УИХ энэ сарын 8-нд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг баталсан билээ. Ингэхдээ төсвийн нийт орлогыг 33.8 их наяд, нийт зарлагын хэмжээг 35.7 их наяд, алдагдал 1.9 их наяд байхаар баталсан юм. Харин урсгал зардлыг 24.5 их наядаас бууруулах УИХ-ын гишүүдийн шаардлагын хүрээнд төсвийг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан тодотгох УИХ-ын тогтоолыг хамт баталсан. Улмаар УИХ төсвийн төслүүдийг ёсчилж, Ерөнхийлөгчийн Тамгын газарт энэ долоо хоногт хүргүүлсэн. Гэвч Ерөнхийлөгч ирэх оны төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан байна.
Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Үндсэн хууль, бусад хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын 2025 оны төсвийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуульд бүхэлд нь хориг тавьж байна.
Гадаад зах зээлийн төлөв байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзэл, өрийг бууруулах зэрэг суурь зарчмуудыг анхаарч, алдагдалгүй төсөв батлах учиртай.
Түүхий эдийн үнийн хэлбэлзэл ихтэй энэ эгзэгтэй үед мөчлөг сөрсөн эдийн засгийг төлөвлөж, алдагдалгүй, үр ашигтай төсөв батлах учиртай. Эдийн засгийн тогтвортой байдлыг хангах нь ард иргэдийн амьдралыг сайжруулна.
Төсвийг батлахдаа үр ашигтай хэмнэлттэй байх зарчмыг баримтлах, төсвийн төлөвлөгөө тайлагналыг нийтэд ойлгомжтой хүртээмжтэй байдлаар мэдээлэх, нийгмийн ач холбогдолтой байх зэрэг хуулийн холбогдох заалтуудыг бүрэн хангаагүй байна.
Төсвийн зардлыг бууруулах, улс төрийн намуудыг сонгуулийн амлалтыг биелүүлэхийг шаардаж буй нь зүй ёсны шаардлага юм. Төсвийг үр ашигтай, төлөвлөж чадаагүйгээ хүлээн зөвшөөрч, дахин тодотгох шаардлагатай гэсэн тогтоол баталсан. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл” гэлээ.
Ерөнхийлөгчийн хоригийг УИХ ажлын 14 хоногт багтаан хүлээж авах эсэхийг шийдвэрлэнэ. Хоригийг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь хүлээж авахгүй бол төсвийн хууль хүчин төгөлдөр хэвээр үлдэх юм. Холбогдох хуулийн заалтыг тодруулъя.
Нэг. АЛДАГДАЛГҮЙ ТӨСӨВ БАТЛАХ.
Гадаад зах зээлийн төлөв байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлийг харгалзан, гадаад валютын улсын нөөц, төсвийн хуримтлалыг нэмэгдүүлэх, өрийг бууруулах зэрэг суурь зарчмуудыг анхаарч мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж алдагдалгүй төсөв батлах нь зүйтэй.
Монгол Улсын Ерөнхийлөгч ард иргэд, баялаг бүтээгч, татвар төлөгчид болон мэргэжлийн байгууллагуудын зүгээс төсвийн сахилга батыг чангатгах, үр ашигтай, хэмнэлттэй байх зарчимд нийцүүлэн төсвийн зардлыг бууруулах, чиг үүргийн давхардлыг арилгах, улс төрийн нам, эвслүүд сонгуулийн амлалтаа биелүүлэх зэрэг санал, шүүмжийг илэрхийлж байгаа нь зүй ёсны шаардлага хэмээн үзэв.
Хоёр. ХУУЛЬ ДЭЭДЛЭХ ЗАРЧИМД НИЙЦҮҮЛЭХ
Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль тогтоомжууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “. . . хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэсэн заалтыг зөрчих нөхцөлийг бий болгосон байна.
Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 41 дүгээр тогтоолыг баталжээ. Энэхүү тогтоолоор Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль нь Төсвийн болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан зарчмуудыг бүрэн хангаагүй, төрийн мөнгөний бодлоготой нийцээгүй, төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж чадаагүй болохоо хүлээн зөвшөөрч, батлагдсан төсвийг тодотгож, дахин засаж сайжруулах шаардлагатай гэсэн агуулгыг илэрхийлсэн байна. Мөн Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Засгийн газар дараах тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасан. Гэтэл Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль хүчин төгөлдөр болж, дагаж мөрдөж эхлээгүй, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан тохиолдол үүсээгүй байхад Улсын Их Хурал төсөвт тодотгол хийхээр тогтоол баталж, чиглэл болгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “. . . хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” хэмээх заалтыг зөрчих нөхцөлийг бий болгосон байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан хоригийг холбогдох хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
44 минутын өмнө
1 цагийн өмнө
4 цагийн өмнө
6 цагийн өмнө
7 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
2024-11-18
2024-11-18
87361
30388
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.