МАН-ын Бага хурал хэзээ мөдгүй зарлагдана. Хурлаар орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан болон ялагдсан нөхдийг эрэмбэлж, бага хурлын гишүүдийг шинэчилнэ гэж байгаа. Тэрчлэн хамтарсан Засгийн газрын 100 хоногийн тайлан, үр дүнгээс гадна цаг үеийн нөхцөл байдалтай уялдсан хэд хэдэн асуудлыг жинтэйхэн хэлэлцэхээр төлөвлөж.
УИХ-ын сонгуулийн санал хураалтын дараа, 2024.07.05-нд хуралдсан Бага хурлаар УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр парламентад сонгогдсон болон өөр албан тушаалд томилогдсон нөхдийн орны хүмүүсийг томилсон. Мөн Я.Содбаатарыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар жинхэлсэнийг сануулах нь илүүц биз. Гэхдээ жинхлэгдээд ажилласан анхны сонгуулиараа “ялагдал” хүлээн, намын удирдлагуудаа хөлгүй болгосон хариуцлагыг хүлээх ёстой болоод байгаа.
Уг бага хурлаар МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан О.Батнайрамдал, А.Ариунзаяа нарыг чөлөөлж, хотын дарга асан Д.Сумъяабазар, Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал асан Х.Алтай нарыг томилсон.
Тэрчлэн хамтарсан Засгийн газар байгуулах Л.Оюун-Эрдэнийн саналыг сонссон ч хэлэлцээгүй орхисон. 2024.05.20-нд болсон Бага хурлаар намын дарга Л.Оюун-Эрдэнэ “Хэрэв сонгуульд нам ялалт байгуулбал би намын дарга бөгөөд Ерөнхий сайдын албаа үргэлжлүүлэн хашна. Засгийн газраа Үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу өөрөө байгуулна. Ялагдвал намын даргын албаа хүлээлгэн өгнө” хэмээн мэдэгдэж, Бага хурал ч 100 хувийн саналаар дэмжсэн байсан тул саналыг нь хэлэлцээгүй байх. Н.Энхбаяр л дахин МАНАН байгуулж болохгүй гэж орилоод үлдсэн дуулддаг.
Харин өдгөө МАН-ын амтай хэлтэй бүхэн Засгийн газар руу хүссэнээрээ боргож байна. Сайд нарыг ширхэглэн мөлжиж, Төсвийн тодотгол хэлэлцэх үеэс эхлээд хамтарсан Засгийн газар байгуулсаныг илтэд буруушаан хэмлэж байгаа. Засгийн газраас оруулж ирсэн төсвийн тодотгол ч гишүүд төдийгүй олон нийтийн зүгээс хатуухан шүүмжлэлд өртөж, зарим хуулиа буцааж татахаас аргагүйд хүрсэн. Ер нь ч хамтарсан Засгийн газраас оруулж ирсэн эхний хууль бүдэрч, МАН-ынханд хэрчигдсэн нь Засгийн газрын суурь ганхсаны илэрхийлэл гэчихэд буруудахгүй.
Л.Оюун-Эрдэнэ ялалт байгуулсан ч АН, ХҮН хоёрыг өвөртлөн гүйснийхээ горыг энэ байтугай амсах биз.
Гурван нам нийлж, сөрөг хүчингүй болсон парламентад улс төр өрнөж, ил далдгүй бүлэг фракциуд үүсч эхэлсэн нь намжих нь бүү хэл, улам хурцдахаар шинжтэй байгааг улс төр судлаач, ажиглагчид хэлж байна. Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын насжилтыг 1.6 жилээс ихгүй гэсэн таамаглал ч давамгайлж эхэлсэнийг энд хэлэх нь зүй. Ер нь ч хамтарсан Засгийн газрууд урт насалсан тэмдэглэл Монголын улстөрийн түүхэнд үгүй юм.
МАН дахь гомдогсдын арми хүрээгээ тэлж, Бага хурлын олонх Л.Оюун-Эрдэнийн эсрэг зогссон, үүнд нь Төрийн тэргүүн У.Хүрэлсүхийн хүч дэмнэл багагүй байгааг эх сурвалжууд хэлж байна. Үүнийг Монгол Францийн хамтарсан уран олборлох төслийн гүйцэтгэх “Бадрах энержи” компанийн дэд захирлаар Ё.Отгонбаярыг томилсон томилгоноос харж болох нь. Үүний өмнө “Монголросцветмет” ТӨҮГ-ын даргаар Д.Тогтохсүрэнг томилсон явдал ч санаандгүй биш байж таарна. Өөрөөр хэлбэл, МАН-ын хууччуулын барьц, У.Хүрэлсүхийн дэмжлэгт томилгоонууд цаг төр хаашаа ч эргэж мэдэхээр байгааг хэлж буй хэрэг биз.
Ядаж байхад АН-ын дотоод хэрэг тогтворгүй хэвээр байгаа.
Намын дарга болон удирдлагын багийг өөрчлөх асуудал хэсэг хурцаар тавигдаад эрч нь суларсан ч энэ зуурт намын дотоодод хэдийнэ 4-5 бүлэглэл үүсч, жигүүрээ дэлгээд эхэлж. Тэдний хийх эргүүлэгт МАН-ын дарга ч өртөх нь тодорхой биз.
Л.Гантөмөр болоод Т.Батцогт тэргүүтэнг хэдийд, хэнээр солихыг тэд хэлэлцэж байна. Нэгэнт үүссэн эл жигүүр хөдөлгөөнүүдийн байдлаас болоод АН-ын Улс төрийн зөвлөл Үндэсний бодлогын хорооны хурлын тов тодорхойгүй байна.
Лу.Гантөмөрийг намын даргаас буулгавал Тэргүүн Шадар сайдын суудалд өөрчлөлт орно. Тэргүүн шадар сайд үгшүй болвол хамтарсан Засаг ганхаж таарна. Тиймээс АН-ын дотоодод үүсэн бүлэг, жигүүр, хөдөлгөөнүүдийн алхам бүрийг МАН анхааралтай ажиглаж байна. Ажиглахаас ч аргагүй. АН байтугай МАН-ын дотоодод хууччуул магнайлсан хэд хэдэн бүлэглэл үүсчихээд буй тул Бага хурлаа шийдвэртэйхэн зарлачихаж чадахгүй бэлцэгнэж байна.
Тэд Бага хурлаа зарлавал Д.Энхтүвшин болон жагсаалтаар орсон зарим нэг нөхрийг эргүүлэн татах асуудлыг хэлэлцэж мэдэхээр дуулдаад эхлэв.
Энэ талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг дараагийн дугаараар хүргэх тул энд түр орхиё.
Үргэлжлэл бий…
2 цагийн өмнө
3 цагийн өмнө
5 цагийн өмнө
Өчигдөр
87332
30274
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.