Б.Жавхлан: Хөгжлийн банкны 243 тэрбум төгрөгийн чанаргүй зээл төлөгдсөн

2022-06-7 Банк, санхүү

Б.Жавхлан: Хөгжлийн банкны 243 тэрбум төгрөгийн чанаргүй зээл төлөгдсөн

Монгол Улсын Хөгжлийн Банкны талаарх хянан шалгах түр хорооны хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газраас тус банкны чанаргүй зээлийг төлүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Сангийн сайд Б.Жавхлан “Чанаргүй зээлийг гурван хэсэгт багцалж байгаа. Тухайлбал, Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 563 тэрбум төгрөгийн өр, “Кю Эс Си”, Хөтөл гээд хоорондоо хамаарал бүхий этгээдүүдийн 495 төгрөгийн өр, Хувийн аж ахуйн нэгжүүдийн 700 гаруй тэрбум төгрөгийн зээл буюу нийт 1.8 их наяд төгрөгийн чанаргүй зээл байгаа. Нийт чанаргүй дээр дээр 1.3 их наяд төгрөгийн зээлийн болзошгүй алдагдлын сан байгуулахаар Монгол Банкнаас 2020 онд шалгалт ороод акт тавьсан. Энэ оны нэгдүгээр сараас хойш Засгийн газар Хөгжлийн банкинд онцгой анхаарал хандуулж чанаргүй зээл төлүүлэх арга хэмжээг эхлүүлсэн. Ирэх онд  Самурай, Чингис бонд төлөгдөх хуваарьтай. Ирэх оны ес, арванхоёрдугаар сард бондын өрийг төлнө. Засгийн газрын давхар баталгаатай өр төлбөр тулж ирсэн учир гадна талдаа өөрөө төлөх, деполт болохоос сэргийлэх арга хэмжээ авч байна. Өнгөрсөн хугацаанд 243 тэрбум төгрөгийн чанаргүй зээл төлөгдсөн.

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн Банканд үүссэн төрийн өмчийн үйлдвэрийн газруудын өрийг хэрхэн төлүүлэх талаар ярилцсан. Ингэхдээ Засгийн газраас гаргасан хувилбар болон Хөгжлийн Банкнаас гаргасан хувилбарыг нэгтгээд арга хэмжээ авах чиглэлээ тодорхой болгосон. Тэгэхгүй бол Засгийн газар үүргээ хүлээх үү, Хөгжлийн банкийг дампууруулах уу гэдэг салаа замын сонголт дээр ирээд байгаа юм.

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын чанаргүй зээл нь 2014, 2015 онуудад үүссэн. Ялангуяа ТОСК, НОСК-тай холбоотой их хэмжээний зээл гарсан. Анх энэ зээл арилжааны зорилготой гарсан. Гэтэл Хөгжлийн Банкнаас хөрөнгө оруулалт хийгээд орон сууц баригдсаны дараа тухайн үеийн хоёр ч Засгийн газар дамжаад нөгөө орон сууцуудын нэг хэсгийг түрээслээд өмчлөх хэлбэрээр, нөгөө хэсгийг нь зүгээр л олгочихсон. Буцаад тэндээс төлбөр орж ирэхгүй гэсэн үг. Тэр үед Засгийн газраас тухайн жилүүдэд төсөвт үүнийг тусгаад, төсвөөс Хөгжлийн Банканд төл гэдэг тогтоолууд гаргаж байсан. Гэвч төсөвт тусгасан үүргээ улс нэг ч удаа биелүүлээгүй учраас Хөгжлийн Банканд чанаргүй зээлүүд үүссэн. Харин одоо Засгийн газар хүлээсэн үүргийнхээ дагуу төлбөрөө хийгээд явах уу эсвэл энэ банкийг дампууруулах уу гэдэг сонголтод тулаад байна. Цаашид өмнө нь гаргасан шийдвэрийн дагуу жил бүр төсөвт дарамт багатайгаар гэхдээ Хөгжлийн Банкаа дампууруулчихгүйхэн шиг үүргээ биелүүлээд явъя. Нөгөө талаар чанаргүй зээл үүсгэсэн буруутай этгээдүүдэд үүнийг төлүүлэх арга хэмжээ авна гэдэг агуулга бүхий зүйлийг хэлэлцсэн” гэлээ.

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.