Гадаадын иргэд бичиг баримтаа биедээ авч явах үүрэгтэй

2017-07-24 Ярилцлага

Монгол Улсад оршин суугч болон түр ирэгч, хувийн хэргээр зорчиж буй гадаадын иргэдэд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг сурталчлан таниулах чиглэлээр баталгаат эх сурвалжаас цуврал ярилцлага бэлтгэн уншигч Танд хүргэж байна. Энэ удаад Гадаадын иргэн, харьяатын газрын Хяналтын улсын байцаагч Г.Оргилоос тодруулга яриа авснаа хүргэе.

-Аялал жуулчлал, бүтээн байгуулалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсыг зорих гадаад иргэдийн тоо ихээр нэмэгдэж байна. Эдгээр иргэд ямар эрх, үүрэг хүлээдэг вэ?

-Зуны улиралд Монгол орны үзэсгэлэнт байгаль, зан заншил, соёл уламжлалтай танилцахаар зорих жуулчид, дэд бүтцийн салбарт ажиллах гадаадын иргэдийн тоо эрс нэмэгддэг. Жуулчны буюу J ангиллын визээр орж ирж буй гадаад иргэдийн тоо нэмэгдэж, Монгол Улсад зорчиж буй нийт гадаад иргэдийн багагүй хувийг эзэлж байна.

Жуулчдын хувьд, хамгийн түрүүнд аяллын төлөвлөгөөгөө нарийн гаргаж, хугацаагаа тооцох хэрэгтэй байдаг. Жуулчдын дийлэнх нь 30 хоногийн хугацаатай ирж байгаа. Тэгэхээр энэ хугацаанд юу үзэх, хаагуур аялах гэсэн төлөвлөгөөгөө сайтар боловсруулах шаардлагатай гэсэн үг. Хэрэв 30 хоногийн хугацаандаа амжихгүй тохиолдолд визийн хугацаа дуусахаас ажлын 4 хоногийн өмнө Гадаадын иргэн, харьяатын газарт хүсэлтээ гаргаж, визийн хугацааг 1 удаа 30 хүртэл хоногоор сунгуулах боломжтой.

Зарим улсын иргэдийн хувьд 90 хүртэл хоногийн визээр зорчиж байгаа. Энэ тохиолдолд бүртгэлийн журмыг биелүүлэх ёстой. Дэлгэрүүлбэл, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Монгол Улсын хилээр нэвтэрсэн өдрөөс хойш ажлын долоо хоногийн дотор манай байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй гэсэн үг.

Харин урт хугацаагаар буюу 90 хоногоос дээш хугацаагаар оршин суух гадаад иргэдийн тухайд бол Монгол Улсын хилээр нэвтэрсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор визийн ангиллын дагуу оршин суух зөвшөөрлийн үнэмлэх авах үүрэгтэй. Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн 15 хэлбэр бий. Тухайлбал, хөдөлмөр эрхлэх, хөрөнгө оруулах, суралцах, цагаачлах, гэр бүлийн болон хувийн зорилгоор оршин суух гэх мэт. Иймд, эдгээрээс өөрт тохирох хэлбэрийн дагуу холбогдох материалаа бүрдүүлж өгөөд оршин суух үнэмлэхээ авна. Монгол Улсад оршин суух үнэмлэх шинээр олгох, сунгуулах хүсэлтийг ажлын 5 өдөрт, яаралтай үйлчилгээг ажлын 3 өдөрт багтаан олгодог.

Хөдөлмөр эрхэлж буй гадаад иргэдэд нэг зүйлийг сануулан хэлэхэд оршин суух үнэмлэхээ сунгуулах бол эхлээд Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний ерөнхий газраас хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрсөн албан бичиг авдаг. Тиймээс энэ хугацаагаа бас сайтар тооцож манай байгууллагад хандах хэрэгтэйг хэлье.

-Монгол Улсад зорчиж буй гадаад иргэд ихэвчлэн ямар төрлийн зөрчил гаргаж байна вэ? Зөрчилд холбогдсон иргэдэд ямар арга хэмжээ авдаг вэ? 

-Гадны иргэдийн гаргаж буй зөрчлийн дийлэнх хувийг оршин суух зөвшөөрлийн хугацаа болон визийн хугацааг хэтрүүлэх, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хууль бусаар хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах зэрэг зөрчлүүд эзэлдэг. Зөрчил гаргасан гадаадын иргэдэд холбогдох хууль, тогтоомжийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулна. Зөрчил гаргасан шалтгаан, хэтрүүлсэн хоногийн тоо зэргээс шалтгаалж торгуулийн хэмжээ харилцан адилгүй байдаг.

Үүнээс гадна, бичиг баримтаа биедээ авч яваагүй, хаягийн зөрчил гэсэн нийтлэг зөрчлүүд бий. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.5-д зааснаар Монгол Улсад зорчих, албан болон хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэн нь “паспорт болон Монгол Улсын эрх бүхий байгууллагаас олгосон оршин суух үнэмлэхийг биедээ авч явах” үүрэг хүлээдэг. Хэрэв хяналт шалгалтаар тухайн гадаадын иргэн биедээ паспорт болон түүнийг орлох бичиг баримтгүй нь тогтоогдсон тохиолдолд хуулийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 дахин бууруулсантай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Мөн биедээ бичиг баримтгүй, хэн болох нь тогтоогдохгүй байгаа, албадан гаргах ажиллагаанд саад учруулж, гэмт хэрэг, зөрчил гаргаж болзошгүй, Монгол Улсаас гарах сануулга авсан гадаад иргэд 10 хоногийн дотор гараагүй гэх мэт зөрчил гаргасан тохиолдолд хяналтын улсын байцаагчийн шийдвэрээр 6 хүртэл цаг, Шүүхийн шийдвэрээр 14-30 хоног хүртэл хугацаагаар зөрчлийг шийдвэрлэх хүртэл саатуулах арга хэмжээ авна.

-Долдугаар сарын нэгнээс Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотой ямар өөрчлөлтүүд байгаа вэ?

-Шинэчлэн найруулсан Зөрчлийн тухай хууль 2017 оны 7 дугаар сарын нэгнээс хэрэгжиж эхлээд байгаа. Энэ хуульд 1600 орчим зөрчлийг зохицуулахаар тусгаснаас Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зөрчсөн этгээдэд торгууль ногдуулах хэд хэдэн заалт бий.

Тухайлбал, бүртгэлийн журам, оршин суух үнэмлэх эзэмших, ашиглах, хадгалах журам, паспорт, паспортыг орлох баримт бичиг, оршин суух үнэмлэхээ биедээ авч явах журам, хөдөлмөр эрхлэх журам зөрчсөн бол нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, Гадаадын иргэнийг хууль тогтоомжид заасан хугацаанд зохих байгууллагад бүртгүүлээгүй бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог болсон. Мөн хуульд заасан хугацаанд оршин суух зөвшөөрөл аваагүй, оршин суух болон визийн хугацааг хэтрүүлсэн бол хэтрүүлсэн хоног тутам арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Түүнчлэн хуульд заасан хугацаанд оршин суух зөвшөөрөл аваагүй, оршин суух зөвшөөрлийн хугацаа, визийн байх хугацааг хэтрүүлсэн уригчид гадаадын иргэн тус бүрээр зөрчилд тооцон хэтрүүлсэн хоног тутам арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заасан.

-Зөрчлөө хэрхэн арилгуулах боломжтой вэ? Зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Гадаадын иргэн зөрчлөө арилгуулахдаа ямар шалтгаанаар, яагаад зөрчил гаргасан тухайгаа тайлбарлан, зөрчил шийдвэрлүүлэх хүсэлтээ манай байгууллагад гаргана. Түүнчлэн зөрчил бүхий баримт бичгийг авчирч, хяналтын улсын байцаагчид шалгуулан ямар зөрчил гаргасан түүнийхээ дагуу зохих торгуулийн мөнгийг холбогдох банкинд тушаасан баримтын хамтаар бүрдүүлж ирэх ёстой.
Бүтээн байгуулалтын улиралд Засгийн газрын тогтоол болон Хөдөлмөр халамж, үйлчилгээний ерөнхий газрын зөвшөөрлөөр зам, барилга, газар тариалан, уул уурхай болон бусад салбарт хөдөлмөр эрхэлж буй гадаад иргэдийн хувьд дандаа уригч аж ахуйн нэгжтэй байдаг. Тиймээс эдгээр иргэдийг ажиллуулж буй хувь хүн, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд бичиг баримтынх нь хугацааг сайтар анхаарч хянаж байх хэрэгтэйг сануулмаар байна.

-Гадаад иргэнийг ямар тохиолдолд албадан гаргадаг вэ?

-Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заасан Гадаадын иргэнийг албадан гаргах 12 үндэслэл бий. Албадан гаргагдсан иргэдийн хамгийн нийтлэг тохиолдлууд нь оршин суух зөвшөөрлийн хугацаа болон визийн хугацааг хоёроос дээш сараар хэтрүүлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах юм.

Сүүлийн 3 жилийн байдлаар Монгол Улсаас албадан гаргагдсан гадаадын иргэдийг эхний хагас жилийн тоон үзүүлэлтээр харьцуулахад 2015 онд 18 орны 188 иргэнийг, 2016 онд 25 орны 313 иргэнийг тус тус албадан гаргасан. Харин 2017 оны хувьд 261 гадаадын иргэнийг албадан гаргаад байна. Сүүлийн жилүүдэд албадан гаргагдсан гадаад иргэдийн тоо харьцангуй буурч байгаа. Үүнд нөлөөлж буй хэд хэдэн шалтгаан бий. Тухайлбал, Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулалт буурч, Монгол Улсад зорчих гадаадын иргэдийн хөдөлгөөн багассан, хяналт шалгалтын үйл ажиллагаа эрчимжиж, иргэд, аж ахуйн нэгжид Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг сайтар танилцуулан мэдээлэл, зөвлөгөө өгөх болсон. Түүнчлэн хил дээрх хяналт шалгалт сайжирч зөрчилтэй иргэдийг хил дээрээс буцааж байгаа зэрэг нь үүнд чухал нөлөө үзүүлж байна.

-Гадаадын иргэн, харьяатын газраас гадаад иргэдийг аливаа зөрчил гаргаххаас урьдчилан сэргийлэх чиглэлд ямар ажил зохион байгуулж байна вэ?

-Гадаадын иргэн, харьяатын газрын Хяналт шалгалтын газраас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг тогтмол явуулж байна. Эдгээр хяналт шалгалтад эмнэлэг, сургууль, үйлдвэр, үйлчилгээ засварын газар, хөдөө орон нутаг зэрэг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж, гадаадын иргэдийг ажиллуулж буй бүхий л аж ахуйн нэгжүүд хамрагддаг. Хяналт шалгалтын явцад эдгээр байгууллагуудад холбогдох хууль тогтоомж болон гадаадын иргэдийн бичиг баримтын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл зөвлөгөө өгдөг.

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2017 оныг “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан Гадаадын иргэн, харьяатын газраас “Цахим иммигрэйшн” зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Бид энэ дагуу иргэдэд цахимаар хууль, эрх зүйн мэдээлэл зөвлөгөө өгөх, аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг идэвхтэй зохион байгуулан ажиллаж байна.

Эх сурвалж: ХЗДХЯ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.