Нэр дэвшигч нар тавдугаар сард тодорно

2017-02-13 Ерөнхийлөгч

Хэвлэлийн бага хурал

Сонгуулийн Ерөнхий хорооноос /СЕХ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг ирэх зургадугаар сарын 26-нд явуулахаар товлон зарласан. Энэ нь санал хураалт болохоос 150 хоногийн өмнө сонгуулийн тов тогтоох ёстой хуулийн хугацаатай холбогдон гарч буй өдөр юм. Мөн гадаадад амьдран сууж байгаа иргэд зургадугаар сарын 10, 11-нд дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан саналаа өгөх гэнэ. Тодруулбал, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш гадаадад байгаа иргэд цахимаар бүртгүүлэх боломжтой болсон. Тиймээс сонгогчдын идэвхийг нэмэгдүүлэх үүднээс бүх боломжоо ашиглана гэдгийг тус хорооны удирдлагууд энэ үеэр онцолж байв.

Харин санхүүгийн тухайд, эл шатны сонгуулийг зохион байгуулахад 14 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт суулгажээ. Түүнчлэн сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг Сонгуулийн тухай хуульд зааснаар буюу УИХ-ын сонгуулиар мөрдөгдөж байсанчлан хэрэгжүүлэх гэнэ.

-Ингээд СЕХ-ны гүйцэтгэх бэлтгэл ажлын хугацааг хүргэж байна-

Нэгдүгээр сард: Сонгууль товлон зарлах, санал авах өдрийг товлон зарлана.

Хоёрдугаар сард: Сонгуулийн хэсгийн хороог санал авах өдрөөс 120-оос доошгүй хоногт багтаан байгуулна гэж хуульд заасан байдаг. Өөрөөр хэлбэл хоёрдугаар сарын 26-наас өмнө хэсэг байгуулах ёстой юм байна.

Хэсгийг сум, дүүргийн иргэдийн хурлын тэргүүлэгчид тогтоож, эхний шийдвэрээ Оюуны өмч, улсын бүртгэлийн газар ирүүлж байгаа аж.

Мөн энэ сарын 26-наас өмнө Үндэсний аудитын газар сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоож, нийтэд зарлах аж.

Гуравдугаар сард: Сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны мэдээллийн сан бүрдүүлж, тэднийг сургалтад хамруулах аж. Журамд зааснаар сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны судалгааг гуравдугаар сарын 10-ны дотор СЕХ-нд ирүүлэх ёстой юм байна.

Дөрөвдүгээр сард: Аймаг, нийслэл, сум дүүрэгт байнгын бус ажиллагаатай сонгуулийн хороо байгуулагдах аж.

Тавдугаар сард: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажил явагдана.

Зургадугаар сард: Саналын хуудас бэлдэх, санал тоолох машинаа програмчлах, хүргүүлэх ажил явагдах юм байна. Мөн сонгуулийн сурталчилгаа явагдах аж.

С.Гэрэлсүх

 

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.