Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг сайжруулахад Дэлхийн Банкнаас Монгол Улсад дэмжлэг үзүүлнэ

2017-06-12 Банк, санхүү
 

Монголын эдийн засгийн эгзэгтэй энэ үед Монголд төсөв санхүүгийн тогтвортой байдлаа бэхжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Дэлхийн Банкнаас зургаадугаар сарын 9-ний өдөр 12 сая ам.долларын санхүүжилтийг баталлаа.  

Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх уг төсөл нь зарлагын удирдлагын чанарыг сайжруулах, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, төсвийн сахилга батыг нэмэгдүүлэх болон нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр олон салбарын хүрээнд ажиллах юм. Төсөв боловсруулах явцыг эхлэхээс гүйцэтгэл хүртэл бүх шатанд сайжруулах зорилгоор багц дэмжлэгийг төслийн хүрээнд үзүүлнэ.

“Байгалийн болон хүний нөөцийн арвин их баялагтай Монгол улсын хувьд хөгжлийн урт хугацааны төлөв эерэг байгаа хэдий ч түүхий эдийн зах зээл дээрх үнийн савалгаа зэрэг гадаад хүчин зүйлс эрсдэл дагуулж байна. Дэлхийн Банкнаас эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих шинэчлэлүүдийг гүнзгийрүүлэн, хэрэгжүүлэхэд Монгол улстай тууштай түншлэн ажиллана,” хэмээн Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Жэймс Андерсон хэлсэн байна.

Шинэчлэлийн арга хэмжээ гэдэгт засгийн газрын макро эдийн засгийн төсөөлөл гаргах чадавхыг сайжруулах зорилгоор сүүлийн үеийн эконометрик арга хэрэгслийг нэвтрүүлэх болон санхүүгийн мэдээллийн тогтолцооны удирдлага, хариуцлага, ил тод байдлыг бэхжүүлэх арга хэмжээ багтаж буй юм.

Төслөөс мөн санхүүгийн салбарын стратегийг хэрэгжүүлэх, төсвийн хөрөнгө оруулалтын тогтолцоог бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Ингэснээр өсөн нэмэгдэж буй хөрөнгө оруулалт иргэдийн амьдарлын түвшинг дээшлүүлэхэд бодитой хувь нэмэр оруулдаг болно.

Одоогоор Монгол улсад харьцангуй бага хэмжээтэй боловч олон салангид, халамжийн мөнгөн тэтгэмжүүд хэрэгждэг. Төслийн хүрээнд эдгээр нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг сайжруулж, засгийн газраас олгож буй нийгмийн халамж үйлчилгээний дэмжлэг нь нийгмийн хамгийн орлого багатай иргэдэд чиглэхийг дэмжинэ. Төсөл мөн засгийн газарт тэтгэврийн шинэчлэлийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ.

Төслийн санхүүжилт нь хөнгөлөлттэй нөхцөлөөр Дэлхийн Банкны Олон улсын хөгжлийн ассоциацаас олгогдож байна.

 

Эх сурвалж: Дэлхийн Банк

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.