Сэрэмжлүүлэг: Бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар бүртгэгджээ

2024-12-24 Мэдээ мэдээлэл


Бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар бүртгэгдсэн талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ. Иймд эцэг эхчүүд халдвараас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг анхаарууллаа.

Менингококкын менингит өвчнийг бид цахилгаан менингит гэж нэрлэж заншсан. Уг өвчний шинж тэмдэг гэнэт илэрч, хурдан хүндэрдэг учраас цахилгаан хэмээн тодотгожээ. Энэ өвчний үед хүүхэд гэнэт өндөр халуурч, их хэмжээгээр бөөлждөг. Мөн дагз нь хөших, гэрлээс айх, маш цочимтгой болох, хөхөөр хооллодог хүүхэд хөхөө хөхөж чадахаа болих шинж тэмдгүүд илэрдэг. Эдгээр шинж тэмдгүүдтэй зэрэгцэн 1-2 цагийн дотор үе мөчнөөс эхлэн тууралт гарч, маш хурдан хугацаанд цусархаг болдог маш аюултай өвчин юм. Шинж тэмдэг илэрсэн даруйд яаралтай эмнэлгийн тусламж авч чадвал энэ өвчин бүрэн эдгэдэг байна.

Хэрхэн халдварлах вэ?

Менингококкт халдвараар өвдсөн хүн, нян тээгчээс агаар дуслын замаар халдвар дамжих ба үүсгэгч нян нь хүний хамар, залгиурт байршиж өвчин үүсгэнэ. Нууц үеийн хугацаа нь 3-10 хоног, дунджаар 5-7 хоног байдаг. Тус халдвараар бүх насны хүн өвчлөх эрсдэлтэй бөгөөд тав хүртэлх насны хүүхэд илүү өртөмтгий байдаг.

Иймд бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд, асран хамгаалагч нар:

– Өндөр халуурах (39 хэмээс дээш)
– Бөөлжих
– Толгой, үе мөчөөр хүчтэй өвдөх
– Цочромтгой, гэрэлд мэдрэг болох
– Цусархаг тууралт гарах зэрэг  шинжүүдээс хүүхдэд тань илэрвэл яаралтай Эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.