Үгүй. Сайн дураар гишүүн болно. Дэлхий дээр худалдаа аж үйлдвэрийн танхимд гишүүн элсүүлдэг 2 төрлийн систем байдаг. 1599 онд байгуулагдсан анхны худалдааны танхим нь хамгийн эртний бизнесийн байгууллага юм. Дараа нь 1808 онд Наполеон бизнес эрхлэгч бүхэн заавал танхимын гишүүн байх зарлиг гаргасан. Наполеон Европыг эзлэн авмагцаа нэвтрүүлж байсан байна. Ийнхүү 2 систем үүссэн нь, заавал гишүүн байх, сайн дурын гишүүн байх. Манайд сайн дураараа гишүүн байх систем үйлчилдэг. Хэнд танхимын гишүүн байх сонирхол байна, тэр танхимд элсэж, хураамж төлдөг. Өргөдөл бичээд танхимаас гарч болдог.
– Ойролцоогоор бизнес эрхлэгчдийн хэдэн хувь нь танхимд байна?
– Тоогоор ярих юм бол нэлээд бага хувь байгаа юм. 52 мянга гаруй компани бий. Гэхдээ танхимд холбооны хэмжээний 200 гаруй зөвлөл, холбоод байдаг. Энэ холбоод өөр өөрийн гишүүдтэй байна. Бас 500 гаруй бүс нутгийн зөвлөл, холбоод салбар танхимын гишүүнээр элссэн. Ийм учраас гишүүн гэвэл олон бий юм. Гэвч үндэсний үйлдвэрлэгч, гол экспортлогч том компаниуд гэж ярих юм бол танхимын гишүүдийн 90 хувь биш юмаа гэхэд 80 хувийг эзэлнэ гэж би бодож байна.
– 80 хувь гэнээ?
– Эдгээр нь хамгийн том үйлдвэрлэгч, үндсэн экспортлогчид байгаа бөгөөд танхим нь экспортлогч, импортлогч компаниудыг дэмжин үйлчилж байдаг юм. Одоогоор барааны гарал үүслийн сертификат авсан экспортлогч компаниудад үйлчилж байна.
– Та Импортыг орлох бүтээгдэхүүний Засгийн газрын комиссын гишүүн. Бодит байдал дээр импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажил хэр явж байна вэ? Таны бодсоноор хийж байгаа юу?
– Бүрэн хийж чадаж байгаа. Импортыг орлох бүтээгдэхүүн гэхээсээ илүү импортоос хамаарахгүй байдал гэж нэрлэх нь надад таалагддаг. Орлох гэдэг нь нэг барааг нөгөөгөөр солих төдий биш юм. Оросын эсрэг тавьсан хоригт заасан бүтээгдэхүүнийг орлон, зах зээлийг орон зайг дүүргэх биш, дэлхийн зах зээл дээр түүнтэй өрсөлдөх бүтээгдэхүүнийг хийж, экспортлох хэрэгтэй байна. Импортыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийн зорилго нь энэ. Салбар салбартаа импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх хөтөлбөр бий. Бүс нутгийн хөтөлбөр гэж бас бий. Энэ хөтөлбөрийн дагуу ажил явж байна.
Богино хугацаанд, өөрөөр хэлбэл 1-2 жилд шийдчих асуудал гэж байна. Ийм хугацаанд олон асуудлыг, жишээлбэл гахайн махны, тахианы махны, өндөгний асуудлыг, хүнсний ногооны асуудлыг шийдсэн. Гэвч үйлдвэрлэхэд хүнд хэцүү, урт хугацаа шаарддаг юм гэж бий. Энд нарийн түвэгтэй техникийн бүтээгдэхүүнүүд орно. Жишээлбэл газрын тос дамжуулдаг хоолой, шахах хөөрөг гэх мэт. Үйлдвэрлэлийг эхэлсэн байх жишээтэй. Жишээлбэл, технологийн хувьд хэцүү гүн рүү өрөмдлөг хийх гэх мэт. Нисдэг тэрэгний хөдөлгүүр гэх мэтчилэн. Бас эхлүүлсэн байна. Далайн онгоцны турбинийг хийж эхэлсэн байна. Эх орны турбин тавих гэж байгаа тул зарим усан онгоцыг далайд тавих ажлыг хойшлуулсан байгаа. Энэ ажил үр дүнгээ өгч байгаа юм. Ийм учраас нэг талаас хориг нь сайн юм авчраагүй ч гэсэн нөгөө талаас биднийг хурдан бодож, хурдан гүйж, хурдан үйлдвэрлэхэд хүргэсэнд хоригт баярлалаа гэж хэлэх хэрэгтэй юм.
-Та бас ОХУ-ын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн зөвлөлийн гишүүн. Манайд ийм зөвлөл байхгүй. Энэ зөвлөл юугаараа онцлогтой вэ?
– Хөгжлийн стратегийн асуудал, бизнесийн зарим салбар, зарим чиглэлийг асуудлыг авч хэлэлцдэг юм. Жишээлбэл жижиг дунд бизнесийн асуудал. Жижиг дунд бизнес бол маш чухал асуудал, яагаад гэвэл жижиг дунд бизнес нь аливаа орны хувьд нийгэм-эдийн засгийн тогтвортой байдлыг илэрхийлж байдаг. Энэ нь дундаж давхарга бөгөөд нийгмийн дүүжинг аль нэг талд нь огцом хүргэхгүй, барьж байдаг юм. Яагаад гэвэл хувийн өмчтэй, алдах юмтай хүмүүс учраас. Энэ нь нийгмийн “алтан дундаж” бөгөөд энэ давхарга нь өөрчлөлтөд хамгийн хурдан зохицдог байна. Зөвлөлд хэлэлцдэг юм руу буцаад оръё. Зөвлөл дээр асуудлыг бүхэлд нь авч үздэг. Юу саад болж байна, ямар асуудал гараад байна, юу хийх хэрэгтэй вэ гэх мэт. Эдийн засгийн зөвлөл нь айхавтар чухал зөвлөл юм. Зөвлөлд нэртэй эдийн засагч нар, шинжлэх ухааны зүтгэлтнүүд, туршлагатай хүмүүс байдаг бөгөөд тэд нар хэлэлцүүлэг явуулдаг. Бид бизнес эрхлэгчдийн төлөөлөгч болохынхоо хувьд хэлэлцэж байгаа асуудлаар санал, бодлоо хэлдэг. Зөвлөл тэр болгон хуралдаад байдаггүй бөгөөд хуралдаан бүрд сайтар бэлтгээд ордог юм.
– Улсын компани хувийн компанитай харьцуулахад ямар байдаг вэ? Орост бизнест эзлэх төрийн хувь багасч байна уу, ихэсч байна уу?
-Сүүлийн жилүүдэд харамсалтай нь буураагүй байна. Тэр ч байтугай өсөж байна. Төрийн өмчийг хувьчлах хэрэгтэй гэж ярьдаг ч гэсэн төрийн өмч зузаарч байгаа юм. Энэ хандлагыг бид Ерөнхийлөгчтэй хийсэн хэлэлцүүлэгт авч үзсэн бөгөөд өрсөлдөөн их байгаа секторт төрийн өмч байх ёсгүй гэж ярьсан. Манайд төрийн өмчит компаниудыг ГУП, МУБ гэж нэрлэдэг. Өрсөлдөөн их байгаа секторт ГУП, МУБ байх ёсгүй гэж үздэг. Хувийн компаниуд л өрсөлдөж байх ёстой, захиалгын төлөө, өөр бусад үүргийн төлөө өрсөлдөж байх ёстой. Өрсөлдөөн байхгүй зүйлд, өөрөөр хэлбэл улсын мэдэлд байх ёстой зүйлд, жишээлбэл паспорт олгох гэх мэт төрийн үүргийг гүйцэтгэхийн тулд төрийн өмчит байгууллага байх ёстой юм. Одоо том компаниудын хувьцааны зарим хэсгийг хувьчлах гэж байна. Гэвч үнэ унасан учир түр зогсоогоод байгааг би зүйтэй гэж бодож байгаа юм. Манай орны эдийн засаг буурснаас болоод үнэ бага байна. Тэгэхлээр бага үнээр ийм хөрөнгийг борлуулах нь оновчгүй, ашиггүй юм.
– Төрөөс ямар бүтэгдэхүүний үнийг зохицуулдаг вэ? Ер нь зохицуулдаг үнэ гэж байдаг уу?
– Зүй ёсны монополь компанийн, жишээлэхэд байгалийн хий гэхэд зохицуулдаг тариф гэж байдаг. Зарчмын хувьд манай улс чөлөөт эдийн засагтай орон, үнэ ч бас чөлөөтэй, тийм зохицуулдаг үнэ гэж байхгүй л болов уу.
– Жижиг дунд бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэхдээ ямар зарчим баримталдаг вэ?
– Хөтөлбөрт зорилтот хэсгийг заасан байдаг юм. Нийгэмд үйлчлэх бизнес гээд жишээ авъя л даа. Эмчилгээний үйлчилгээ, боловсролын үйлчилгээ гэх мэтээр нийгэмд үйлчлэх чиглэлтэй бүх компаниуд өрсөлдөж болно. Хамгийн чанартай үйлчилгээг үзүүлнэ гэсэн компанийг сонгон авч дэмжлэгийг үзүүлдэг. Мужуудын түвшинд ч тэр ийм зарчмаар ажиллана. Манайд Үйлдвэрлэлийн хөгжүүлэх сан гэж идэвхтэй, үр бүтээлтэй ажиллаж байгаа сан бий. Энэ сан нь үйлдвэрлэл, эмийн болон анагаах ухааны тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн төслийг дэмждэг бөгөөд тэгэхдээ төслийн санхүүжилтийн 50 хувь, түүнээс дээш хэсгийг тухайн бизнес эрхлэгч, тухайн компаниас санхүүжсэн байх ёстой гэж шаардлага тавьдаг. Шаардлагад нийцсэн төсөл, тухайлбал экспортын чиглэлтэй төсөл байх юм бол сан нь жилийн 5 хувийн хүүтэй зээл олгодог. Энэ нь Оросын хувьд бага хүү юм.
– Зах зээлийн хувьд хүү ямар байх вэ?
– Зах зээл дээр 15 хувь хүрдэг.
– Энэ бодлого Монголд өөр байдлаар явагддаг. Нэгдүгээрт авлига их байдаг. Хоёрдугаарт тухай салбарын зарим бизнес эрхлэгч 2-3 дахин бага хүүтэй зээл авдаг. Тэд хөнгөлөлттэй нөхцөлөөр бизнес хийж, өрсөлдөөнд орохгүй, давуу байдалтай байна. Та энэ талаар ямар үзэл бодолтой байдаг вэ?
– Өрсөлдөх чадварыг бууруулсан гэж би бодохгүй байна, тухайн төслийн хувьд. Нэгдүгээрт, төсөл хэрэгжүүлэгчид бүх хөрөнгө нь зах зээлээс татсан хөрөнгө, өөрөөр хэлбэл хувийн болон компанийн хөрөнгө гэж ярьдаг, хоёрдугаарт, бидний зорилго импорт орлох, экспортын чиглэлтэй төсөлд чиглэгддэг юм. Энэ нь өрсөлдөөн бараг байхгүй салбар, яагаад гэвэл манай орны зах зээлээс явсан барууны үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг орлон үйлдвэрлэж байгаа хэрэг. Ийм учраас өрсөлдөөнийг дарсан явдал хэмээн би бодохгүй байна. Түүнээс гадна уралдаант шалгаруулалтын үндсэн дээр хамгийн дэвшилттэй саналыг хүлээн авдаг юм. Төсөл шалгаруулдаг Экспертүүдийн зөвлөл нь ихэнхдээ бизнесийн зөвлөлийн төлөөлөгчдөөс бүрддэг. Тэнд ХАҮТ-ын төлөөлөгчид ч ажилладаг юм. Тэд хамтран ажиллагсадтайгаа нийлээд ямар төслийг дэмжихээ шийддэг. Дэмжигдсэн төслийн тал хувь нь манай танхимаар орсон төслүүд байдаг гэж би баттай хэлж чадна. Салбар танхимууд төслүүдийг шилж аваад, бидэнд илгээдэг. Холбооны танхим дээр төсөл боловсруулагчтай хамт ирсэн төслийг сайжруулаад Экспертүүдийн зөвлөлд өгдөг бөгөөд төсөл хэрэгжүүлэх явцад танхим ёс суртахууны хариуцлага хүлээж, хэрэгжүүлэх явцыг хянадаг. Орхичхож болдоггүй. Яаж орхиж болох вэ дээ, хувийн мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийсэн юм чинь. Ийм учраас манайд эхлүүлээд явж байгаа, хэрэгжүүлээд явж байгаа, дуусах шатандаа орсон олон төсөл байгаа бөгөөд Үйлдвэрлэлийн хөгжүүлэх сангаас тавьсан зорилтод хүрэхээр ажиллаж байна. Үр дүнтэй ажиллаж байна.
– Эдийн засагт төр гол үүрэг гүйцэтгэж байна. Тэгэхлээр Худалдаа аж үйлдвэрийн танхим төсвөөс санхүүждэг үү?
– Үгүй ээ. Төрийн ганц ч рубль манайд байдаггүй.
– Танхимаар дамжиж мөнгө орж ирдэг үү? Танай сангаар дамждаг уу?
– Үгүй ээ. Улсын мөнгө орж ирдэггүй, танхимаар дамждаггүй юм. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас дэмжсэн төсөлд мөнгө нь шууд ордог. Манай танхимаар улсын мөнгө дамждаггүй юм.
– Сергей Николаевич, 2012 онд Москвад нийслэлийн компани, байгууллагууд Авлигын эсрэг харти дээр гарын үсэг зурж эхэлсэн.
– Яагаад Москвад гэж? Орон даяар явагдсан шүү дээ.
– Орон даяар аа. Одоо хэрхэн явж байна?
– Муугүй шүү. Түүнээс гадна хартид гарын үсэг зурсан төдийгүй дараагийн алхмыг хийж байгаа юм. Энэхүү хартийг биелүүлж байгаад хяналт тавих хэрэгслийг бий болгож байна. Цаасан дээр гарын үсэг зураад мартаж орхихгүйн тулд. Гарын үсэг зурсандаа хариуцлага хүлээхийн тулд. Бид энэ хартийг хэрхэн биелүүлж байгаа талаар, компанийн үйл ажиллагаанд нэвтрүүлсэн эсэхэд, ялангуяа том компаниудад хянан шалгах, аудит хийх хэрэгсэлтэй болж байна. Бид энэ бүхнийг хийхдээ олон түмэнд ил тод байдлаар, эргэн тойронд бүх хүмүүс мэдэж байхаар, түүний дотор өрсөлдөгчид мэдэж байхаар хийдэг. Компаниуд хартийг зурсан учраас олон түмэн онцгой хяналт тавих ёстой юм. Яаж уралдаант шалгалтад оров оо гэж. Ингэж олон нийтийн хяналт тавьж байх ёстой. Зөвхөн бид биш, энэ өрсөлдөөнд оролцож байгаа хүн болгон анхааралтай ажиглаж байхаар.
– Энэ чиглэлээр ахиц гарч байна уу?
– Тийм ээ. Тэгэлгүй яах вэ. Бид энэ чиглэлээр ажиллаж байна. Авлига гэдэг бол дэлхий даяар байдаг зүйл. Зарим улсад тэр нь айхавтар хөгжсөн байхад зарим улс нь санхүүг маш тунгалаг болгож, авлигыг доод цэгтээ хүртэл багасгасан байдлаар зохион байгуулсан байна.
– Авлигын индекс гэж бий. Оросын индекс сайжирч байна уу?
– 2015 онд нэлээн хэдэн байраар дээшилсэн. Энэ бол мэдэгдэхүйц амжилт байсан юм. Гэвч миний хувьд энэ нь гол үзүүлэлт биш ээ. Бид тогтмол бизнес эрхлэгчдээс санал асуулга авдаг юм. Манай Оросын бизнес эрхлэгчдээс.
– Дүнг жил болгон хэвлэдэг үү?
– Бид санал асуулгын дүнг эрх бүхий байгууллагад хүргүүлдэг юм. Олон улсын байгууллага уучилна биз дээ, надад энэ олон улсын үнэлгээ сонин биш, харин манай бизнес эрхлэгчид авлигын түвшнийг ямар байдлаар үнэлж байна гэдэг нь маш чухал юм. Энэ чиглэлээр ахиц байна аа. Сайжирч байна. Харамсалтай нь маш удаан явж байна.
– Манайд ч гэсэн ахиц муутай байна. Манайд төрийн компани олон байдаг. Төрийн компани гэдэг чинь чиний мөнгө биш учраас хүмүүс очиж ажиллаж байна, хариуцлага үүрэхгүй байна. Өөрийн мөнгө байсан бол хариуцлага үүрэх байсан даа?
– Хаа сайгүй адилхан байна. Авлига төрийн байгууллагад байдаг гэж хүн болгон боддог. Яг ч бас тийм биш юм аа. Босоо удирдлагатай хувийн компанид ч авлига их бий. Их том компани байдаг. Тоног төхөөрөмж, тавилга гээд зүйл зүйлийн их захиалга байдаг. Энд захиалагч, гүйцэтгэгч гэж бий. Энд ч авлига өгөх албан ёсны биш танилууд байдаг байна. Авлига зөвхөн төрийн байгууллагад байдаг юм биш ээ, хувийн байгууллагад байдаг юм.
– Танхимын талаар сүүлийн асуулт асууя. Арбитрын шүүх гэж байна. Орост хэн үүнийг хийдэг вэ? Бие даасан байна уу, Танхимын дэргэд байна уу?
– Танхимын дэргэд. Олон улсын Арбитрын шүүх манай танхимын дэргэд байдаг. Одоо байгуулагдаад 85 жил болж байна. Энэ нь маргааныг шийддэг хамгийн эртний байгууллага. Манай арбитрын хэлэлцэн шийдвэрлэдэг хэргийн тоо нь Стокгольмын арбитрынхаас ч тэр, Лондоны арбитрынхаас ч тэр илүү байдаг. Түүнээс гадна шийдвэрлэдэг хэргийн 10 орчим хувь нь гадаадынх байдаг байна. Өөрөөр хэлбэл манай арбитрын шүүхээр хэргээ шийдвэрлүүлэх гэсэн гадаадын хүмүүс, компаниуд байдаг.
– Сергей Николаевич, Та бид хоёрын ярилцлага Монголын олон аж ахуйн нэгж, хүмүүст манай хөршийг ойлгоход туслах бол уу гэж бодож байна. Тэдгээрийн бизнест тусална гэж найдаж байна.
– Оросын бизнесийн эргэн тойрон дахь нөхцөл байдлыг ойлгуулж тус болсон бол би ч баяртай байна. Монголын бизнес эрхлэгчдийг эх орондоо хүлээх болно. Манай бизнес эрхлэгчид ч гэсэн илүү идэвхтэй харилцаж, ирэх байх. Үүний тулд бид урьдчилсан нөхцөлийг бий болгосон, цаашид ч ажиллах болно.
– Ярилцсанд баярлалаа.
Орчуулсан: Д.Баярцэнгэл
14 цагийн өмнө
18 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.