УИХ-ын чуулганы 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас санаачилж, өргөн мэдүүлсэн Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх тухай хэлэлцүүлгийг явууллаа. Төсөл санаачлагчийн илтгэлийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Аюурсайхан танилцуулав.
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг 11 бүлэг, 60 зүйлтэйгээр боловсруулсан байна. Хуулийн төслөөр хувийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөр хэрэгжүүлэх, хуримтлал үүсгэх, хуримтлалаас хөрөнгө оруулалт хийх, хувийн нэмэлт тэтгэвэр олгох, тэтгэврийг өвлүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, хяналт тавих, талуудын эрх ашгийг хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулахаар тусгасан талаар сайд Т.Аюурсайхан танилцуулгадаа дурдав. Хувийн нэмэлт тэтгэврийн үйл ажиллагаа нь сайн дурын шимтгэлд суурилсан, бүрэн хуримтлалын, засаглал нь ил тод, санхүүгийн хувьд тогтвортой, найдвартай, бие даасан, өвлөгддөг байх зарчмыг хуулийн төсөлд тусгасан байна.
Хуулийн төслийг хэлэлцэх, эсэх талаар Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат танилцууллаа.
Төсөл санаачлагчийн илтгэл болон Нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Ц.Туваан нар хувийн тэтгэврийн сангийн эрсдэлийг хэрхэн хаах талаар асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Б.Бейсен хувийн тэтгэврийн санг эрсдэлгүй ажиллуулах, мөн нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагаанд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар тооцохыг Байнгын хороонд сануулав.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.