
2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэлд зохион байгуулагдсан “КОP-17” НҮБ-ийн Цөлжилттэй тэмцэх тухай конвенцийн талуудын бага хурлын хүрээнд бэлтгэсэн энэхүү аналитик өгүүллийг толилуулж байна. Өгүүллийн хураангуйлсан хувилбар нь “КОP-17” талуудын бага хурлын үеэр TodToli.mn, Newsmedia.mn, Khovdtims.mn дотоодын сайтуудад, мөн түүнчлэн тухайн сэдвээр нийтэлдэг олон улсын тэргүүлэх платформуудын нэг болох “We Don’t have time” цахим сайтад “Уур амьсгалын бодлогод яагаад уугуул иргэдийн мэдлэг хэрэгтэй вэ?” /Why climate policy needs Indigenous knowledge/ гэсэн гарчигтайгаар нийтлэгдсэн юм.
1. “Том малгай”-н доорх ягшмал баримтлал
Бэлчээрийн мал аж ахуй эрхлэж аж төрдөг заяамал хэвшилтэй хүн ардын хувьд тэдний амьдралын гол үндэс суурь болсон мал бэлчээрлэх газрын хөрсний үржил шим дэлхийн хаа ч ялгаагүй жилээс жилд саармагжин, чанар нь муудаж, бэлчээрийн доройтлын шинж тэмдэг аажмаар эрчимсээр байгаа тухай яригдаж, бичигдсээр ирсэн.
Энэ нь үгүйсгэх нөхцөлгүй зүйл гэдгийг хэд хэдэн түвшинд авч үзэж болох юм. Юуны өмнө уг шинж нь нүдээрээ харж, гараараа барьж, өдөр тутмынхаа амьдралд мэдрэгдэж буй шинж тэмдэгүүдээр нь мэдэрч, ажигласаар байдаг малчид, мал аж ахуй эрхлэгчид, хөдөөгийн хүмүүсийн хүүрнэл, яриа хөөрөөн дунд маш тодорхой илэрнэ.
Тухайлбал, Монгол хүмүүсийн хувьд “Цаг сайхан байхад энэ газарт нарийн өвс найгаж, өвсөн дунд хэвтэж байгаа унага харагддаггүй байжээ. Тэгтэл одоо гар хадуур тавих ч өвсгүй болж дээ…”, “Эмийн цэцэгс дэлгэрч байдаг асан энэ нутагт тийм ховор нандин цэцэг ургамал гарахаа болиод удаж байна даа….”, эсвэл сүүлийн жилүүдэд туулай, тарвага, хулгана зурам, үхэр оготно үзэгдэхээ больжээ. Мэрэгч амьтад нь элбэг гүйлдэж байх үед газрын гарц ч гэж өтгөн сахлаг, мал амьтдын тарга тэвээрэг ч язгар байдаг байв шүү” гэх мэтчилэн ярилцана.
Энэ талаар ажиглаж судалдаг судлаач, эрдэмтэд, мэргэжилтнүүдэй яриа өдөж, харагдаж буй байц төлвийн учир шалтгаан руу өнгийх үед тэд ч мөн дээр үгүүлэгдсэн малчид, эгэл хүмүүсийн амнаас унах үгсийг батлаад өгөх нь цөөнгүй.
Тухайн чиглэлийн судалгааны тайлан, таниулгууд, тоймлолт дүгнэлтүүдийн захаас татаад үзэхэд тодорхой баримт сэлтүүд нүдэнд тусаж, ой тоонд ургах нь ч мэдээж. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн тайланг сонирхвол өнөөгийн нөхцөлд дэлхийн газар нутгийн 20-40 хувь нь доройтсон буюу доройтож байгаа гэж нэгтгэн дүгнэжээ. НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын (FAO) гаргасан тооцооллоор манай бөмбөрцөгт одоо нийтдээ 1.66 тэрбум га газар буюу дэлхийн бүх газар нутгийн 10-аас илүү хувь нь хүний үйл ажиллагаанаас доройтсон гэж үзсэн байна.
Монгол орны бэлчээрийн төлөв байдлыг судалсан хамгийн сүүлийн үеийн судалгааны нэгтгэсэн танилцуулгаас харвал 2025 оны байдлаар нийт нутаг дэвсгэрийн 81.9 хувь нь ямар нэг байдлаар хэт нөлөөлөлд нэрвэгдэж, доройтлын шинж төлөвд (бага, дунд, хүчтэй, маш хүчтэй гэсэн төлвүүдээр) орсон (Монгол Улсын Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам) гэжээ. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн хүрээн дэх Монгол улсын Цөлжилттэй тэмцэх Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлангаас үзэхэд 2020 оны байдлаар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн мөн 76.9 хувь тодорхой хэмжээгээр газрын доройтолд орсон гэж дүгнэжээ. Үүний 4.7 хувь нь нэн хүчтэй цөлжилтийн зэрэглэлд, 18.6 хувь нь хүчтэй цөлжилтийн зэрэглэлд хамаарч байгаа, тэрчлэн бэлчээрийн нийт нутгийн 60 хувьд ургамлын төрөл зүйл өөрчилөгдөж, ургамлын нөмрөг доройтсон. Энэ нь газар бэлчээр доройтох шинж төлөв эрчимжиж, экосистемийн эмзэг байдлын түвшин нэмэгдэж байгаагийн илрэл хэмээн мэргэжилтнүүд онцлож байна. Гэсэн хэдий ч манай Улсын төрийн байгууллагууд хийгээд олон Улсын байгууллагуудын тайлан сэлтэд бичигдэж буй газар нутгийн 80 илүү хувь нь хавтгайдаа цөлжчихсөн, тэр нь бэлчээрийн мал сүргээс болоод байгаа мэтээр харуулахыг оролддог зүйлтэй үүнийг бичигч миний бие төдийгүй, зарим судлаач, эрдэмтэд санал нийлэх боломжгүй гэдгийг нэг бус удаа илэрхийлэлж буй нь бас судлууштай зүйл.
Хөрсний үржил шим доройтолд орж заяамал эрүүл, хэвийн нөхцөл байдал нь алдагдсан газарт бэлчээрийн мал, амьтны идэш тэжээл бологч чанартай ургамал ховордож, шимт тэжээллэг чанар муутай, бидний ерөнхийлөн нэрлэдэгээр “хогийн ургамал” гэгдэх шарилж, гичгэнэ, навтуул элбэг ургана. Мал амьтны бэлчээрлэн идэшлэх газарт ийм нөхцөл байдал ихээр нүүрлэвэл мал, амьтны идэш хомсдож, тарга тэвээрэг нь алдагдаж, улмаар тэсвэрлэх, байгальд зохицох чадвар нь буурах, өсөлт бойжилт нь хэвийн бус болох, ашиг шим муудах гэхчлэн сөрөг үр дагаварууд дагалдана.
Өөрөөр хэлбэл, газар бэлчээрийн доройтлын үр дагавар нь Монгол орны заямал, уламжлалт ахуй амьдралын хэвшил, бэлчээрийн мал аж ахуйн хэвийн нөхцөлд, тэрчлэн байгаль экологийн эрүүл саруул, үр өгөөжтэй байдалд заналхийлж байгаа хэрэг. Оршихуйг аажмаар сүйрэл рүү хөтлөж байна ч гэж үзэж болох.
Иймээс энэхүү газар, бэлчээрийн болон хөрс, ургамлын доройтол гэгчийн үүтэл нөхцөл, шалтгаант хүчин зүйлийг оновчтой тогтоох замаар түүнээс сэргийлэн хамгаалах, улмаар доройтлыг саармагжуулах, бууруулах, арилгах шаардлага бидний өмнө зүй ёсоор тулгарсаар байгаа хэрэг.
Өнөөгийн нөхцөлд салбарын болон шинжлэх ухаан судалгааны байгууллагуудын хувьд газар, бэлчээр, ургамлын доройтлыг бууруулах тухайд авч үзэж буй, хэрэгжүүлэхээр төлөвлөж ажиллаж буй зонхилох гол арга зам нь доройтсон хөрс, ургамлын нөмрөгийг сэргээх явдал гэх.
Тэрбээр доройтсон хөрс, ургамлын нөмрөгийн сэргэх чадварыг тухайн төлөв байдалд нь суурилан таван түвшинд ангилсан. Үүнд нэгдэх түвшинд буюу хөрс ургамал байвал зохих, унаган төлөв байдлаа бараг алдаагүй боловч муудах шинж байдал ажиглагдаж эхэлсэн нөхцөлд дахин сэргэх хугацаа нь 1-3 жил, хоёр дахь түвшинд буюу сөрөг тал руугаа бага зэрэг өөрчлөгдсөн нөхцөлд 3-5 жил, гурав дахь түвшинд буюу ургамлын бүтэц, бүрэлдэхүүн нэлээд өөрчлөгдөж, түүний улмаас экосистемийн зарим байгалийн зохилдлогот үйлчилгээ нь алдагдсан нөхцөлд 5-10 жил, дөрөв дэх түвшин буюу зонхилох зүйл ургамал устаж, ашиггүй, хортой, “харь зүйл” ургамал хүчтэй түрж, эко системийн үндсэн үйлчилгээ алдагдсан нөхцөлд 10-аас дээш жилээр хэмжигдэх. Юу гэвэл сэргээхэд чиглэгдсэн идэвхтэй үйл ажиллагааг төдий хугацааны туршид уйгагүй явуулж, дээд зэргийн хүчин чармайлт гаргаж байж л сая сэргээх боломжтой гэж тооцоолдог.
Харин хөрсний хүчтэй алдагдал бий болж, ургамлын бүрэлдэхүүн бүхэлдээ өөрчлөгдсөн нөхцөлд сэргээн сайжруулах ямар ч боломжгүй гэж үздэг (Монгол орны бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайлан) байна.
Уйгагүй хичээл зүтгэл гаргасан нөхцөлд сэргээж болох боломжит хугацааг ийнхүү таамаглаж тооцоолсон аваас одоо чухам ямар хичээл зүтгэл, тодорхой арга хэмжээнүүд хэрэгтэй болдог вэ гэдэг нь чухал. Холбогдох байгууллага, газруудын (Төр, Засгийн болон Олон Улсын байгууллага, Шинжлэх ухааны болон салбарын байгууллага) тогтсон ойлголтоор бол энэ нь юуны өмнө бэлчээр нутгийнхаа төлөв байдлыг үнэлсэн бодитой, оновчтой үнэлгээн дээр үндэслэн, бэлчээр ашиглалтыг зөв төлөвлөх, сэлгэж ашиглах, ашиглалтын ачаалал ихдэж, малын хөлөөр талхлагдах шинж байдал ажиглагдсан бэлчээрийг ашиглалтаас чөлөөлж амраах замаар бэлчээр нутгийг хувиартай ашиглах явдал гэж үзэж байна.
Тэрчлэн бэлчээрийн тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэхийн тулд бэлчээрийн талбайд хөв, хөц байгуулах, өвөлжөө бууцны хөлд ногоон тэжээл тариалах, бэлчээрийн талбайн хог, чулуу, сэг зэмийг цэвэрлэх, дэрс, зэгс гэхчлэн зарим ургамлыг нялхруулах зорилгоор хөгширсөн, үгдэрсэн хэсгийг нь устгаж, төлжилтийг нь сэргээхэд чиглэгдсэн гар ажилбар явуулах аргуудыг алаг цоог хэрэглэж, тодорхой үр дүнг нь үзсэн зарим туршлагууд байгаа ажээ.
Гэлээ ч эдгээр нь бэлчээр газрыг өргөн машстабаар нь, хурдан хугацаанд, бүрэн үр дүнтэй сэргээх боломжгүй аргууд юм. Нэгэнт доройтолд орсон бэлчээр, хөрс, ургамлын нөмрөгийг хэдий сэргээхийг хичээлээ ч гэлээ түүний доройтлын үйл явцтай харьцуулахад уг сэргээх боломж нь магад 10, 20 хувиас хэтрэх нөхцөлгүй байхаар шинж байдал харагдаж байна.
Тиймээс хамгийн чухал нь урьдчилан сэргийлэх, доройтохоос урьдчилан хамгаалах. Үүний тулд доройтоход хүргэж буй шалтгаан, нөлөөлөгч хүчин зүйлүүдийг гярхай судлаж, оновчтой тогтоох хэрэгтэй. Монгол Улсын түвшинд хийгдсэн сүүлийн жилүүдийн гол судалгаануудаас үзвэл бэлчээр, хөрсний доройтлын уг шалтгаанаар ихэнхдээ уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, агаарын хэмийн дулаарлын түвшин, хур тундасны хэмжээ, гангийн болон хуурайшилтын индекс, малын нөлөөлөл буюу бэлчээрийн даац хэтрэлт гэсэн хүчин зүйлүүдийг нэрлэж, ерөнхийлөн авч үзжээ. Өөрөөр хэлбэл уур амьсгалын өөрчлөлт хэмээх “том малгайтай” загварчлан тогтоосон цөөн хэдэн шалтгаант хүчин зүйлийг ягшмал байдлаар баримталдаг арга зүй ноёрхож байгаа нь анзаарагдав.
Тухайлбал, Монгол Улсын мал аж ахуй биотехнологийн сургуулиас хийсэн судалгаанд (Доктор, дэд проф Д.Гүрбазар) шалтгаан, хүчин зүйлийн нөлөөллийг гаргахдаа хавар зуны гангийн индекс, хур тундасны жилийн нийлбэр индексийг ургамалжилтын бүс бүслүүрээр (өндөр уул, уулын ойт бүс, уулын хээр, хээрийн бүс, цөлийн хээр, цөлийн бүс) харьцуулан гаргаж, мөн хур тундасны хэмжээ, агаарын хэм дулааралтын түвшинг аймаг тус бүрийн нутаг дэвсгэрийн үзүүлэлтээр харьцуулж үзүүлсэн. Харин цөлжилтийн судалгаа хийсэн профессор Д.Даш, доктор Н.Мандах нарын судалгаа, мөн геоэкологийн хүрээлэнгийн судалгаан дээр хур тундасны хэмжээ, агаарын хэм хуурайшилтын индекс, салхины хүч, хурдыг индексжүүлсэн үзүүлэлт, мөн үер усны элэгдэлийн зураглал зэргийг жил жилээр харьцуулан, цөлжилтөнд хэрхэн нөлөөлж байгааг харуулсан. Эдгээр судалгааны үр дүнгийн мэдээллийг Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайлан (2023 оны байдлаар), Бэлчээрийн төлөв байдлын тайлан (2023 оны байдлаар), Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцийн Газрын доройтлыг саармагжуулах зорилтод хүрэх үндэсний хэрэгжилтийн тайлан зэрэг баримт бичгүүдэд дүгнэлт, баримт болгон хэрэглэсэн байна. Үндэсний бодлогын бичгүүд хийгээд олон улсын конвенцийг хэрэгжүүлэх зорилтод суурилсан баримт сэлтүүд бүгд энэхүү хэвшсэн арга зүй, зарчимд тулгуурлажээ.
Гэтэл энэ талаар орон нутгийн уугуул хүмүүс, зарим судлаачид, эрдэмтэд, иргэний нийгмийнхэн өөр үзэл баримтлалтай байна. Энэ чухам юу гэвэл газрын доройтлыг тодорхойлохдоо тухайн газар нутагт нь язгуураас заяагдмал оршихуй хийгээд ахуйн нөхцөлдлөгийг үүсгэн тамгалсан өвөг дээдэс, уугуул хүмүүсийн мэдлэгийн өвийг үл хэрэгссэн нь тулгамдал, мухардлыг гүнзгийрүүлэх нэг шалтгаан нөхцөл болж байна гэсэн үг. Мөнхүү газар бэлчээрийн доройтлын гол шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйлүүдийг авч үзэх, судлахдаа хүний хүчин зүйлийн тэргүүлэх сууринд бичигдэх уурхай олборлолт, дэд бүтэц, үйлдвэрлэл, хилийн боомт гэх мэт байгаль, газарт ихээр сүйтгэл учруулдаг зүйлүүдийн нөлөөг илтээр орхигдуулсаар байна гэж тэд үзэж байна. Учрыг нь тодруулахын тулд тухайн асуудлаар олон жил зүтгэл гарган, ажилласан, тодорхой баримт жишээнүүдэд тулгуурлан дуу хоолойгоо илэрхийлэхийг хичээсээр ирсэн нутгийн уугуул малчидтай ярилцах нь чухал байв.
Ховд аймгийн Мянгад сумын нутаг Халзан бүрэгтэй гэх газарт нэр бүхий компаний газрын ховор элементийн хайгуул өрөмдлөгийг 2011 оноос хийсэн бөгөөд тэр цагаас хойш байнгын маргаан зөрчилдөөнтэй. Хамгийн гол нь олон зүйл тодорхой шалтгааны улмаас тухайн нутгийн болон бүс нутгийнхан анхнаасаа ер зөвшөөрөхгүй байхад хүчээр үйл ажиллагаа явуулах гэж зүтгэсээр ирсэн.
Улмаар тэр газрын орчим нутаглдаг Мянгад сумын Гахайт, Цагаанбулан багийн малчидтай уулзаж хөөрөлдөхөд тэд өрөмдлөг хийсэн цагаас эхлэн Халзан бүрэгтэй Хайрхан болон түүний орчимд маш элбэг байдаг асан мэрэгч амьтад, тухайлбал үхэр оготно, шар сүүлт, хулгана, зурам бараг устсан. Ялангуяа үхэр оготно бүүр байхгүй болсон. Урьд нь ургадаг байсан ургамлууд цөөрч, ургамлын нөмрөг сийрэгжсэн тухай хүн болгон ярьдаг. Тэр ч байтугай 2012 оноос жил дараалан ойр орчмын малчдын мал сүрэгт ургийн гажигтай төл мэндлэх болсон. Мэргэжлийн байгууллагын судалгаагаар урьд нь хэзээ ч ийм тохиодол болж байгаагүйг нотолсон зэрэг ноцтой асуудлууд бий. Эдэн дотор уг газарт маш дөхүү нутагладаг малчин Б.Баянжаргал, Бат-Орших, Баасан, Ч.Алтангадас нар энэ асуудлыг илүү тодорхой баримт нотолгоотой ярьдаг билээ.
2. Газар, бэлчээр хамгаалах “Улаан шугам”

Монгол Улсын Өмнөговь аймгийн Баяндалай сумын малчин Сүхдоржийн Энхбаяр энэ талаар ярихдаа “Газар бэлчээрийн доройтолд миний анзаарснаар уул уурхайн үйл ажиллагаанд гүний болон гадаргын усыг их хэмжээгээр ашиглаж, усны хомсдол бий болгож байгаа нь голлох нөлөө үзүүлж байгаа.
Ялангуяа, гүний усыг маш их хэмжээгээр уул уурхайд хэрэглэдэг газарт газрын гарц илтээр муудаж цөлжиж байгаа нь ажиглагддаг. Тэрчлэн уул уурхайн үйл ажиллагааны хөрс сүйтгэлт, буруу нөхөн сэргээлт их гамшиг авч ирж байгаа. Уул уурхай гэдэг маань газар доорх эрдэс баялгийг ухаж авч ашиглах явдал. Тэгэхээр зарим төрлийн эрдэс баялаг өөртэй ус чийгийг татаж, улмаар тэрхүү татаж нөөцөлсөн ус чийгээрээ гүний усыг аривижуулж, хөрсний чийгийг тэтгэж, экосистемийг тэнцвэржүүлж байдаг байгалийн зохилдлоготой гэж настангуудаас сонсож байсан. Эндээс дүгнэвэл ерөөсөө газрын доорх эрдсийг ухаж олборлох нь өөрөө газрыг доройтуулах, цөлжүүлэх хамгийн ноцтой зүйл нь гэж боддог” Монгол Улсад маань болоод өнгөрч байгаа Дэлхийн малчдын чуулган, мөнхүү Олон улсын “KOP-17” талуудын бага хуралдаанд ирсэн орны орны малчид ялангуяа нүүдлийн мал аж ахуйтай орны малчдын ярихыг анзаарч байхад энэ талаар бидэнтэй яг адилхан санаа бодолтой байна. Хурал хэлэлцүүлгүүд дээр үүнийгээ тодорхой илэрхийлж байна” гэв.
…Үүнийг сонсмогц дөнгөж өчигдөрхөний нэгэн зүйл сэрхийтэл санагдсан нь Дэлхийн малчдын чуулганд оролцсон Гана Улсын Фулани нутгийн малчин эмэгтэй Иветт Адамс “Манай тэнд малчин иргэдийг, тэр дундаа Фулани нийгэмлэгийг ялгаварлан гадуурхах явдал оршсоор байна. Малчдыг дарамтлах, тэр ч байтугай мал сүргийг нь буудан устгах явдал гарсаар байгаа” гэсэн нь айдас хүйдэст автам.

Дорноговь аймгийн айраг сумын малчин, малчдын төлөөх НҮТББ-ын тэргүүн Лодойсамбуугийн Лхагватай ярилцахад бас л С.Энхбаяртай адил байр суурь илэрхийлэв.
Тэрбээр “Газар бэлчээрийн чанар муудаж байгааг би бол хамгийн түрүүнд уул уурхайн нөлөөллөөс болж байна гэж боддог. Манай төрийн бус байгууллага яг энэ асуудал дээр мониторинг хийсэн. Тэгэхээр ямар нөлөө байна гэхээр нэгд тухайн уурхайн газартаа хөрс эвдэхээс гадна, хөрсөн доорх тоосыг асар ихээр босгож, энэ нь ургамлын амьсгалах эрүүл төлжих орчинг сүйдлэж байгаа юм. Уурхайн орчинд газар хамгийн ихээр доройтоно. Манай аймаг суманд энэ байдал үнэхээр нүд хальтрам болсон. Уурхайд асар их ус ашигладаг. Энэ нь мэдээж хөрсний үржил шимийг гундаах том шалтгаан болдог. Би харин Ураныг ярихгүй байна. Уран бол чухам гамшиг. Газар, хөрсөөр зогсохгүй цацраг туяанд нь өртсөн амьтай болгоныг сүйдлэнэ” гэв.
Энэ асуудлаар өөрийн ажиглан тунгаасан зарим асуудлыг тодотговоос ажлын шугамаар хэд хэдэн уурхай олборлолтын төслийн ашиглах усны тооцоо судалгааг сонирхож байсан бөгөөд тэдгээр төслүүд нэгд уурхайг ашиглаж дуусах хүртэл хэдий хэмжээний ус ашиглах бүрэн тооцоог огт гаргадаггүй, хоёрт ус ашиглалтын улмаас байгаль газар, бэлчээр нутагт үзүүлэх нөлөөллийг үнэлдэггүй нь илчлэгдсэн юм. Тэрчлэн өмнө өгүүлсэнчлэн уурхай олборлолт, үйлдвэрлэлийн элдэв төслийн сөрөг үр дагавар, ялангуяа ус ашиглалтын сөрөг нөлөөг энэхүү цөлжилт, газар бэлчээрийн доройтлыг судалсан судалгаанд ер авч үзэхгүй, оригдуулсан байгаа нь хачирхал төрүүлж байгаа юм.
Бас нэг зүйлийг дурьдахад бэлчээрийн даацыг тодорхойлсон гэх үзүүлэлтүүдийг мөнөөх судалгаанд гочлон тэргүүлэх хүчин зүйл болгож авч үздэг ч, бэлчээрийн даац тодорхойлж буй аргачилал нь бодит байдалтай нийцэхгүй байна гэж харахаар байгаа юм. Тодруулбал малын тоо толгойг тогтоож буй статистик мэдээлэл нь баталгаатай бус, эргэлзээтэй. Мөнхүү уур амьсгалын өөрчлөлтийн шалтгаан, байгаль дахь нүүрстөрөгчийн хэмжээ, хүлэмжийн хийн ялгарлыг тооцдог аргачилал нь хийсвэр, хими технологийн үр дүнд суурилан хөгжүүлсэн фермерийн аж ахуйн үзүүлэлтүүдэд тулгуурлан зохиосон аргачиллыг ашиглаж, төсөөллийн журмаар тооцдог зэрэг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй болохыг урьд нь хийсэн судалгааны үр дүнд олж мэдсэн билээ.
Зарим судлаачдын судалгааны үр дүнгээс харахад Монгол орны бэлчээрийн газар тэгтлээ доройтоод болохоо байчихсан зүйл байхгүй. Хавтгайдаа доройтож цөлжсөн гэдэг нь нэг талдаа дэгс мэдээлэл гэсэн илчлэлт ч байна. Тухйалбал, “KOP-17” талуудын бага хурлын албан ёсны цэнхэр бүсийн хөтөлбөрийн хүрээнд наймдугаар сарын 26-ны өдөр зохион байгуулагдсан нэгэн хуралдаанд илтгэсэн доктор, профессор Ж.Ундармаа нарын эрдэмтэд өөрсдийн багийн хийсэн судалгааны үр дүнг танилцуулахдаа ийм байр суурь илэрхийлсэн. Тэдний судалгаагаар судалгаа хийсэн газрууд дахь (Монгол орны Говь-Алтай аймгийн нутаг) бэлчээрийн төлөв байдал, ургамалжилт нь доройтсон, өөрчлөгдсөн зүйлгүй хэвээрээ байгаа нь мэдэгдсэн аж.
Доктор, проф Ж.Ундармаа “Ерөөсөө Монгол орны хувьд мал бэлчээрлэх газар нутгаа хамгаалана гэвэл эртний уламжлалт нүүдлийн мал ахуйгаа л хуучнаар нь хадгалж үлдэх нь чухал. Бэлчээр газраа хамгаалах ганц гарц нь тэр болно” гэсэн юм.
Дээр өгүүлсэн С.Энхбаяр, Л.Лхагва нарын малчид, иргэд нь Монголын говь нутгийн малчдын нийгэмлэгийн олон жилийн бэрхшээл, зөрчилдөөн, шийдэл гаргалгаа хайсан эрэл хайгуулын үр дүнд бий болсон “Бэлчээрийн тогтвортой эрхийг хамгаалах “Улаан шугам” баримт бичгийг санаачилагчдын төлөөллүүд юм. Энэ баримт бичгийг агуулгыг “KOP-17” талуудын бага хуралд хэлэлцүүлж, тодорхой саналаа дэвшүүлж байгаа.
Уг санаачилга болон баримт бичиг нь “Улаанбаатарын тунхаглал” гэх баримт бичгийн бүрэлдэхүүн хэсэг болж “KOP-17” -д өргөн баригдсан бөгөөд цохолборлон сонирхуулбал дараах гол санаанууд багтжээ.
Эдгээр нь:
– Малчид өөрсдийн уугуул нутаг дахь бэлчээрийн газраа эзэмшин өвлөх нь хүний үндсэн эрхийн материаллаг үндэс суурийн нэг гэдгийг баталгаажуулах;
– Тэдний өвөг дээдсээсээ өвөлсөн соёл, хамтын эрхийг үеийн үед хүндэтгэн хамгаалах нь жам ёсны зүйл болохыг онцлон тэмдэглэж;
– Уугуул мал аж ахуйн нэгжүүд нь Уугуул иргэдийн эрхийн тухай НҮБ-ын тунхаглал, Тариачид, мал аж ахуйн нэгжүүд болон хөдөө орон нутагт ажиллаж буй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын тунхаглалын дагуу тодорхой эрхтэй гэдгийг бататгаж, малчид, мал аж ахуйн нэгжүүдийн эрхийг хамгаалагчдыг гэмт хэрэг, хүчирхийлэл, айлган сүрдүүлэхээс хамгаалахыг чухалчилж, мал аж ахуйн нэгжүүдийн хөдөлгөөнийг дэмжихийг уриалах;
– Нүүдлийн мал аж ахуйн уламжлалт хэвшил нь өөрөө эко системийг хамгаалах, газрын доройтол, цөлжилтөөс сэргийлэх нэг гол хүчин зүйл болохыг ойлгож, тэдний уламжлалт мэдлэг ухааныг эрхэмлэн дээдлэх, малчид нутгийн иргэдийн бодлого, шийдвэр гаргахад оролцох бүрэн эрхийг баталгаажуулах, зохистой бүтэц бий болгох” гэсэн зүйлүүд юм.
Энэхүү тунхаглалыг боловсруулахад Монгол Улсын “Хил хязгааргүй алхам” НҮТББ, IDLO олон улсын байгууллага, Оксфордын их сургуулийн Газар зүй, Хүрээлэн буй орчны сургууль идэвхтэй дэмжиж хамтран ажиллажээ.

Энэхүү өгүүлэлд хөндөгдөж буй асуудлын талаар эрдэмтэн судлаачдын үгийг сонсох нь мэдээж сонирхолтой. Монгол орны ургамалжилтын төлөв байдал, өөрчлөлтийн сэдвээр олон жил тогтвортой судлаж буй эрдэмтэн, МУИС-ийн судлаач доктор В. Гүндэгмааг эчнээ мэдэх тул сураглан байж, холбогдож хөөрөлдөв. В.Гүндэгмаа докторын үзэж буйгаар газар, бэлчээр хийгээд нэн ялангуяа хөрсний үржил шим, ургамалжилтын чанар чансаа дордож буй зонхилох шалтгаанууд нь:
– Агаарын хэмийн хэт дулааралт хуурайшилт тэр тусмаа өндөр уулын бүсэд тодорхой орчинд халуун агаар хуралдаж, бэгнэх үзэгдэл тогтмол ажиглагдах болсон;
– Газар тариалангийн салбар дахь газрын буруу ашиглалт, юу гэвэл тариалах талбайг зөв аргачиллаар сэлгэж амраах горимоо баримталдаггүйгээс, тухайн талбай орчмоос үүдэлтэй түрэгч буюу “харь зүйл” ургамалын түрэлт ихсэх;
– Уурхай олборлолтын улмаас эвдэрч сүйтгэгдсэн хөрсийг буруу аргаар нөхөн сэргээх, өөрөөр хэлбэл унаган бус “харь зүйл” ургамал тарих замаар нөхөн сэргээснээр тэр нь нөхөн сэргээлт бус доройтол болж хувирах, мөн уурхай, үйлдвэрлэлийн зориулалтаар хөрсний болон гүний усыг тооцоогүй ашиглах;
– Хөрс ургамлын сэргээлт хийхэд шаардлагатай үрийн нөөцийн хомсдлыг голчлон авч үзэх нь зөв гэж байна.
В.Гүндэгмаа докторын ярианаас сийрүүлбэл “Ургамлын нэг зүйл устахад биологийн 40 төрөл зүйл дагаж устана гэсэн судалгааг эрдэмтэд гаргаж ирсэн. Өнөөг хүртэл дэлхийн хандлага маань биологийн төрөл зүйлийг хамгаалахад зөвхөн нэг хоёр зүйл амьтныг хамгаална гээд салгаж авч үздэг нь алдаатай. Жишээлбэл, мазаалайг хамгаална гэхээсээ илүү мазаалайн оршин амьдрах орчинг хамгаалах нь үр нөлөөгөө өгнө. Тухайлахад, мазаалайн иддэг ургамлыг хамгаалах нь илүү үр дүнтэй. Бас өнөөг хүртэл бид бэлчээрийн даацыг буруу тодорхойлж ирсэн. Бэлчээрээс идэш тэжээлээ олдог нь зөвхөн таван хошуу мал биш, мал, амьтны бүхий л төрөл зүйлийг багтаах гэдэг нь мэдээжийн ойлголт боловч бэлчээрийн даацыг зөвхөн малын тоогоор тодорхойлдог” гэх мэт ухаарч сэхээрүүштэй маш чухал зүйлүүдийг сануулав.
Өөрөөр хэлбэл, газар бэлчээр, ургамлын нөмрөгийн амьдрах чадвар муудаж байгаа нь ерөөсөө тэр хөрс ургамлын амьдрах орчин, тэжээгдэж тэтгэгдэж байдаг хөрсний болон гүний эрдэс, ус, агаарын чанар нь муудаж, шимээ авч чадахгүйгээс үүдэлтэй аж.

Энэ мэтчилэн судлаачидтай, хүмүүстэй ярилцаж, судалгааны тайлан дүгнэлтүүд, бодлогын баримт бичгүүдийг судлан шүүрдсээр байх явцад анзаарч харсан гурван гол зүйлийг энд авч үзэх нь чухал. Энэ юу гэвэл нэгд газар болон бэлчээрийн чанар чансаа муудаж байгаа шалтгаан, нөлөөллийн тухайд зарим зайлшгүй авч үзвэл зохих зүйлүүд, тухайлбал уурхай, үйлдвэр, дэд бүтцийг бий болгохын тулд хэрэглэж ашиглаж буй усны хэмжээнээс өгсүүлээд тэдгээрээс үүдэлтэй нөлөөлөх хүчин зүйлүүдийг орхигдуулж байгаа нь бодитой харагдаж байна. Миний үзсэнээр Монгол орны цөлжилтийн судалгаа (доктор Н.Мандах нар), гангийн судалгаа, бэлчээрийн судалгаа (доктор Гүрбазар), Бэлчээрийн төлөв байдлын судалгаа, тайлан (ХХААХҮ-ийн яам, БОУАӨ-ийн яам), Байгаль орчны төлөв байдлын судалгаа, тайлан (БОУАӨ-ийн яам), Цөлжилтийг бууруулах Үндэсний зорилтот хувь нэмрийг тодорхойлох тайлан гэх мэт албан ёсны бичгийн сурвалжуудад энэ үзэгдэл адилхан давтагдаж байна.

Тэрчлэн газар, бэлчээрийн доройтлын түвшинг судлаж, тодорхойлж гаргаж ирэхдээ, орон нутгийнхан, нутгийн иргэд, уугуулуудын өвлөн уламжилсан мэдлэг ухааныг хүндэтгэх, шийдэл, гаргалгаа гаргах, бодлого тодорхойлохдоо тэрхүү уугуул буюу “өвөг мэдлэг”-ийг нэг чухал хүчин зүйл гэж авч үзэх нь зайлшгүй нэхэгдэж байна гэж мэдрэгдэв.
Үндэстэн ард түмний уугуул буюу өвөг мэдлэг нь асуудлын шийдэл гаргалгаа олох түлхүүр байж болохыг үгүйсгэх аргагүй. Энэ тухайд Монголын ганц хоёрхон жишээг цухалзуулбал, өгүүлэлд нэрээ дурьдуулахыг хүсээгүй нэгэн эх сурвалж өгүүлэхдээ “Урьдны өвгөд маань аливаа ургамлын болц гүйцэж, үрээ газарт хаяж, дараа жилийн үржлийн нөхцлийг бүрдүүлэхээс нь өмнө хадлан хэмээн хадаж авахыг цээрлэдэг байв. Гэтэл одоо түүнийг огт тоохоо больсон нь ургамлын гарцад сөрөг нөлөө авчирч байна. Хууч ярианаас сөхвөл нэгэн настан малчин айлд зочлоод өөрийнх нь өмнө таваглан тавьсан чанасан бүхэл махыг ажиглангуутаа “танайх гунан эр үхэр гаргасан юм аа даа” гэж яг таг хэлж. Гэрийн эзэн “та яаж мэдээв?” гэхэд нь “ингэж мэдлээ” гээд тэдний хүүхдийг гүйлгэж, хойт уулын хормойноос нэг, энгэр газраас нь нэг, оргилын бүсээс нь бас нэг өвс тасдуулж авчруулаад, тэр өвсний шинж байдлаар айлын гаргасан “идэш”-ийг хэрхэн мэдсэнээ тайлж өгчээ. “Малчин хот айл бүрийн бог малын сүрэгт нас нь гүйцэж ханасан, ирэг, сэрх нэлээд хэдээрээ заавал байх ёстой. Энэ нь тухайн сүргийн цэгц болж, зуд зурхан, бэлчээр сонголт, сүргийн чанар чансааг өнгөлөн дагуулдаг” гэж өвгөд бас ярилцана. Ер нь Монгол өвгөд газрын гарц, малын тарга, цаг агаарын байдлыг шинж тэмдэгээр танин болгоохдоо гаргууд байсан тухай хууч яриа түгээмэл байдаг. Гэтэл одоо тийм хүмүүс нэн ховорджээ.
Өмнөх хэсэгт дурьдагдсан малчин С.Энхбаярын ярианаас сэдэл аван бас нэгэн зүйлийг сонирхуулахад, Монгол өвгөд газрын хөрсөн доорх эрдсийн зүйлүүд буюу алт, мөнгө, хүрэл, зэс, болд гэхчлэн төрөл бүрийн эрдэнэсүүд (одоо бидний хэлж заншсан ашигт малмал)-ын төрлүүд үүсэн бий болохдоо газар дэлхий дэх хөрс, ус, амьтан ургамал, амьд байгалийн амь, цогцсыг тэтгэж, харилцан тэтгэгдэх учир зохилдлоготойгоор тогтсон хийгээд хамаа бусаар ухаж олборлож, хомсдуулах нь газар дэлхийг, улмаар хүн төрөлтнүүд маань өөрсдийгөө ч хорлож буй хэрэг болно хэмээн сургаж, нарийн учир холбогдлыг нь тайлбарласан байхыг судар номуудаас (“Орчлонгийн чанад нууцын тайлал” судар, “Оршихуйн зургаан тив” судар) олж үзсэн билээ. Ард түмнүүдийн уугуул, “өвөг мэдлэг”-ийн ач холбогдлыг хэрвээ сайтар эрхэмлэвэл тулгамдал, мухардлын шийдэл, гарц тэнд агуулагдаж байгаа нь магад юм.
Мөнхүү хараат бус экспертүүд, иргэний нийгмийнхний оролцоог хүлээн зөвшөөрөх нь учир дутагдалтай байсаар байна. Нэн ялангуяа малчид болон орон нутгийнхны уламжлалт мэдлэг Тэдний оролцооны хүртээмжийг нэмэгдүүлэх, оролцооны үр нөлөөг ахиулах талаар тодорхой зорилт дэвшүүлэх шаардлага байна гэж харагдав.
“КОP-17” талуудын бага хурлын өдрүүдэд би энэхүү өгүүлж буй асуудлаар бусад улс орныхон ямар бодол санаа, байр суурьтай байгааг нь тандан ажигласан юм. Анзаарваас, нэгэн хуралдаан дээр ярихдаа “Буркина фасо, Нигер, Кени, Уганда, Филиппин зэрэг орнуудын нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдэд бэлчээр газрын эрхтэй холбоотой ноцтой бэрхшээлүүд тулгарсаар байна. Дэлхий дахинд ойролцоогоор 200 сая орчим нүүдлийн мал аж ахуй эрхлэгч малчид улирлын чанартай нүүдэл хөдөлгөөнд тулгуурлан амжиргаа, ахуй соёлоо авч явдаг. Өнөөгийн нөхцөлд оршин тогтноход нь заналхийлсэн олон талын аюул тулгарч байна. Эдгээр нь юу гэвэл олборлох үйлдвэрлэл, дэд бүтэц, бизнесийн чиглэлийн байгууламжуудын төслүүд нь нүүдлийн малчдын бэлчээр, газарт хүчээр нэвтрэх, элдэв шаардлагууд тулгах, уул уурхайн олборлолтын улмаас гүний болон гадаргын усны нөөцийг шавхах гэх мэтээр товчхондоо байгалийн нөөцийг өрсөн эзэмшихийн төлөөх булаалдаанаас гадна, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, амжиргааны доройтол хүнсний аюулгүй байдал алдагдах эрсдлүүд нүүрлэж байна. Энэ оны эхээр гаргасан FAO – (НҮБ-ын Хүнс Хөдөө аж ахуйн байгууллага) тайланг үзэхэд Сахарын цөлөөс өмнөш Африкын газар нутгийн 73 хувьд нь эзэмшлийн асуудал нь нүүдлийн буюу уламжлалт зан заншлаараа зохицуулагддаг атал, үүний дөнгөж 1 хувь нь албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн байна. Ийм чиглэл зонхилдог 45 улсын 25 нь л зан заншлын эрхийг хүлээн зөвшөөрөхөөр хуульчилсан” гэв.
1. Өнгөрснөөс сэрж санах нь өнөөдрийн түшиг тулгуур
Оксфордын их сургуулийн Газар зүй, Хүрээлэн буй орчны сургуулийн доктор Ариэлл Эхарн “Дэлхий нийтэд газрын эрхийн төлөөх тэмцэл буюу уугуул иргэдийн эртний идээшилт газрыг ашиг горилогч бизнесүүд өөр зорилгоор түрэмгийлэн авахтай холбоотой асуудал тулгамдсаар байна. Үүний дотор уул уурхай бол газар нутгийг их хэмжээгээр доройтуулдаг илэрхий хүчин зүйлүүдийн нэг. Нөлөөллийн үнэлгээний олон улсын холбоо 2024 онд Дублин хотод болсон ээлжит хурлынхаа тунхаглалд дэд бүтэц, боомт, олборлолт үйлдвэрлэл, эдийн засгийн тусгай бүсийн төслүүд нь олон мянган хүнийг ядууралд хүргэдэгийг онцлон тэмдэглэсэн. Миний ажиглалтаар энэ үйл явцын эсрэг өөрсдийн эрхийнхээ төлөө тэмцэгчид доромжлол, заналхийлэлд өртсөөр байгаа нь харамсалтай” хэмээн тэмдэглэсэн.

Орон орны уугуул ард түмний төлөөллүүдийн уулзалтан дээр Африкийн иргэн эмэгтэй “Уугуул ард түмэн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй, оршихуйн тулгамдалд хамгийн ихээр өртөж байна. Өнөөдрийн байдлаар Боливи болон бусад улсуудад урьд өмнө нь хур тундас элбэгтэй байсан газар нутгуудад бороо, цас орохоо больж хэт хуурайшаад байна. Газар бүрийн уугуулуудын тухайн газар нутагтай идээшин амьдарч ирсэн амьдралын хэвшил нь өөрөө газар дэлхийн тогтвортой байдал, тогтвортой амьдрах нөхцөлд зохицсон байгалиас заягдсан зохилдлоготой байдаг. Үүгээрээ бид бахархах ёстой. Уугуул ард түмний түүх соёл нь олон мянган жилээр хэмжигдэх мэдлэгийн өвийг хадгалдаг гэдгийг улс орнууд хуулиндаа ч хүлээн зөвшөөрсөн байдгийг санах хэрэгтэй” гэсэн юм.
“Irooa Madagaskar” байгууллагын гүйцэтгэх захирал Баркат Бин Сайда Матазаки “КОP-17”-ын нэгэн зэрэгцээ хэлэлцүүлэг дээр ярихдаа “НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн мэдээллээр цөлжилт болон газрын доройтлыг бууруулах зорилгын хүрээнд “чухал ашигт малтмал”-ын олборлолт ашиглалтын төслийн санхүүжилтэнд 278 тэрбум ам доллар зориулна гэсэн нь урьд ер сонсоогүй өндөр дүн юм. Гэхдээ энэ нь асар зөрчилтэй зүйл. Чухал ашигт малтмалд тооцогдож байгаа никел, кобальт, цайр, слюда зэрэг нь маш эмзэг эко системтэй, нутгийн иргэдийн оршин суудаг газарт голчлон буй. Ийм төрлийн олборлолт нь экосистемийг сүйрүүлэх бодит жишээ болж байгаагаас Дэлхийн банк тухайлбал кобальт болон бусад өндөр эрсдэлтэй төслүүдийн санхүүжилтийг 2018 онд зогсоосныг санах хэрэгтэй. Бид нэг амаараа уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тухай яриад, нөгөө амаараа байгаль орчны сүйтгэл, цөлжилт, газрын доройтлыг авч ирж буй төслүүдийг санхүүжүүлсээр байж болохгүй. Тиймээс эмзэг болон биологийн олон янз байдал өндөртэй эко системтэй газарт олборлох үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй байхыг НҮБ шийдвэртээ тусгах хэрэгтэй” хэмээсэн нь нэгийг бодогдуулна.
Мөн хуралдаануудаар Энэтхэг, Кени, ОХУ, Хятадын зарим эрдэмтэд хөрсийг нөхөн сэргээхдээ заавал унаган зүйл буюу тухайн газар нутгийн уугуул ургамлыг тариалахгүй бол эрсдэл, сөрөг нөлөө үүсэх магадлал өндөртэй гэдгийг онцлож байгааг ажигласан.

Энэ өгүүллийн дунд хэсэгт дурьдагдсанчлан “орхигдож буй чухал хүчин зүйлүүд”-ийн талаар манай бодлого тодорхойлогчид ямар санаа бодолтой байдаг нь тун чухал. Тиймээс салбарын яамны эрхэмүүдтэй харгалдахгүй өнгөрөх нь “тэнэг” зүйл болно.
Ингээд Монгол Улсын БОУАӨ-ийн яамны нэгдсэн бодлого төлөвлөлт хариуцсан ахлах шинжээч С.Эрдэнэцэцэг, Уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох болон цаг уур, орчны шинжилгээний бодлого зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Должинсүрэн нарын албаны хүмүүстэй ярилцсанаасаа үүнд шууд холбогдолтой хэсгийг нь толилуулъя.
– Газар, бэлчээрийн доройтлын төлөв байдлыг тогтоохдоо голлох шалтгаануудыг нь яаж авч авч үзэж байна. Тодруулбал, хамгийн гол нөлөөлж буй хүчин зүйлүүд нь юу гэж үзэж байна?
-М.Должинсүрэн “Газар бэлчээрийн доройтлын төлөв байдлыг тогтоохдоо НҮБ болон Олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн аргачиллын дагуу ажиллах ёстой. Ингэж ажиллаж байгаа гэж ойлгож байгаа. Голлох шалтгаанууд нь байгалийн хүчин зүйл, хүний хүчин зүйл гэсэн 2 үндсэн шалтгаанд хуваагдах, ган гачиг, дулаарлын нөлөө, хуурайшил, хур тундас, мөн бэлчээрийн талхагдал, уул уурхайн зарим нөлөө гэж үздэг” гэв.
-БОАЖЯ-ны нэгдсэн бодлого төлөвлөлт хариуцсан ахлах шинжээч С.Эрдэнэцэцэг:
-Судалгааны тайлангууд баримт бичгүүдийг уншиж үзсэнээр бол таны дурьдаж буй шалтгаан, нөлөөллийн хүчин зүйлүүдийг хэрэглэсэн нь ойлгомжтой харагдаж байгаа. Гэвч олборлолт, үйлдвэрлэл, уурхайгаас улбаатай нөлөөллийг орхигдуулсан гэж харагдаад байна. Тухайлбал, уурхайд хэрэглэж ашиглаж байгаа, ашиглахаар төлөвлөсөн газрын гүний болон гадаргын усны бүрэн тооцоог нарийвчлан гаргаж, түүний нөлөөллийг харгалзан үзээгүй, бас нөхөн сэргээлтийн стандартын асуудлыг авч үзээгүй гэж би үзэж байгаа юм. Энэ тухайд та нар ямар бодолтой байна?
-Уурхайд хэрэглэх ашиглах усны тухайд төсөл хэрэгжүүлэгч нь өөрөө нөөцөө тогтоогоод, тэр нөөцөө манай байгууллагаар үнэлүүлж, ашиглах зөвшөөрлөө авдаг. Энэ нь манай Улсад үйлчилж байгаа хууль, журам, аргачилал, стандартаар явагддаг бөгөөд манай яам тэдгээр баримт бичгийг боловсруулж баталдаг. Хэдий хэмжээний ус хэрэглэхийг тооцсон бүрэн тооцоо, бас газар болон хөрс ургамалд нөлөөлж байгаа эсэхийг судлаж байгаа үгүйг судлаачид мэдэх байх. Тэрчлэн уурхай олборлолт, үйлдвэрлэлийн чиглэлээр төсөл хэрэгжүүлэгчийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа байгаль орчинд яаж нөлөөлөх тухай үнэлгээг тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн үнэлгээний байгууллагууд хийдэг. Эд нар яг шаардлага хангаж байгаа эсэхээ шалгуулаад сонгон шалгаруулалтаар эрх авдаг байгууллагууд юм.
-Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гэснээс манайд мөрдөгдөж буй Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиар нөлөөллийн үнэлгээний төлбөр зардлыг тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу төсөл хэрэгжүүлэгч өөрөө хариуцах зохицуулалттай. Ингэхээр энэ нь хараат бус, шударга байж чадах уу, та нар ямар бодолтой байна?
Тэдний хийсэн үнэлгээг яаман дээр хянаж магадласны үндсэн дээр батлах эсэхийг шийддэг.
-Зөв зөв, гэхдээ хэдийгээр яам хянаж магадладаг ч гэлээ зохицуулалтын зарчим нь шудрага, хараат бус байж чадаж байна уу гэдэг дээр л сонирхоод байна?
-Хэрвээ асуудал байгаа бол түүнийг ажигласан, илрүүлсэн этгээд хяналтынханд болон манайд хандаж болно л доо.
-Шинжээч М.Должинсүрэн:
-Газар, бэлчээрийн доройтол, бэлчээрийн төлөв байдлыг үнэлэх, түүнд тулгуурласан бодлого, хөтөлбөр цаашилбал эрх зүйн баримт бичиг боловсруулахад тухайн нутаг орондоо мал ахуйгаа адгуулж аж төрж буй хүмүүсийн болон ер нь орон нутгийнхны оролцоог яаж хангадаг юм бэ? Үүн дотроо тэдний олон зуун жилээр мах цусандаа шингээсэн заяамал буюу өгөгдмөл хэвшил, уугуул мэдлэг ухаанд ач холбогдол өгч чадаж байна уу?
-Бид бодлогын баримт бичигтээ энэ асуудлыг шинээр тусгаж батлуулаад ажиллаж байгаа. Энэ чиглэлийг ялангуяа Соёл, урлаг спорт, аялал жуулчлал залуучуудын яамнаас зөвлөмж авах байдлаар хамтарч байгаа. Тэд их нарийн ширийн зүйлийг ярьдаг. Тухайлбал Монголчуудын малын гаралтай түүхий эдүүдийг бүрэн дүүрэн ашиглаж ирсэн уламжлалыг их чухалчилж, түүнийг сэргээхэд чиглэгдсэн төслүүд хэрэгжүүлэх төлөвлөлт бий.
-Яг газар, бэлчээрийн доройтлын гол нөхцөл шалтгааны тухайд уламжлалт мэдлэгийг тэд юу гэж томъёолж байна? Өөрөөр хэлбэл юунаас болоод бэлчээр доройтолд орж байна гэдгийг бидний сая ярилцсанчилан одоогийн судлаачдын хэрэглэж буй шалгуур аргачиллаас өөрөөр хэлж байгаа зүйл байна уу?
– Энэ тухайд бол харин яг тоймтой зүйл сонсоогүй.
-Газар бэлчээрийн доройтлын шалтгаан нөхцлийг тогтооход зарим хүчин зүйл, тухайлбал уурхай, олборлолт, аж үйлдвэрийн төслүүдтэй холбоотой нөлөөлөгч хүчин зүйлийг орхигдуулаад байна гэдэгтэй та нар санал нийлэх үү?
-Үүнийг судалгаа хийж байгаа судлаачид, бас Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны хүмүүсээс асуух хэрэгтэй байх. Бид дангаараа хариулт өгч чадахгүй. Бид бол тогтоосон аргачилал зааврын дагуу л хянаж нягтлах, боловсруулах, зөвлөх ажлуудаа гүйцэтгэдэг.
Ийнхүү бид Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны мэргэжилтэнтэй ярилцаж, энэ асуудлыг өндсөн боловч, “Газрын дарга нар л мэдэх зүйл байна бид тодорхой хариулах боломжгүй” гэсэн юм.
Түүнчлэн энд хөндөгдөж буй асуудлыг сүрхий анхаарч, хөгжлийн төслүүд буюу уурхай олборлолт, аж үйлдвэр, дэд бүтцийн төслүүдэд “Нийгмийн нөлөөллийн үнэлгээ” хийдэг болгохоор хуулийн төсөл санаачлан боловсруулж буй залуу төрийн зүтгэлтэн УИХ-ын гишүүн, доктор Д.Бум-Очирыг “KOP-17”-д таниулга хийхээр ирэх үед нь завшааныг ашиглан харгалдав.

Тэрбээр “Газар, бэлчээрийн доройтолд мал, малчин хоёрыг буруутгах хандлага байгаа нь маш ухвар мөчид зүйл. Юунаас болж ган гачиг болоод, уур амьсгал өөрчлөгдөөд, газар бэлчээр доройтоод байгааг чухам малчид л мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Хэдэн мянган жилийн туршлага, ухаанаа өвлөн хадгалсан малчдаа нүд үзүүрлэж, чичлэхийн оронд тэдний мэдлэг ухааныг уудлаж, шийдэл гаргалгаа хайх, бодлого боловсруулахдаа тэдэнтэйгээ нягт хамтарч, хамжиж ажиллах хэрэгтэй. Дэлхийн хэмжээнд уугуул болон уламжлалт оршихуй, аж төрөхүйн хэвшлээ харьцангуй сайн хадгалж үлдсэн бараг ганц Үндэстэн Монгол болоод байна. Энэ үнэт зүйлээ хадгалж хамгаалж үлдэх гэж чармайж ядаж байгаа малчид руугаа хялайхын оронд харин ч энэхүү зүтгэлийг нь сайтар дэмжиж, хамтрах ёстой. Манай Улсын бодлого тодорхойлогчид, эрх баригчид маань өөрсдөө Монгол хүмүүс, хэсэг нь малчдын үр хүүхдүүд гэдгээ өөрсдөө эрхбиш ухаарах ёстой” гэв.
Ямар ч асан энэ өгүүллээр дэвшүүлэгдэж байгаа гол санаануудыг “KOP-17” талуудын бага хуралд өргөн барьсан “Улаанбаатарын тунхаглал”-д агуулгаар нь шигтгэж оруулсан байгааг уншигчид анзаарна. Тэгэхээр Улаанбаатарын тунхаглалыг “KOP-17” талуудын бага хурлаас зөвшөөн дэмжиж, шийдэл, зөвлөмжийнхээ бүрэлдхэүүн хэсэг болговоос, орхигдоод байгаа зүйлсийг анзааран харж, судалгаа шинжилгээ, бодлого төлөвлөлт, цаашилбал эрх зүйн системийг боловсронгуй болгоход онцгойлон авч үзэх боломж нь нээгдэх болов уу гэж бодно.
/Энэхүү бүтээлийг ЮНЕСКО-гийн Зүүн Азийн төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр Хэвлэлийн Хүрээлэнгээс хэрэгжүүлж буй ‘Уур амьсгал, геопарк, өв соёлын сэтгүүл зүйн хөтөлбөр’-ийн хүрээнд бэлтгэв/
Сэтгүүлч, нийтлэлч Г. Төрмөнх
1 цагийн өмнө
2 цагийн өмнө
3 цагийн өмнө
2026-08-26
2026-08-26
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.