Ц.Гарамжав: Бид үнэхээр төлсөн татвар, шимтгэлийнхээ үр шимийг хүртэж байна уу?

4 цагийн өмнө Бор шувуу

 

 

Монполимет группийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжав ажил олгогчийн хувьд, НДШ болон цаг үеийн асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр “Эрүүл мэндийн даатгалын сангийн нөхцөл байдал доройтож, иргэд эмнэлгийн үйлчилгээндээ дахин төлбөр төлөх шаардлагатай болоод нилээдгүй хугацаа өнгөрч байна. Нөгөө талд Нийгмийн даатгалын сангийн алдагдал жилээс жилд нэмэгдэж, улсын төсвөөс жилд ойролцоогоор 1.5–1.6 их наяд төгрөгийн татаас авч байж тэтгэврийн зардлаа нөхөж байгаа нь энэ тогтолцоо тогтвортой эсэхэд эргэлзэхэд хүргэж байна. Энэ бүхэн баярын дараах нулимс шиг бодит байдал болжээ.

Өнөөдөр ажилтан цалингаасаа 11.5% Нийгмийн даатгалын шимтгэл, дээр нь 10% ХХОАТ төлдөг. Харин ажил олгогч мөн 12.5–14.5% НДШ нэмж төлдөг. Ингэснээр хөдөлмөрийн зардлын нийт ачаалал буюу улсад ажил олгогч, ажилтан нийлээд ойролцоогоор 34–36% болж байна.

Гэтэл үүгээр зогсохгүй, хувь хүн өөрийн ур чадвар, үйлчилгээ, зөвлөгөөг аж ахуйн нэгжид үзүүлсэн тохиолдолд мөн давхар НДШ төлөх шаардлага үүсдэг. Энэ нь олон хүний хувьд шударга бус санагдаж, улмаар орлогоо нуух, дутуу мэдүүлэх эрсдэлийг нэмэгдүүлж, эдийн засгийн ил тод байдлыг хумихад хүргэдэг.
Нийгмийн даатгалын шимтгэлийн нийт хэмжээ ойролцоогоор 24% байгаагаас үүний 17 орчим хувь нь тэтгэврийн даатгалд ногддог. Гэвч Монголын тэтгэврийн тогтолцоо ихэвчлэн одоогийн хөдөлмөр эрхлэгчдийн шимтгэлээр одоогийн тэтгэвэр авагчдыг санхүүжүүлдэг зарчимтай тул хувь хүний бодит хуримтлал маш бага үлддэг. Үүний үр дүнд ахмадууд тэтгэвэрт гарсны дараа авдаг тэтгэврийн хэмжээ амьдралд хүрэлцэхгүй тул банкны 15–18 хувийн хүүтэй зээл авах нь түгээмэл үзэгдэл болжээ. Насаараа татвараа шударгаар төлсөн хүмүүс эцэст нь өртэй амьдрах нь тогтолцооны гажуудлыг харуулж байна.

Тэгвэл бид үнэхээр төлсөн татвар, шимтгэлийнхээ үр шимийг хүртэж байна уу? Нийгмийн даатгалын өнөөгийн тогтолцоог бодитоор шинэчилж, хувь хүний бодит хуримтлал бий болгодог тэтгэврийн сангийн систем бий болгох тухай асуудлыг нухацтай ярих цаг болсон. Үгүй бол хүмүүсийн хөдөлмөрийн орлогоос өндөр шимтгэл төвлөрүүлсэн ч эргээд хангалттай хамгаалалт, баталгааг өгч чадахгүй хэвээр байх эрсдэлтэй.
Бид төлсөн татвар, шимтгэлийнхээ хэрээр эрүүл амьдрах орчин бүрдүүлж чадаагүй, чанартай эрүүл мэндийн үйлчилгээ хүртээмжтэй авч чадахгүй, үр хүүхдээ сургах сургуулийн хүртээмж ч хангалтгүй хэвээр буй тул ард түмнийхээ орлогыг бодитой сайжруулах мэдэгдэхүйц өөрчлөлт хийх хэрэгтэй байна” гэжээ.

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.