Чуулган: Монгол Улсын ирэх оны ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ

2022-11-4 Парламент

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.11.03) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 05 минутад эхэлж, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, О.Цогтгэрэл, Ц.Туваан, Б.Бейсен, Ц.Сандаг-Очир, Ж.Чинбүрэн нар асуулт асууж, хариулт авсны дараагаар зарчмын зөрүүтэй 87 саналын томьёоллоор нэг бүрчлэн санал хураалт явуулав.

Тухайлбал, Ажлын хэсгээс Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан “Ирээдүйн өв санд хуваарилах хувь 2023 онд 0, 2024 онд 25, 2025 онд 45, 2026 оноос 65 байна” гэснийг “Ирээдүйн өв санд хуваарилах хувь 2023 онд 0, 2024 оноос 65 байна” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 51.8 хувь нь дэмжив.

Мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, “10.1.19.Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт болон ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаанд тавих улсын хяналтыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага гүйцэтгэнэ.” гэсэн заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Түүнчлэн Ажлын хэсгээс Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийг “21.1.Энэ хуулийн 14, 18 дугаар зүйлд заасны дагуу тухайн жилийн орлогыг тодорхойлоход 0-120000000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 10 хувиар, 120000001-180000000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 12000000 төгрөг дээр 120000000 төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар, 180000000 төгрөгөөс дээш албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 21000000 төгрөг дээр 180000000 төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувиар нэмж тооцон албан татвар ногдуулна.” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 55.4 хувь нь дэмжсэн юм.

Түүнчлэн ““Гүйцэтгэх засаглал дахь хяналтын тухай” гэсэн хуулийн нэрийг “Засгийн газар дахь хяналтын тухай” гэж өөрчлөх. Үүнтэй уялдуулан төсөлд тусгагдсан “Гүйцэтгэх засаглал дахь хяналтын тухай” гэснийг “Засгийн газар дахь хяналтын тухай” гэж тохиолдол бүрд өөрчлөх” тухай Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.1 хувь нь дэмжсэн.

Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Хяналт шалгалтыг төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага, орон нутагт хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага /цаашид “хяналт шалгалтын байгууллага” гэх/ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийх бөгөөд төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх, гүйцэтгэлийн гэж ангилна.” гэсэн агуулгатай “2/5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг”-ийг нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

“Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөлд “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн бараа, ажил, үйлчилгээний худалдан авалт, хөрөнгө оруулалт, татвар төлөлт, өр төлбөр, хүний нөөцийн мэдээллийг тухайн хуулийн этгээдийн цахим хуудаст ил тод, нээлттэй байршуулах”, мөн “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн борлуулалт, экспортын гэрээг татварын нэгдсэн системд бүртгүүлэх, бүртгүүлээгүй тохиолдолд бүтээгдэхүүнийг экспортод гаргахгүй байх, борлуулалт болон худалдан авах нууц гэрээг Улсын Их Хуралд танилцуулах”, “Эрүүл мэндийн даатгалын санд үүссэн өр төлбөрийг 2023 оны төсвийн жилд өр төлбөр үүсгэхгүйгээр барагдуулах арга хэмжээ авах.” гэсэн 8,9,10 дахь дэд заалт нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Харин Монгол улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэж чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэж, “Хуулийн төслийг буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав.

Ингээд Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.