Чуулган: Шүгэл үлээгчдийг урамшуулна бас хариуцлага хүлээлгэнэ

2022-10-20 Парламент

 

Чуулганы өнөөдрийн (2022.10.20) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар 2021.11.11-ний өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулсан юм.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичгийн авлигагүй засаглал зорилт, мөн Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулахаар төлөвлөсөн. Монгол Улс Нэгдсэн Үндэсний байгууллагын Авлигын эсрэг конвенцод нэгдэн орсноор гишүүн орны мэдээлэгч илчлэгчийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх үүргийг хүлээсэн. Монгол Улс Авлигын төсөөллийн индексээр 111 дүгээрт жагсаж байгаа бөгөөд Засгийн газар ойрын хугацаанд хоёр оронтой тоонд оруулах зорилтыг дэвшүүлсэн. Монгол Улсын хувьд 2002 он болон 2016 онд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баталж мөрдүүлсэн хэдий ч шүгэл үлээгч, мэдээлэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн зохицуулалт хангалтгүй хэмээн үзжээ.

Трансперенси Интернэшнл байгууллагаас Ази Номхон далайн бүс нутагт явуулсан судалгаагаар авлигын эсрэг тэмцэх хамгийн үр дүнтэй алхам нь мэдээлэх, гэхдээ  үр дагавраас нь айдаг тул мэдээлэх буюу шүгэл үлээх алхам хийдэггүй гэх дүгнэлт гарсан байна. Дэлхийн 30 гаруй оронд шүгэл үлээгчийг хамгаалах үр нөлөөтэй механизмыг бүрдүүлэн, зохих урамшууллыг олгодог талаар төслийн танилцуулгад дурдсан юм.

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг олон улсын жишигт нийцүүлэх үүднээс төслийг боловсруулжээ. Төсөлд хуулийн үйлчилэх хүрээг “авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, шударга өрсөлдөөнийг дэмжих талаар нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн этгээдийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцаа” хэмээн тодорхойлсон байна.

Шүгэл үлээгчид хуулиар эрх олгох, дэмжих, урамшуулах, хамгаалах мөнгөн хөрөнгийн хэмжээ, шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдэл буюу шүгэл үлээгч болон түүний хамаарал бүхий этгээд бусдын өш хонзон, ялгаварлан гадуурхалд хохирол учруулах, хохирол учруулж болзошгүй аливаа хэлбэрийн цээрлүүлэлт, хувийн мэдээлэл, аюулгүй байдалд учрах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зохицуулалтыг төсөлд тусгасан болохыг Х.Нямбаатар сайд танилцууллаа. Түүнчлэн төрийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх явцдаа авлига, ашиг сонирхлын талаар олж авсан мэдээллээр шүгэл үлээхэд төрийн болон албаны, байгууллагын, хувь хүний нууцын мэдээллийг хамгаалах хууль тогтоомжийн хязгаарлалтад хамаарахгүй байхаар заажээ.

Шүгэл үлээгчийн мэдээлэл хүлээж авах эрх бүхий байгууллага, тэдгээрийн эрх, үүрэг, мэдээлэл хүлээн авах тусгай дотоод нэгж, мэдээллийг бүртгэх, эрх бүхий байгууллага хоорондын дундын мэдээллийн сантай байхаар, АТГ шүгэл үлээсэн талаарх мэдээллийг улсын хэмжээнд нэгтгэн гаргаж, олон нийтэд буюу Хууль зүйн байнгын хороонд хүргүүлдэг байхаар, мөн олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллага мэдээллийг хүлээн авсан, хэвлэл мэдээллийн байгууллага шүгэл үлээсэн мэдээллийг мэдээлсэн бол эх сурвалжаа нууцлах эрхтэй байх зэрэг асуудлыг нарийвчлан тусгажээ.

Хуулийн төслийг d.parliament.mn цахим хуудаст байршуулан олон нийтийн саналыг авч байгаа гэдгийг Ц.Мөнхцэцэг гишүүн Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулах үеэрээ дурдав. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Хууль зүйн байнгын хороо үзэл баримтлалын хүрээнд дэмжиж, чуулганы нэгдсэн хурлаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Хуулийн төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авав. Гишүүн Д.Батлут, төслийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлээд шүгэл үлээх буюу аливаа төрлийн мэдээллийг илчилснээрээ урамшуулал олгох гэсэн төсөл дэх зохицуулалтыг иргэд бусдын эрх ашгийг зөрчиж, хүний эрхийн зөрчил гарган ашиг олох зорилгоор ойлгох вий гэдгээс болгоомжилж байгаагаа хэлэв. Энэ нь олон нийтийн хяналтын тогтолцоог бий болгох эрх зүйн орчны суурь болно гэдэг тайлбарыг Х.Нямбаатар сайд хэлэв. Нийтийн ашиг сонирхлыг хохироосон, хохироож болзошгүй нөхцөл байдал, үйлдлийн талаар эрх бүхий байгууллагад мэдээлэл өгөх, өргөдөл, гомдол гаргах, тайлбар өгөхийг “шүгэл үлээх” хэмээдэг. Үүн дундаа авлига ашиг сонирхол, нийтийн эрүүл мэнд, шударга өрсөлдөөн, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил гэдэг тодорхой хүрээнд мэдээлэл өгөхийг “шүгэл үлээх” хэмээн авч үзэж байгаа аж. Энэ үйлдлийг хувь хүн рүү чиглэсэн үйлдэл, улс төрийн зорилготой, ахуйн хүрээний хэмжээний асуудлаас ангид гэдгийг ойлгох нь зүйтэй гэлээ. Өөрт болон өөрийн хамаарал бүхий этгээдэд ашиг хонжоо, давуу байдал бий болгох зорилгоор, эсвэл хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг илчлэн шүгэл үлээсэн тохиолдолд хариуцлага хүлээх зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Түүнчлэн Д.Батлут гишүүний тодруулсанчлан, шүгэл үлээгчид мөнгөн урамшууллыг заавал олгохгүй, харин тухайн асуудлыг шалгаж, холбогдох ажиллагаа явуулж, асуудлыг шүүхээр шийдвэрлэн эцэслэсэн тохиолдолд шүгэл үлээгч хүсэлт гаргана. Харин эл хүсэлтийг прокурорын байгууллага, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, цагдаагийн байгууллага, гаалийн байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын төлөөлөл бүхий Мөнгөн урамшууллын зөвлөл хэлэлцэн шийдвэрлэх юм байна. Авлигалтай тэмцэхэд шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах тогтолцоог бий болгох нь тун чухал гэдгийг Х.Нямбаатар сайд хэлсэн. Энэ хуулийг хэрэгжүүлэх хүрээнд хүний эрхийн зөрчил үүсгэхгүй байх дээр хууль хэрэгжүүлэгчид онцгой анхаарч, худал мэдээлэл гаргасан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангатгах хэлбэрээр хязгаарлах, хамгаалах шаардлагатай гэдэг саналыг Д.Батлут гишүүн хэлж байв.

Гишүүн Г.Амартүвшин, шүгэл үлээгчид олгодог урамшуулалтай холбоотой олон улсын жишгийн талаар мэдээлэл өгч, төсөлд тусгасан байдлаар шууд мөнгөн урамшуулал олгох нь олон сөрөг үр дагавар үүсгэх эрсдэл бий гэдгийг хэллээ. Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа гишүүд илэрхийлж байсан бөгөөд гишүүн Б.Пүрэвдорж шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн орчин, бүтцийг бий болгох нь нэн чухал гэдгийг хэлж байв. Эрх бүхий байгууллага нь шүгэл үлээсэн мэдээллийг хүлээн авсан даруйд 30 хоногийн дотор хяналт шалгалт явуулж, шалгалтын үр дүнг шүгэл үлээгчид даруй мэдэгдэх бөгөөд шүгэл үлээгч хамгаалалт хүссэн Авлигатай тэмцэх газар болон мэдээллийг хүлээн авсан бусад байгууллага Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан хамгаалалтын арга хэмжээг авах үүргийг хүлээж байгаа гэв.

Түүнчлэн хүсвэл шүгэл үлээгч хувийн мэдээллээ нууцлах бүрэн эрхтэй байхаар төсөлд тусгасан байна. Төсөл аливаа мэдээллийг монгол хэлээр төдийгүй өөрийнхөө сайн мэддэг хэлээрээ  амаар, бичгээр, захидлаар эрх бүхий хуулийн этгээд буюу хоёрдогч, гуравдагч этгээдээр дамжуулан гаргах боломжтой гэж байгааг Б.Энх-Амгалан гишүүн онцоллоо. Тэрбээр төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, дээрх нь гадаадын иргэд Монгол Улсын дотоод хэрэгт оролцож, монгол иргэдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах нөхцөл бүрдүүлэх эрсдэлтэй гээд, энэ нь үндэсний аюулгүй байдал, төрийн дархлаа, хүний эрх, ард түмний эв нэгдэл талаасаа зохимжтой эсэхийг тодруулав. Төрийн аливаа үйл ажиллагаа авлигажсан байж болохгүй, үүний эсрэг олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор төслийг боловсруулсан гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд тэмдэглээд төсөлд дэх зохицуулалтууд нь олон улсын нийтлэг жишиг гэдгийг тайлбарласан. Төрийн албан хаагч, нийтийн албан тушаалтан ажил үүргээ хууль, журмын хүрээндээ гүйцэтгэж байгаа тохиолдолд тэр хүний ажил хөдөлмөрийг харлуулж, гүтгэх зорилгоор хуулийн байгууллагад шалгуулж байгаа үйлдэл, үйл ажиллагаа өнөөдөр ч гарсаар байгаа. Энэхүү эрх зүйн орчныг бүрдүүлснээрээ нийтийн албан тушаалтны хууль бус үйлдэл, үйл ажиллагааг олон нийтийн хяналтад оруулах зорилготой гэлээ.

Гишүүн Б.Баярсайхан төрийн албан хаагч шүгэл үлээх тохиолдлын талаар ямар зохицуулалт байгаа бол, шүгэл үлээснээсээ үүдэн иргэн гадаад улс руу явах боломж бий эсэх, төслийг баталсантай холбогдуулан олон улсын ямар гэрээ, конвецод нэгдэх талаар тодруулж, Х.Нямбаатар сайдаас хариулт авав. Төрийн албан тушаалтан нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа авлига, ашиг сонирхлын талаар олж авсан мэдээллээр нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээх боломжтой бөгөөд энэ нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүвь хүний мэдээллийг хамгаалах хууль тогтоомжоор тогтоосон хязгаарлалт хамаарахгүй байхаар төсөлд тусгасан болохыг тайлбарлав. Нөгөөтээгүүр, шүгэл үлээснийхээ төлөө өөрт болон хамаарал бүхий этгээдүүддээ давуу байдал, ашиг хонжоо олгохгүй байх зохицуулалтуудыг тусгасан байна. “Шүгэл үлээх” гэдгийг бид нийтийн эрх ашгийг хамгаалах олон нийтийн хяналт гэдэг агуулгаас ойлгож, хандах нь зүйтэй гэдгийг мөн хэллээ.  Хуулийн төслийг баталж, холбогдох эрх зүйн орчин, тогтолцоог бүрдүүлэх нь нэн чухал. Тиймээс сайн хууль батлах нь хангалтгүй, Засгийн газар болон хууль хяналтын байгууллага нь хуулийг хэрэгжүүлж, шударгаар үйл ажиллагаа явуулах нь чухал гэдгийг Б.Баярсайхан гишүүн хэлсэн.

Гишүүн Ц.Сандаг-Очир, С.Чинзориг нар худал шүгэл үлээгээд, үүнээс нь нөгөө тал буюу гүтгэгдсэн этгээд нэр төр алдар хүндээрээ хохирч, ард нь гэр бүл, ажил алба, сэтгэл санаагаараа хохирсон тохиолдолд хэрхэн шийдвэрлэх, гэм буруугүй нь тогтоогдсон тохиолдолд нэр төрийг нь сэргээх, учирсан хохирлыг нь барагдуулахтай холбоотой зохицуулалтын талаар тодруулж хариулт авсан. Гишүүн Н.Алтанхуяг төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн бөгөөд нууцын тухай хуулиудаа өөрчлөх шаардлагын талаар байр сууриа илэрхийлж, бүх шатандаа хууль ижил тэгш үйлчилдэг байх нь ёстой гэв.

Монгол Улс шүгэл үлээж байгаа, шүгэл үлээсний улмаас шалгуулж байгаа талуудын эрх ашгийг хамгаалж, бусад хууль тогтоомжууд, нэгдэн орсон олон улсын баримт бичгийнхээ хүрээнд хамгаалж байгаа гэдгийг Х.Нямбаатар сайд тайлбарлав. Хариултынхаа үеэр аливаа мэдээллийн мөрөөр цахим орчинд хэн нэгнийг урьдчилан яллаад байгаа асуудлыг хуульчлах, цахим орчинд иргэдийнхээ эрхийг хамгаалах асуудлыг анхаарч ажиллаж байгаагаа мэдээллээ. Ойрын хугацаанд Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулан ажиллаж байгаа аж. Монгол Улс хөгжихийн төлөө авлигатай тэмцэх бол, нэг алхам ч гэсэн урагшлахыг хүсвэл нийтийн эрх ашгийн төлөө шүгэл үлээж, салбар бүрд бугшсан хууль бус асуудлыг засах, өөрчлөх, сайжруулах боломж бүрдэнэ гэлээ.

Гишүүн М.Оюунчимэг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлээд нийтийн эрх ашгийн төлөө дуугарч, нийгэмд тустай үйлсийн төлөө шүгэл үлээгчдийг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлэх нь чухал гэв.  О.Цогтгэрэл гишүүн ч мөн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ шүгэл үлээж байгаа иргэний нууцлал баталгаатай эсэхийг хангах, шүгэл үлээгчид олгох урамшууллыг төсвөөс олгох эсэх, хүний эрхийг хамгаалах, хангах тал дээр анхаарах шаардлагатай гэлээ.

Б.Энхбаяр гишүүн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тохиолдолд гишүүдийн саналыг тусгах, анхаарах шаардлагатай гээд төсөл дэх “татварын асуудлаар шүгэл үлээхгүй” гэдэг хязгаарлалтыг хасах, мөн ил байгаа мэдээллийг нийтийн анхааралд оруулснаараа шүгэл үлээсэнд тооцогдохгүйг тэмдэглэж, албаны болон төрийн нууц хэмжээнд шүгэл үлээсэн тохиолдолд харилцааг маш тодорхой зохицуулах шаардлагатай хэмээсэн. Гишүүн Х.Булгантуяа, ийм эрх зүйн орчин, шүгэл үлээх тогтолцоог бий болгох санаачилга нь чухал хэдий ч нэр хүнд, амь нас, алдар хүнд, карьераа эрсдэлд оруулж шүгэл үлээснээр дараа нь тэр хүн хаа нэг газар ажилд ч орох боломжгүй болох эрсдэл үүсэх вий гэдэг болгоомжлол байгаагаа хэллээ.

Мөн шүгэл үлээх асуудал нь шүүхээр шийдэгдэх бөгөөд харин шүүгчид шударга байж чадаж байгаа юу гэдгийг анхаарах ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн. Ц.Мөнх-Оргил гишүүн төрийн нууц, байгууллагын нууц, хувийн нууцын талаарх хуулиудыг өөрчлөөгүй, сайжруулаагүй, сэтгэл санааны хохирлыг тодорхойлж, барагдуулдаггүй одоогийн нөхцөлд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжих боломжгүй гэдэг байр суурьтай байв. Түүнчлэн  гишүүн Ц.Туваан, Ш.Раднаасэд нар төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан байр сууриа илэрхийлснээр үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв. Үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.