ХЗБХ: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2022-06-17 Парламент

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2022.06.17/ хуралдаан 09 цаг 28 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн  анхны хэлэлцүүлгийг явууллаа. 

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийг “Энэ хуулийг 2022 оны 07  дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж өөрчлөх, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатараас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн “2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив. 

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. 


Дараа нь Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын даргыг томилох тухай асуудлыг хэлэлцсэн.

Монгол Улсын Их Хурлын даргаас Улсын Их Хуралд Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын даргад санал болгох тухай албан бичгийг ирүүлжээ. Уг албан бичигт Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт заасныг үндэслэн Жаргалсайханы Хунанг Хүний эрхийн үндэсний комиссын даргаар томилуулахаар санал болгосныг Байнгын хорооны дарга дурдаад нэр дэвшигчийг танилцууллаа. 

Нэр дэвшигч Ж.Хунан нь 1979 онд Дорноговь аймагт төрсөн, 43 настай настай, эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. 1987-1997 онд Орос-Монголын хамтарсан III сургууль, 1999-2003 онд Ёотвөш Лорандын нэрэмжит Шинжлэх ухааны их сургуульд төр, эрх зүйн ухааны бакалавр, 2003-2006 онд Ёотвөш Лорандын нэрэмжит Шинжлэх ухааны их сургуульд төр, эрх зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан.  Тэрбээр, 2005-2007 онд ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газар, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ажлын албанд тус тус мэргэжилтэн, 2007-2011 онд НҮБХХ-ийн “Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба Хүний эрх” төслийн зохицуулагч, 2011-2013 онд НҮБХХ-ийн “Эрх зүйн чадавхыг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах нь” төслийн зохицуулагч, 2013-2016 онд “Партнерс Форевер” ХХК-д хуульч, 2016-2017 онд “Нээлттэй нийгэм” форумын “Эрх зүйн чадавхыг дээшлүүлэх нь” төслийн зөвлөх, 2016-2017 онд Монголын Хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, 2017-2019 онд Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч, 2020 оны 11 дүгээр сараас эхлэн Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнээр ажиллаж байгаа аж. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Ц.Сандаг-Очир Ц.Мөнх-Оргил нар үг хэлсэн. Гишүүдийн зүгээс  хүний эрхийг хамгаалахын тулд дарга нар, тогтолцооны эсрэг дуугарах болдог та бүхнээс эрч хүчтэй, зоригтой ажиллахыг шаарддаг. Монголын жирийн иргэдийн өмнө тэдний эрхийг хамгаалах үүрэг хүлээж ажиллах тул хэнд ч үгүй гэж хэлж чадахад бэлэн байхыг анхааруулав. Мөн хүний эрх гэдгийн цаана үүрэг байдаг тул үүрэг, эрхийн нэгдлийг ойлгуулах, үүний хэрэгжилтийг хангах, цаашлаад Монгол Улсын нэгдэн орсон гэрээ, хэлэлцээрүүдийг ягштал мөрдөхөд төрийн бүх шатны байгууллагуудыг энэ талаарх нэгдмэл ойлголттой болоход анхаарч ажиллахыг захиж байлаа. 

Ингээд Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын даргад нэр дэвшигч Жаргалсайханы Хунанг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь  дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 

Хуралдааны төгсгөлд “Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын тов, сонсгол даргалагчийг тогтоох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан  Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир асуулт асууж, хариулт авсны дараа Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Тогтоолын төсөлд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулахаар, сонсголыг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт даргалахаар тусгажээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.