Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт БНКУ-ын Үндэсний банкны Ерөнхийлөгч Тимур Сулейменовтой уулзлаа

5 цагийн өмнө Банк, санхүү

Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрийн айлчлалын хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогтыг тус улсын Үндэсний банкны Ерөнхийлөгч Тимур Сүлейменов 2026 оны 4-р сарын 22-нд Үндэсний банкны байранд хүлээн авч уулзлаа.

Уулзалт ажил хэрэгч уур амьсгалд болж, талууд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, инфляцыг зорилтот түвшинд тогтвортой хадгалах, мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, хэрэгжүүлж буй туршлагын талаар санал солилцов.

Түүнчлэн хоёр тал худалдааны эрсдэлийг бууруулах, төлбөрийн эргэлтийг хурдасгах зорилгоор хил дамнасан төлбөр тооцоог хялбаршуулах, арилжааны банкнууд хооронд шууд корреспондент харилцаа хөгжүүлэхийг дэмжих, худалдааны санхүүжилтийг дэмжих аккредитив (LC), батлан даалтын ашиглалт, своп хэлэлцээ зэрэг бүтээгдэхүүн бий болгох чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Төв банкны дижитал мөнгө (CBDC)-ний чиглэлээр технологийн хамтын ажиллагааг эхлүүлэх асуудлыг ярилцаж, улмаар Алматы хотноо байрлах ОУВС-ийн Кавказ, Төв Ази, Монгол Улсыг хамарсан Техникийн туслалцаа, чадавх бэхжүүлэх төв (CCAMTAC)-өөр дамжуулан Монголбанкны мэргэжилтнүүдийг чадавхжуулах, мөн цаашид иргэд, бизнесийн орчныг дэмжих зорилгоор хил дамнасан төлбөрийн системийн нягт уялдааг хангах нь нэн чухлыг онцлон тэмдэглэв.

Уг уулзалт нь Монгол, Казахстаны төв банк хоорондын хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулж, мөнгөний бодлого, санхүүгийн тогтвортой байдал, төлбөрийн дэд бүтцийг уялдуулж худалдааны санхүүжилтийг дэмжих чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

Өнөөдрийн онч үг

7 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.