Манай сайтын сэтгүүлч Г.Батзоригийн нийтлэл шилдэгээр шалгарлаа

2017-07-3 Нийтлэл

Монголбанкнаас зарласан “Үнийн тогтвортой байдал” уралдааны Тэргүүн байранд  манай сайтын сэтгүүлч  Г.Батзоригийн Эдийн засгийн сэргэлтийн жилүүдэд төв банк инфляцийг хэрхэн “чөдөрлөх” вэ нийтлэл шалгарлаа. Ингээд нийтлэлийг хүргэе. 

Эдийн засгийн сэргэлтийн жилүүдэд төв банк инфляцийг хэрхэн “чөдөрлөх” вэ 

Анх 2000 оны дундуур оюутан болж байсан залуус сайн мэдэх байх. Тухайн үед сургуулийн дотуур байранд суурьшиж, сар бүр гэрээс гуйвуулах 20 мянган төгрөгөөр под хийтэл амьдарчихдаг байлаа. Хэдэн кг мах, гурил, будаа, хүнсний ногоо нөөцлөөд авчихвал сэтгэл амарч, өлсөх зовлонгүй төгссөн юм даг. Харин одоогийн оюутнууд 20 мянган төгрөгөөр юу авах бол. Үрэлгэн нэгэн 2-3, хэмнэж чадсан нь 4-5 хоног тэсч байна. Энэ бол инфляцийн хор хөнөөл юм. Хүүхдээ дээд сургуульд сургана хэмээн тав, гурван “цаас” цааш хийж, тэтгэвэрт гарсны дараа хэрэглэнэ хэмээн цалингаасаа багахан ч болов хурааж байгаа хүний мөнгөнөөс инфляци ямар ч зөвшөөрөлгүйгээр хумсалж орхидог. Тухайлбал, инфляци жилийн 15.1 хувь байвал тав хүрэхгүй жилийн дотор юмны үнэ хоёр дахин үнэтэй болно. Тийм ч учраас зарим улсын тэргүүн инфляцийг дээрэмчинтэй зүйрлэсэн нь зүгээр нэг сэтгэлийн хөөрлөөр хэлчихсэн үг биш.

Иймээс улс орны төв банкууд инфляци буюу үнийн түвшинг тогтвортой барихад онцгойлон анхаардаг. Ялангуяа, эдийн засаг нь тогтвортой өсөхийн хэрээр инфляцийг нам түвшинд байлгахад толгойгоо илүүтэй гашилгаж байдаг. Уг нь инфляцийг барих үйлдэл нь амархан л даа. Төв банк бодлогын хүүгээ нэмэгдүүлээд боллоо. Ингэснээр зах зээл дэх мөнгөний урсгал татарч, инфляци хүссэн хүсээгүй номхон хүлцэнгүй болоод ирнэ. Өнгөрсөн намар манай улсад дифляци үүссэнийг хэн хүнгүй мэднэ. Энэ нь өрхийн хүнсний хэрэглээнд хамгийн их жин дардаг мах, ногооны үнэ эрс хямдарснаас үүдэлтэй байв. Худалдан авалтыг нийлүүлэлт нь давснаар үнэ хямдарч, дифляци үүсэх суурийг бүрдүүлдэг. Тухайн үед тарган хонины гулуузыг 70 мянган төгрөгт багтаагаад авчхаж байлаа. Ийм байхад орой бүр тогоо дүүрэн мах чанаж зооглоод байсан ч болох биз. Тэгэхээр инфляци нам түвшинд байх нь их ашигтай байгаа биз. Бас инфляцийг бууруулах үйлдэл нь амархан. Нэг шийдвэр гаргаад боллоо. Ингэхээр төв банк инфляцийг бага түвшинд барихад анхаараад байвал болоо юм биш үү.

Харамсалтай нь тийм боломж байхгүй. Хэдийгээр инфляци бага байх нь сайхан, бууруулах үйлдэл нь амархан ч эдийн засгийн өсөлт хэмээх инфляциас дутахгүй чухал зүйл бий.

Аливаа эдийн засагт мөнгөний урсгал нэмэгдэж байж бизнесийн үйл ажиллагаа идэвхжиж, үйлдвэрлэл явагдаж, хүмүүс ажилтай болж, орлогоороо худалдан авалт хийж эдийн засгийг идэвхжүүлдэг. Үүний дүнд төр татвараа бүрдүүлж, бодлогоо хэрэгжүүлж, тэтгэвэр тавьж, нийгмийн эмзэг бүлгээ тэтгэн дэмждэг. Иймд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах нь улс орны нэн тэргүүний зорилт байхаас өөр аргагүй. Ийм учраас инфляцийг тогтвортой барих, эдийн засгийн өсөлтийг хангахад төв банкнаас маш торгон мэдрэмж, бодлого шаарддаг.

Өнгөрсөн хугацаанд төв банк дээрхтэй холбоотой хүнд шийдвэрүүдийн өмнө олон удаа тулж ирж байв. Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын нөлөөгөөр 2011-2012 оны үед 17 хувийн өсөлт үзүүлж байлаа. Энэ нь дэлхийд гайхагдах маш сайн үзүүлэлт боловч эдийн засгийн өндөр өсөлтийг дагаад инфляци 14 хувь давсан. Мөн өнгөрсөн Засгийн газрын үед төв банкнаас олон их наяд төгрөгийг барилгын салбар болон бусад төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулсан. Энэ нь эдийн засгийн хямралыг сааруулж, өсөлтийг тогтоон барих гэсэн бодлоготой уялдаатай боловч “ногоон”-ны ханшийг чангаруулах нэг шалтгаан болсныг хүлээн зөвшөөрөх учиртай. Мэдээж энэ тохиолдолд төгрөгийн үнэ цэнэ буурна. Импортоос хэт хамааралтай манай улсын хувьд илүү өндөр өртөгтэйгөөр бүтээгдэхүүн худалдан авах шалтгаан болно.

“Юмны үнэ өссөн бол эргээд буурна гэж байхгүй шүү” хэмээн та хэзээ нэгэн цагт үглэж байсан биз. Инфляцийн нэг том хор уршиг нь энэ. Нэгэнт инфляци өндөр түвшинд тогтчихвол бууруулахад тун түвэгтэй болчихдог. Инфляци өндөртэй байсан улсууд ерөнхийдөө өндөртэйгөөрөө үлддэг. Индонези, Чили зэрэг цөөн улс өндөр инфляциа бууруулж чадсан жишээ байдаг ч өндөр инфляцитай улсуудын инфляци улам гаарсан байдаг. Иймээс инфляцийг аль болох нам түвшинд байлгах, үүний тулд эдийн засгийг урт хугацаанд аажим аажмаар тогтвортой өсгөх шаардлагатай аж. Үүнтэй холбоотой нэг жишээ дурдвал, өндөр хөгжлөөр гайхуулагч Сингапурын эдийн засгийн жилийн дундаж өсөлт 8.1 хувьд тогтвортой явж иржээ. Тэд манайх шиг эдийн засгаа гэнэт 17 хувь өсгөж, хэдхэн жилийн дараа эргээд 1-2 хувь болтол унагасангүй. Харин 8.1 хувь гэсэн өсөлтийг ганхуулалгүй тогтвортой бариад яваад байжээ. Үүний дүнд тус улсын 40 жилийн дундаж инфляци ердөө 3.2 байх жишээтэй.

Үүнтэй холбоотойгоор бидний өмнө тулгарах дараагийн том сорилт тодорхойлогдоно. Тодруулбал, Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Бид Валютын сангийн түүхэнд тухайн улсын ДНБ-тэй нь харьцуулахад хамгийн өндөр дүнтэй санхүүжилт авна. Манай улсын ДНБ 10.5 тэрбум ам.доллар. Тэгвэл валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд 5.5 тэрбум ам.долларын зээл авч байна. Иймд 2019 он гээд хөтөлбөр дуусахад Монгол Улсын гадаад болон дотоодын өрийн хэмжээ өнөөгийнхөөс нэг их бууж чадахгүй. Иймд бид өрийн удирдлагын тогтвортой байдлыг хангах ямар гарц харж байна гэвэл эдийн засгаа хурдтай томруулна. 2016 онд манай ДНБ 24 орчим их наяд төгрөг байсан бол 2020 он гэхэд 40 их наядад хүргэх шаардлага гарна. Өрийн хэмжээ буугаагүй боловч эдийн засаг 60 орчим хувьтай томорчихвол өрийн удирдлагын тогтвортой байдал бий болно. Хөгжлийн суурь бий болно гэсэн тооцоо хийсэн” хэмээсэн. Өөрөөр хэлбэл, эдийн засгийг богино хугацаанд хурдацтай өсгөх нь ээ. Тэгвэл үүнийг дагаад нөгөө талд инфляци өсөх эрсдэл гарч ирнэ. Иймээс ирэх жилүүдэд төв банкнаас эдийн засгийн өсөлтийг хангахтай зэрэгцэж инфляцийг тогтвортой барих өндөр ур чадвар, торгон мэдрэмж шаардах нь гарцаагүй боллоо.

Өндөр инфляцитай улс орнууд үүнтэй үндсэндээ хоёр аргаар тэмцэж байна. Нэгдүгээрт, “Инфляцийг онилох” бодлого буюу төв банкийг инфляцийн хувь хэмжээг бага түвшинд тогтвортой барьж байх цорын ганц үүрэгтэй болгож үүнийгээ гүйцэтгэхэд ямар арга хэмжээ авах шаардлагатай байна түүнийгээ хийх бүрэн эрхээр хангах явдал. Өндөрсгөсөн эрхтэй нь уялдуулж хүлээх хариуцлагыг нь ч нэмэгдүүлнэ. Хоёрдугаарт, үндэсний валютаа гадаад валюттай уях эсвэл түүнээсээ бүрмөсөн татгалзаж тогтвортой валютыг өөрийн болгон хэрэглэх. Ингэснээр Засгийн газрын шахалт дарамтаар болон сайн дураараа төв банк мөнгө хэвлэн гаргах боломж нь механикаар хаагдана.

Эдгээр бодлогуудыг зарим улс дангаар, зарим нь хослуулан хэрэгжүүлж байгаа. Аль ч тохиолдолд бодлогодоо тууштай байж үүнтэйгээ зэрэгцүүлэн мөнгөний нийлүүлэлтийн хурдаа эрс багасгаж санхүүгийн сахилга батыг төсвийн бүх шатанд хэрэгжүүлж, төрийн секторынхоо нийт эдийн засагт эзлэх хэмжээг цомхтгож, хэмнэлтээс нь төрд ажиллагсдын чадвар, үр өгөөжийг нэмэгдүүлэх, түүнд нь дүйцэх нөхөн төлбөрийг олгох зайлшгүй шаардлагатай байдаг аж. Үүний үр дүнд Бразилд 1999-2006 онд дундаж инфляци жилийн 8 хувь болгож чадсан юм. Мөн Чили, Мексикт өнөөдөр инфляци мөн л буурч төв банкууд нь инфляцийг жилд 2-4 хувьд барих зорилго тавин ажиллаж байна. Манайд ямар бодлого, чиглэлээр явах нь төрийн шийдэх асуудал.

Эцэст нь тэмдэглэхэд, эдийн засгийн өсөлтийг хангах, инфляцийг тогтвортой барих ямар ч бодлого хэрэгжүүлсэн орхигдуулж болохгүй нэг чухал зүйл нь нефтийн хараат байдлаас салах явдал.

Өнөөдрийн онч үг

7 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.