Монгол Улсын нийт гадаад өр 2025 оны гуравдугаар улирлын эцсийн байдлаар 40.4 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.7 тэрбум ам.доллар буюу 13 хувиар өссөн байна. Харин өмнөх улирлаас 805.2 сая ам.доллароор буюу 2.2 хувиар нэмэгджээ.
Гадаад өр ийнхүү өсөхөд шууд хөрөнгө оруулалттай холбоотой компани хоорондын зээллэг, банк санхүүгийн салбарын зээл, Засгийн газрын гадаад өрийн нэмэгдэл голлон нөлөөлсөн байна. Тодруулбал, шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 1.6 тэрбум ам.доллар, Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагын гадаад өр 1.5 тэрбум ам.доллар, Засгийн газрын гадаад өр 594.9 сая ам.доллароор тус тус өсжээ.
Нийт гадаад өрийг салбараар нь авч үзвэл:
Шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 18.3 тэрбум ам.доллар буюу нийт өрийн 45.3 хувь
Засгийн газрын гадаад өр 8.8 тэрбум ам.доллар буюу 21.7 хувь
Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллага 3.5 тэрбум ам.доллар буюу 8.5 хувь
Төв банк 1.4 тэрбум ам.доллар буюу 3.5 хувь
Бусад салбар 8.5 тэрбум ам.доллар буюу 21.0 хувийг тус тус эзэлж байна.
Эндээс харахад гадаад өрийн бараг тал хувийг гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын хоорондын зээллэг бүрдүүлж байгаа нь анхаарал татаж байна.
ЗАСГИЙН ГАЗРЫН НИЙТ ӨР 35.7 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЭВ
Энэ оны гуравдугаар улирлын эцэст Засгийн газрын нийт өр 35.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.8 их наяд төгрөг буюу 15.6 хувиар өссөн байна. Харин өмнөх улирлаас 175.3 тэрбум төгрөгөөр буюу 05 хувиар нэмэгджээ.
Засгийн газрын өрийн өсөлтөд гадаад өрийн хэмжээ мэдэгдэхүйц нөлөөлсөн бөгөөд гадаад өр жилийн дотор 4.1 их наяд төгрөг 13.5 хувиар нэмэгдсэн бол дотоод өр 764.1 тэрбум төгрөгөөр буюу 2.2 дахин өссөн байна. Харин Засгийн газрын өрийн баталгаа 29.5 тэрбум төгрөгөөр буюу 14.2 хувиар буурчээ.
Засгийн газрын нийт өрийн:
34.2 их наяд төгрөг буюу 95.6 хувь нь гадаад өр
1.4 их наяд төгрөг буюу 3.9 хувь нь дотоод өр
178.8 тэрбум төгрөг буюу 0.5 хувь нь өрийн баталгаа байна.
Гадаад өрийн дотор үнэт цаас 10.8 их наяд төгрөг, зээл 23.3 их наяд төгрөгийг эзэлж байгаа нь Засгийн газар олон улсын зах зээлээс татан төвлөрүүлсэн зээлийн хэмжээ өндөр хэвээр байгааг харуулж байна.
Түүнчлэн 2025 оны гуравдугаар улирлын эцэст Засгийн газрын өрийн үндсэн төлбөрт 2.8 их наяд төгрөг, хүүгийн төлбөрт 930.8 тэрбум төгрөг тус тус төлөгдсөн байна. Үндсэн төлбөрийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.2 их наяд төгрөгөөр буюу 68.5 хувиар өссөн бол хүүгийн төлбөр 4.2 тэрбум төгрөгөөр буюу 0.4 хувиар буурсан байна.
13 минутын өмнө
2 цагийн өмнө
2 цагийн өмнө
2025-12-22
2025-12-22
2025-12-16
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.