УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудлыг хэлэлцлээ. Гишүүд хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж үг хэлж байна. Яг одоо Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам танилцуулга хийж эхэллээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар Ерөнхийлөгч томилно” гэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт “Ерөнхий зөвлөл Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулснаар томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ” гэж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.2 дахь хэсэгт “Нэр дэвшигчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Хууль зүйн байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд танилцуулна” гэж тус тус заасан. Үүний дагуу Улсын дээд шүүхийн шүүгчийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтад нэгдүгээрт эрэмбэлэгдсэн нэр дэвшигч Мөнхөөгийн Пүрэвсүрэн, хоёрдугаарт эрэмбэлэгдсэн нэр дэвшигч Бадамдоогийн Ганболд, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтад нэгдүгээрт эрэмбэлэгдсэн нэр дэвшигч Нэргүйн Батчимэг нарыг Улсын Их Хуралд танилцууллаа.
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Мөнхөөгийн Пүрэвсүрэн нь
1982 онд Өвөрхангай аймагт төрсөн. 40 настай, эрэгтэй, ам бүл дөрөв.
1989-1998 онд Хэнтий аймгийн Хэрлэн сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль,
1998-2003 онд Чингис хааны нэрэмжит Их Засаг их сургууль, эрх зүйч, бакалавр,
2011-2014 онд Их засаг Олон улсын их сургууль, хууль зүйн ухааны магистрын зэрэг тус тус хамгаалсан. Эрх зүйч мэргэжилтэй.
Тэрээр 2003-2004 онд “УБ даатгал” ХХК-д хуулийн зөвлөх,
2004 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга,
2004-2007 онд Улсын дээд шүүхэд шүүгчийн туслах-шинжээч,
2007-2012 онд Өвөрхангай аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн шүүгч,
2012 онд Говьсүмбэр аймгийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч,
2012-2013 онд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгч,
2013-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч,
2015 оноос хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.
Нэр дэвшигч М.Пүрэвсүрэн нь төрийн албанд 18 жил, шүүгчээр 14 жил 10 сар, үүнээс давж заалдах шатны шүүхийн шүүгчээр 10 жил ажиллаж байна.
Нэр дэвшигч М.Пүрэвсүрэн нь хуульд заасан шалгуурыг бүрэн хангасан болохыг нэгбүрчлэн танилцуулсан юм. Шүүгчид нэр дэвшигчдээс авсан шалгалтад М.Пүрэвсүрэн нь хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтад 55.32 оноо, мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад 26.09 оноо, нийт 81.41 оноо авч, сонгон шалгаруулалтад тэнцсэн хоёр нэр дэвшигчээс нэгдүгээрт эрэмбэлэгджээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны аравдугаар сарын 21-ний өдрийн 312 дугаар тогтоолоор шийдвэрлэсний дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасныг баримтлан Улсын дээд шүүхийн шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтад нэгдүгээрт эрэмбэлэгдсэн нэр дэвшигч Мөнхөөгийн Пүрэвсүрэнг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилуулах саналыг Улсын Их Хуралд танилцуулж байгаа аж.
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Бадамдоогийн Ганболд нь
1978 онд Улаанбаатар хотод төрсөн. 44 настай, эрэгтэй, ам бүл дөрөв.
1986-1996 онд 34 дүгээр дунд сургууль бүрэн дунд боловсрол,
1996-2000 онд Их Засаг хууль зүйн дээд сургууль, эрх зүйч, бакалавр,
2000-2001 онд Их Засаг их сургууль, хууль зүйн ухааны магистрын зэрэг тус тус хамгаалсан. Эрх зүйч мэргэжилтэй.
Тэрээр 2000-2004 онд Их Засаг хууль зүйн дээд сургуульд багш,
2006-2008 онд Халх журам хууль зүйн дээд сургуульд багш,
2008-2014 онд Түшээ дээд сургуульд багш,
2006 оноос Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгчөөр ажиллаж байна. Нэр дэвшигч Б.Ганболд нь өмгөөлөгчөөр 16 жил ажиллаж байна.
Үргэлжлүүлэн нэр дэвшигч Б.Ганболд нь хяналтын шатны шүүхийн шүүгчид тавих болзол, шаардлагыг хангаж байгаа талаар дэлгэрэнгүй танилцуулсан. Шүүгчид нэр дэвшигчдээс авсан шалгалтад Б.Ганболд нь хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтад 50.53 оноо, мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад 21.53 оноо, нийт 72.06 оноо авч, сонгон шалгаруулалтад тэнцсэн хоёр нэр дэвшигчээс хоёрдугаарт эрэмбэлэгдсэн байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 313 дугаар тогтоолоор шийдвэрлэсний дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасныг баримтлан Улсын дээд шүүхийн шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтад хоёрдугаарт эрэмбэлэгдсэн нэр дэвшигч Бадамдоогийн Ганболдыг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилуулах саналыг Улсын Их Хуралд танилцуулж байгаа аж.
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Нэргүйн Батчимэг нь
1975 онд Улаанбаатар хотод төрсөн. 47 настай, эмэгтэй, ам бүл дөрөв.
1983-1993 онд Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн 10 жилийн сургууль бүрэн дунд боловсрол эзэмшсэн.
1993-1997 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, эрх зүйч, бакалавр,
2011-2018 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, хууль зүйн ухааны магистрын зэрэг тус тус хамгаалсан. Эрх зүйч мэргэжилтэй.
Тэрээр 1998-2001 онд Дорноговь аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхэд туслах шүүгч,
2001-2010 онд Дорноговь аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн шүүгч,
Ерөнхий шүүгч, 2010-2013 онд Дорноговь аймгийн шүүхийн шүүгч,
2013-2015 онд Иргэний хэргийн давж заалдах хоёрдугаар шүүхийн шүүгч,
2015-2016 онд Говьсүмбэр, Дорноговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч,
2016 онд Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр тус тус ажилласан.
Нэр дэвшигч Н.Батчимэг нь төрийн албанд 24 жил 4 сар, шүүгчээр 24 жил 4 сар, үүнээс давж заалдах шатны шүүхийн шүүгчээр 12 жил ажиллаж байгаа юм байна. Нэр дэвшигч Н.Батчимэгийн хяналтын шатны шүүхийн шүүгчид тавих болзол, шаардлагыг хангаж байгаа талаар мөн танилцууллаа.
Нэр дэвшигчдээс авсан шалгалтад Н.Батчимэг нь хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтад нийт 80 оноо авч тэнцэн нэгдүгээрт эрэмбэлэгджээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 314 дүгээр тогтоолоор шийдвэрлэсний дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасныг баримтлан Улсын дээд шүүхийн шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтад нэгдүгээрт эрэмбэлэгдсэн нэр дэвшигч Нэргүйн Батчимэгийг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилуулах саналыг Улсын Их Хуралд танилцууллаа.
44 минутын өмнө
57 минутын өмнө
3 цагийн өмнө
3 цагийн өмнө
Өчигдөр
87365
30395
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.