Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / Засгийн газар 2026.03.18 -ны өдөр өргөн/ -ийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр хэлэлцэж байна.
Монгол Улс дахь хар тамхины хэрэглээ, гэмт хэрэг, зөрчил жил ирэх тусам өсөж, улмаар монгол хүний амь нас, эрүүл мэнд, удмын санд ноцтой хор уршиг учрах эрсдэлтэй нөхцөл байдалд хүрсэн, донтсон хүнд эрүүл мэндийн болон бусад тусламж үйлчилгээ үзүүлэх асуудал орхигдсон. Мөн хуулиар мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтийг бүрэн, тодорхой зохицуулаагүйгээс далд нууц, зүй бус эргэлтийн эрсдэлт байдал ихэссэн. Улсын хэмжээнд 2017-2025 онд ийм төрлийн гэмт хэрэг нийт 2100 бүртгэгдэж, 2422 хүн холбогдсон. Тэдний талаас дээш хувийг 18-25 насныхан, 35.8 хувийг 26-35 насныхан эзэлж байна. Өмнөх онтой харьцуулахад гэмт хэрэг 20 гаруй хувиар, зөрчил 26,6 хувиар өсчээ.
Сүүлийн 8 жилийн хугацаанд нийт 17 төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт болон урвуулан хэрэглэх эрсдэлтэй эм, бодис хураагдсан байна. Үүнийг мансууруулах үйлчлэлийн хүн/тунгаар илэрхийлбэл ойролцоогоор 419,293 хүн/тун буюу хүн амын 30 хувьтай тэнцэхээр, хэрэглэгч улсаас үйлдвэрлэгч улс руу шилжих бодит эрсдэл үүссэн. Иймд хуулийн төсөлд Донтох эмгэгийн сэргээн засах төв байгуулж, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын мэдээллийн сан бий болгохоор тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд төрөөс хяналт тавих бодлого, механизмыг бүрдүүлж, хэрэгжүүлэх төрийн байгууллагуудын уялдааг сайжруулна. Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийт, ялангуяа хүүхэд, залуучуудад мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийн талаар таниулах эрх зүйн орчинг боловсронгуй болгоно. Эрүүл мэнд болон донтох эмгэгийг нөхөн сэргээх тусламж, үйлчилгээ үзүүлэх, мансуурах донтолтыг илрүүлэх, эмчлэх, донтолтоос ангижруулах, эдгээх, нийгэмшүүлэхэд чиглэсэн цогц тогтолцоо бүрдэх аж.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.
Тухайлбал, Монголд ургадаг зарим төрлийн ургамлын талаар тодруулахад тэдгээр ургамлыг зөвхөн хадаж устгах биш, дахин ургахгүй болтол бүрэн устгах олон улсын аргачлалыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэж хариуллаа. Үүний зэрэгцээ эмчилгээний зориулалттай хүчтэй эмүүдийг хэрхэн хянаж байгаа талаарх асуултад “Хавдар болон бусад өвчний үед хэрэглэдэг сэтгэцэд нөлөөт 36, мансууруулах 14 төрлийн эмийг жагсаалтаар баталсан. Энэ төрлийн зарим эмийг урвуулан ашиглах эрсдэлтэй тул жорыг цахимаар олгож, хяналтыг чангатгаж байна” гэдэг хариултыг ажлын хэсгээс өгсөн.
Хэрэглэгчид буюу эмнэлгийн тусламж, үйлчилгээ шаардлагатай донтогчдыг барьж, ял шийтгэл оногдуулах нь түгээмэл байгааг гишүүд тэмдэглээд борлуулагч, дамжуулагчдын сүлжээг илрүүлэх, тэдгээрт ял шийтгэл оногдуулах чиглэлээрх үйл ажиллагаа, төсөл дэх энэ чиглэлээрх өөрчлөлтийн талаар тодруулж байв. 2023 оноос Архидан согтуурахтай тэмцэх сан үйл ажиллагаагаа явуулсан, өдгөө 23 тэрбум төгрөг төвлөрсөн байгаа бөгөөд тус сангаас донтох эмгэгтэй тэмцэх чиглэлээр зарцуулсан зүйл байхгүй гэдгийг ажлын хэсгээс хэллээ. Хэлэлцэж буй төслийн хамт өргөн мэдүүлсэн төслүүд дунд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж, хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх бодлого, үйл ажиллагааг дээрх сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх зохицуулалтыг тусгаад байгаа гэв.
Мөн энэ төрлийн гэмт хэргийг зохион байгуулж байгаа, худалдан борлуулж байгаа этгээдэд хүлээлгэх ялын бодлогыг олон улсын жишгийн дагуу чангатгахаар төсөлд тусгаснаа ажлын хэсгээс хариулж байв. Тодруулбал, олон улсын жишгээр худалдан борлуулахаар хадгалсан, тээвэрлэсэн бодисын тун, хэмжээнээс хамаараад оногдуулах ял харилцан адилгүй байдаг байна. Тийм учраас байнга давтан үйлдэж байгаа, энэ гэмт хэргийг зохион байгуулалттайгаар үйлдэж байгаа, оролцож байгаа албан тушаалтнуудад хүлээлгэх ялын бодлогыг чангатгахаар хуулийн төслийг боловсруулсан болохоо тодотгож байсан. Насанд хүрээгүй хүүхдийг уруу татсан тохиолдолд хүлээх хариуцлагын талаар асуусан гишүүний асуултад ажлын хэсгээс хариулахдаа “Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуульд “Хүүхдийг согтуурах, мансуурах, донтох байдалд татан оруулах” гэж зүйл анги байгаа. Энд ялын санкц нь торгох, зорчих эрх хязгаарлах, хорих гэсэн гурван төрлийн сонгох хувилбартай байгаа. Хүүхэд нас барсан тохиолдолд хүлээлгэх хариуцлага нь 5-12 жилийн хорих ялтай. Үүнийг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, үр нөлөөг нь харгалзаад “согтуурах”, “мансуурах”, “донтох” гэдгээ ялгах нь зүйтэй гэж үзсэн. Нийгмийн аюулын шинж чанараар хүүхдийг мансуурах байдалд татан оролцуулах илүү аюултай гэмт хэрэг, хүнд хор уршигтай учраас хүлээлгэх хариуцлага, ялын бодлогыг чангатгаж байгаа юм. Тодруулбал, сонгох санкцгүйгээр 2-8 жил хорих ял, эрүүл мэндэд хохирол учирсан бол 5-12 жилийн хорих ял оногдуулах юм байна.
Гишүүд энэ төрлийн бодисын гэм хор, сөрөг нөлөө, ял шийтгэлийн талаар нээлттэй мэдээлж, хор хохирлын талаар мэдээллийг зорилтот бүлэгт хүргэх, нөлөөлөлд өртсөн иргэдийг хамгаалах, донтсон иргэдийг эмчлэх, нөхөн сэргээх үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр бодлого гарган, хэрэгжүүлэх талаар санал хэлж байв. Түүнчлэн энэ төрлийн донтолт, хордлогын эмчилгээнд сайн дураар хамрагдах хүсэлтийг дэмжиж, шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэх, ял шийтгэл оногдуулахгүй байх, хувь хүний мэдээллийг нууцлах, хамгаалах асуудал анхаарал хандуулах шаардлагын талаар санал хэллээ.
12 цагийн өмнө
15 цагийн өмнө
16 цагийн өмнө
Өчигдөр
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.