Засгийн газрын шийдвэрээр тавдугаар сарын 1-нээс эхлэн Монгол Улсын бүх иргэнийг “Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх” үзлэг, оношилгоонд хамруулахаар болсон. Орон даяар хэрэгжих энэхүү үзлэгийг хэрхэн зохион байгуулах талаар салбарын сайд дараах мэдээллийг өглөө.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг хийх хэд хэдэн зорилго бий. Тодруулбал, Алсын хараа-2050, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч багтсан. Энэ дагуу тавдугаар сарын 1-нээс орон даяар эхлүүлэх гэж байна.
Өмнө нь урьдчилан сэргийлэх үзлэг хийдэг байсан ч иргэдийн идэвх тийм сайн байгаагүй. Иймд орон даяар хэрэгжүүлж, бүх иргэнийг хамруулахаар болж байна.
18-аас дээш насны иргэд улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд үзүүлнэ. Энэхүү үзлэг, оношилгоо нь бүтэн жилийн хугацаанд үргэлжилнэ. Зургаан насны бүлгээр үзлэг, оношилгоог зохион байгуулна” гэлээ.
Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгооны багц шинжилгээний жагсаалттай энд дарж танилцана уу.
Түүнчлэн тэрбээр “Иргэдийг амьдарч буй дүүрэг, хороогоор нь хуваарилсан байгаа тул тэр дагуу эмнэлэгтээ очно. Үзлэг оношилгоог ажлын өдрүүдэд хийнэ. Харин зарим хувийн хэвшлийн эмнэлэг хагас сайнд ажиллахаа мэдэгдсэн.
Үзлэг, оношилгоонд хамрагдахын тулд иргэд эрүүл мэндийн даатгалаа төлсөн байх учиртай. Багцын шинжилгээ нь 60-150 мянган төгрөгийн үнэтэй. Мөн үүрэн телефоны компаниуд хамтран ажиллаж байгаа. Жишээлбэл, Скайтелын 9119 дугаараас залгаж байвал урьдчилан сэргийлэх, үзлэг оношилгооны талаар мэдээлэл өгөх гэж байна хэмээн ойлгоорой. Орон нутагт зохион байгуулалтад орсон. Манай эмнэлгүүдийн хүчин чадал харилцан адилгүй. Иймд нэг өдөрт 50-60 хүн авахаар зохион байгуулж байна” гэлээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.