Т.Аюурсайхан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өөрөө гаргасан билээ. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гарган, түүнийг сайдаас чөлөөлсөн.
Улмаар Засгийн газрын гишүүнээс чөлөөлсөн Ерөнхий сайдын захирамжийг өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэж, албажууллаа.
Т.Аюурсайханыг нүүрсний гэх тодотголтой хэргээр шалгаж, АТГ-аас УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хүсэлтийг прокурорын байгууллагад хүргүүлээд байна. Үүнтэй холбоотойгоор чуулганы хуралдааны үеэр тэрбээр “Би өөрийнхөө хүсэлтээр Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргаж өгсөн. Нөхцөл байдлыг та бүхэн бүгд мэдэж байгаа. Энэ салбарт надаар хариуцуулж хийлгэх гэсэн гол ажил нь хууль, эрх зүйн орчны шинэчлэл байсан. Ялангуяа нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл 4-5 засаг дамжин яригдаж байсан асуудал. Үүнийг гишүүд, холбогдох байнгын хороодын дэмжлэгтэйгээр хийж, одоо УИХ дээр хэлэлцэгдээд явж байна. Цаашид төлөвлөсөн олон асуудлууд байсан. Олон зүйлийг өөрчлөх тэмүүлэл, эрмэлзлэлтэйгээр энэ ажлыг хийгээд гурван сар боллоо.
Гэвч тодорхой хэрэгтэй холбогдуулаад нийгмийн сүлжээгээр зохион байгуулалттайгаар өнгөрсөн 3 сарын дотор миний эсрэг гүтгэлэг, дайралт явсан. Үүнийг янз бүрийн хүмүүс зохион байгуулсан. Захаасаа ил болж байна. Маш их хөрөнгө мөнгө санхүүжилт гаргасан.
Олон нийтийн мэдээлэлд үндэслэсний улмаас прокуророос надад хэрэг үүсгэсэн. Энэ асуудалд миний зүгээс удаа дараа мэдэгдэл хийсэн. Нүүрсний хулгайн хэрэгт би холбогдол байхгүй. Үүнийгээ би одоо ч гэсэн хэлж байна. Надад хэрэг үүсгэсэн прокурорын дүгнэлттэй би санал нийлэхгүй байгаа.
Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, бусдыг элсүүлэх гэдэг үндэслэлээр хэрэг үүсгэсэн. Эрүүгийн хуулийн 20-р зүйл гэдэг бол Терроризм, зэр зэвсэг, мансууруулах бодис оруулах, буюу олон нийтийн аюулгүй байдлын эсрэг зохион байгуулалттай гэмт хэрэг гэдэг бүлэгт холбогдуулсныг би ямар ч баримт нотолгоогүйгээр зохиомлоор ингэсэн гэж үзэж байна. Тиймээс би шат шатанд нь гомдол гаргаад явж байгаа юм” хэмээн хариулав.
16 цагийн өмнө
20 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.