Гөлөг төөрүүлэхэд 3.0 тэрбумыг заржээ

2024-12-20 slider


За одоо бүгдээрээ тархи угаалт гэдэг юмыг ойлгож авна аа. Цэвэр агаар нэртэй сан байлаа. 2011 онд байгуулагдаад, 2015 онд татан буулгасан. Анхны захирал нь Н.Хүрэлсүх гэж энэ хүн. Өө тэгээд нягтлан бодогч, байцаагч энэ тэр гээд бас баахан дагуултай. Уг сан оршин байх хугацаандаа нийслэлчүүдийг утаанаас салгана гэж 140 орчим тэрбум төгрөг үрэн таран хийсэн. Эл Н.Хүрэлсүх гэж нөхөр л гэхэд хотын төвд 10 орон сууцтай болсон, нягтлан нь 300 саяын үнэт эдлэлтэй байсан, татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийж хэдэн арван байр, ээмэг бөгж, үнэтэй машин авч гэнэт баяжсан нийт 11 хам хэрэгтний хэрэг байдаг. За тэгээд шалгагдаж байна, батлан даалтанд гарлаа гэхчлэн шоудсаар хугацаа хожиж, 2-8 жилийн ял авцгаасан боловч жил гаруйхан хоригдсон болоод Өршөөлийн хуульд хамрагдаад эрх чөлөөтэй болсон. Улсад учруулсан хохирлоо төлсөн, үгүй нь өнөөг хүртэл тодорхойгүй. Нөгөө үрэн таран хийсэн 140-өөд тэрбум төгрөгийнхөө 200 орчим сая төгрөгийг хэвлэл мэдээлэлд, 330 сая төгрөгийг цахим хуудас бүтээх зориулалтаар, 2.4 тэрбум төгрөгийг вэб сайтуудад зарсан байдаг. Нийтдээ бараг 3.0 тэрбум. Энэ их мөнгөний зориулалт нь утаатай байсан ч утаагүй байна гэж та бидэнд итгүүлэхэд зориулагдсан гээд бод доо. Утаагаар амьсгалаад байгаа хэрнээ утаагүй байна аа гэж бодоод, уншаад, мэдээ үзээд алхаад байх юм биз дээ. Үүнийг тархи угаалт гээд байгаа юм. Одоо энэ тархи угаалт дахин боловсронгуй болсон. Тэртэй тэргүй утаагаар амьсгалаад байгаагаа иргэд ойлгоод, заргалдаад эхэлмэгц гөлөг төөрүүлэх арга хэрэглэнэ, гөлөг төөрүүлэгчдэд бас мөнгө төлнө, нөгөө гөлгөндөө өөр сэдвээр өгөөш хаяна за ийм л байна. Цэвэр агаар сан бол тархи угаалтын зөвхөн нэг жишээ шүү дээ. Утаатай байгаа боловч агаарын чанар сайн байгаа үзүүлэлт гарчээ энэ тэр гэсэн мэдээллүүдийн үнэ шүү дээ, харин бид гөлөг, төөрүүлээд хаямагц нь буцаад гүйгээд очдог гөлөгхөнүүд л юм даа. Сонирхуулахад, 140 тэрбумаар доголдоод байгаа цахилгаан станцынхаа хэдэн зуухыг бүрэн засч шинэчилж болох байлаа!

Сэтгүүлч Р.Эмүжин

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.