2022 оны 4 сарын 17-нд олон нийтэд хүрснээсээ хойш “Тамгагүй төр” жүжгийн шинэ тавилт, нөгөөтээгүүр “физикл” хувилбар гэж үзээд буй Б.Баатар найруулагчийн ажил олны сонирхлыг ихэд татаж буй. Үзэгчдэд өндрөөр үнэлэгдсэн уг жүжгийг шүүмжилсэн сонирхолтой өнцгөөс дурдвал:
Офрей театрын зохиолч Э.Бүжинлхам “жанраа андуурсан” гэв. Физикл драм гэдэг нь жүжигчин л жүжиглээд, биеийн хэлэмжийг нь бүжигчид нөхөж ажиллах зарчимтай зүйл биш, харин ч зохиолын утга агуулгыг жүжигчин хүн биеийн хөдөлгөөнөөрөө өөрсдөө урлаж, амьдруулах учиртай төрөл зүйл гэв. Магадгүй ээ. Гэвч уран бүтээлчид андуурсан уу, эсвэл бодож олсон санаандаа шинэ нэр олох гэснээ болж өгөхгүй болохоор нь “физикл” гэдэг үгийг наав уу, мэдэхгүй. Мөн уг жүжгийг АН-ын “тамгаа булаалдаж байгаа” дотоод улс төртэй хутган бодолцож шоглох өнцөг ч гаргаж байна. Энийг ч бас би үгүйсгэхгүй. Урлаг улс төр, нийгэм, соёлын үүрэгтэй байх албагүй гэдэг ч үүрэггүй байх нь ховорхон. Гэхдээ үүнийг ч бас орхиод уг жүжгийн үндсэн санаа, шинэ тавилт, шинэ дүрүүд дээр багахан төвлөрье.
Төрийн соёрхолт, АУЗ Б.Лхагвасүрэн зохиолч жүжигт харуулан, бүтээх гэж зориод, үнэхээр ч манай бусад жүжиг, кинонд арай ч ингэж тултал бүтээгээгүй дээ гэж сүүрс алдмаар харуулж чадсан нэг зүйл нь “удирдагчийн дүр” юм. Төр байгаа цагт тэнд удирдагчид бий. Гэхдээ зохиолын зөрчил нь нэг сэнтийд хоёр бөгс чихэлдэж байснаас л үүдэлтэй. Өөрөөр хэлбэл энэ жүжигт хэд хэдэн удирдагч, удирдагч болохыг санаархагч ч гардаг. Үүний хүнд хэцүү, үнэ цэнтэй чанар, хайр сэтгэлийн учиг, үндсэн дээр зохиолын хамаг өрнөлийг зангидаж чадсан юм. Надад байгаа нь 1999 онд Ч.Найдандорж найруулагчийн тавьсан уг жүжгийн “теле хувилбар”. Энэ тавилтад АЖ Л.Жамсранжав Арчуг хааны дүр бүтээж, АЖ П.Цэрэндагва Эгэрэг түшмэлд тоглосон бөгөөд бас нэгэн онцлог нь өдгөө том хүү Ачирын дүрийг бүтээж буй жүжигчин СТА Ш.Доржсүрэн уг дүрээ 20 гаруй жилийн тэртээ анх удаа тайзнаа амилуулж байжээ. Үүнийг би өнөө цагийн тавилттай харьцуулах санаатай юм.
Арчуг хаан (АЖ Л.Жамсранжав /1999/, СТА Г.Эрдэнэбилэг /2022/)
Үндсэндээ Арчуг хаан, Эгэрэг түшмэл хоёул удирдагч хүн мөн. Гэтэл бид яагаад Эгэрэгийг биш Арчуг хааныг дотроо илүү бишрэн хүндэлж, түүний араар санаа сэдэж, сэргэлэнтэж яваа Эгэрэг түшмэлийг бүтэлгүйтээсэй гэж хүсдэг вэ? Арчуг бол хаан удмын хүн (тэнгэрээс заяат хүч), нөгөөтэйгүүр Арчуг хааны зорилго бол зөвхөн хаан төрийн төлөө гэх бидний итгэл үнэмшил Арчугийг Эгэргээс илүү удирдагч болгодог. Бид эрт цагаасаа удирдагч хүнийг арай өөр, ер бусын шинж бүхий, заяагдмал хүн болгон төсөөлж сурсан. Веберийн харизмтай удирдагч гэх ойлголт ч үндсэндээ удирдагчийн “төрмөл” шинжид ихээхэн анхаардаг. Жишээ нь зарим овгийн хүмүүс (магадгүй одоо ч бид) удирдагч хүнээс байгалийн сүр хүчний адил гоо сайхныг эрж хайдаг байна. Жишээлбэл Африкийн Менде овгийнхны тусгай бүжгээс мэдэрдэг гоо сайхан нь жирийн бус, бурханлаг, гэвч заяагдмал мэт мэдрэмж төрүүлдгээрээ удирдагчийг сонгох сонголт, удирдагчийн харизмыг илэрхийлэх бэлгэдэл болдог юм (P.Murphy, 1998). Тухайн бүжгийг бүжиглэх үед эргэн тойрон битүү тоос манаран босож, бүжиглэж буй эрс агаарт хөвж байх шиг ер бусын харагддаг. Тэдгээр бүжигчдээс хэн сайхан бүжиглэж, хэн илүү ер бусын харагдана, тэр хүн бусдыгаа байлдан дагуулж, удирдан зална. Гоо сайхан, сүр жавхланг хэмжих талаасаа улс үндэстэн бүр өөрийн гэсэн шалгуур тогтоодгийн адил Арчуг хаан бол монгол үндэсний сайхан эр, сайн удирдагчийн төрх, араншин, зан үйлийг цогцлоосон байх учиртай.
Үүнд би товчхондоо Арчуг хаанд монгол хүний эрхэмлэдэг удирдагч хүний гоо сайхныг илтгэх дөрвөн шинжийг харуулсан гэж хэлмээр байна. Юун түрүүнд хаан хүн буурьтай буюу олон таван үггүй байх хэрэгтэй. Хоёрт хэрвээ хаан үг хэлбэл даацтай, гүн утга учиртай, үндэслэлтэй, шийдвэр бүхий үгийг хэлнэ. Мөн үзэгч олны сэтгэлийг татдаг Арчуг хааны бас нэгэн чанар бол чин сэтгэлийн хайр. Тэгэхээр хаан хүн, ер монгол сайхан эр хүн бол хүнийг хайрласан шиг хайрлаж, итгэх хүндээ хар сэргүй гүн бат итгэдэг зантай байх нь. Эцэст нь Арчуг хааныг Эгэрэг түшмэлээс ялгах хамгийн гол чанар нь төрөлх, ясны удирдагч гэх статус буюу удам судар. Үүнийгээ дагаад зөн билиг, баатарлаг шидийн гэмээр зарим үйлдлийг ургуулан төсөөлж болох юм. Эдгээр тулгуур дөрвөн ойлголтоос хааны дүрийг төсөөлбөл аядуу хэрнээ гүнзгий харц, тогтуун хоолой, ханагар бие, даацтай ухаалаг үг, эргэлт буцалтгүй бат нот шийдвэр, удам судраас заяасан зөн мэдрэмж, хүч чадал зэргийг жүжиглэн үзүүлэх, тайзны тавилтад шигтгэх шаардлага тулгарах нь ээ. Үүнийг жүжгийн аль аль хувилбарт, Ачир ханхүүгийн хаан ширээнд шунаглаж эцэгтэйгээ тэрсэлддэг үзэгдэлд хамгийн тодорхой харуулсан. Жишээ нь 1999 оны хувилбарт Ачир ханхүү “хүний толгой цавчиж наадах” хүслээ эцэгтээ хэлээд зэмлүүлмэгцээ “Би хаан” гэж биеэ өргөмжлөн хашхирдаг. Түүний энэ тэнэглэлийг Арчуг хаан зэвүүцэн хармагц Ачир ханхүүгийн булчин татаж, ухаан балартдаг өвчин нь хөдлөн хөсөр ойчно. Яг энэ хэсгийг АЖ Жамсранжав харцаараа маш хүчтэй илэрхийлдэг. Хэдийгээр ханхүү угаасаа ийм өвчтэй гэх боловч хааны дотор ханхүүг жигших мэдрэмж төрмөгц энэ өвчин сэдэрч байгаа нь “хааны хардаг тэнгэр (удам судар) ханхүүг нэг л болгоох шинжгүй” гэдэг давхар утгыг илэрхийлжээ. Шинэ тавилтаар үүнийг нэлээд гүнзгийрүүлсэн байна. Уг үзэгдэл эхэлмэгц Ачир ханхүү хааны титэм өөд санаархаж, зүүх гэж байдгаараа хичээх ч эс хүрнэ (далдын хүчийг бэлгэдэх нэгэн дүр түүнийг эс хүргэнэ). Хаан (СТА Г.Эрдэнэбилиг) хэтэрхий тэнэг хүүгийнхээ толгойг шүд зуун байж илэх хэрнээ дуу хоолой, үйл хөдлөл, харц нь намуун, аядуу. Гэтэл Ачир ханхүү эцгийнхээ энэ зөөлөн сэтгэл дээр дэвсэлж, өөрт нь өгсөн нөмрөгийг хааны нуруу руу шидлэн тохжээ. Ийнхүү хааны тэвчээр тасарч, хаан хүний уур омог гэнэтхэн бадарснаар хүүгийнхээ эсрэг босно. Уурссан хаан илд далайх мөчид хааны ард эгнэн зогссон жүжигчид (цэрэг мэт боловч үндсэндээ хаан хүний сүр хүчний бэлдгэдэл) нэг нэгээрээ цувран эргэлдэж, тайзны нэг булангаас нөгөө булан хүртэл ханхүүг шахан, сүрдүүдэг. Гартаа илд барьсан эдгээр жүжигчид тайзыг бүхэлд нь дүүргэж, хөндлөн тэнхлэгээр сунан сунасаар ханхүүгийн хүзүүд илд тулгах нь тэрхэн хязгаарт (нэг захаас нөгөө захад) хааны хүрч чадахгүй өнцөг, сүр хүчийг нь мэдрэхгүй хүн гэж байхгүй гэдгийг утгаар нь илэрхийлж чадсан юм. Энэ бол хааны сүрлэг, увдислаг шинжийг хамгийн тодоор харуулсан үзэгдэл билээ.
Эгэрэг түшмэл (АЖ П.Цэрэндагва /1999/, МУГЖ С.Болд-Эрдэнэ /2022/)
Жүжгийг удирдан залж буй бас нэгэн дүр бол Эгэрэг түшмэл. Улсын эрх мэдэл хааны гарт мэт боловч хаан зарим талаараа Эгэрэг түшмэлийн гарт орсон байдаг шүү. Их хатан Цэцэрийг бүр ярих юм биш. Хатныг нь удирдаж, айл гэрийн амьдралыг гаднаас эргүүлэн шийдэх ов мэх түүнд бий. Гол нь хүнтэй харилцахдаа бусдад нөлөөлж, ухаан санааг нь аясаараа удирдах чадвар нь хосгүй сайн хөгжсөн. Уран бүтээлийн талаас энэ дүр маш уран, нямбай урласан дүр. Аргагүй хааны дэргэд ая эвийг нь олж олон жил амьдарсан тийм нэгэн бодит хүн ийм л байх учиртай гэх бүрэн дүүрэн итгэлийг төрүүлдэг юм. Энэ овжин хүн бусдын тархи руу могой шиг хатгаж, өөрийн санааны үрийг суулгаад, дараа нь хүслээрээ жолоодож байдаг нь хоёр гол үзэгдэл дээр тодорхой илэрнэ. Энэ нь хааны хоёр нуган мэндэлсэн эхний үзэгдэл, хатан Цэцэрийг ятгадаг хоёрдугаар үзэгдэл мөн.
Хаан их хатан Цэцэрийн үрийг өөрийн үр биш гэж зөнгөөрөө мэдрэв. Хааны энэ сэжиг таамгийг эргүүлэх гэж оролдох Эгэрэг:
Уймарч байна та
Урагаа сэжиглэх болчихож
Арьсаа хазаж байж
Амьдаа мэдэх болох нь
Сүүдэртээ хүртэл итгэж чадахгүй бол
Сүнс чинь гэрээ олохгүй болно
Хаантан минь… (Б.Лхагвасүрэн)
Аргаар үзэж байна. Аргаар үзэхдээ их дотночлон ярьж байна. Бизнессийн ухаанд удирдагчийг харилцааны хэв маяг дээр үндэслэн хэд хэдэн төрөлд хуваан ойлгох болжээ. Эдгээр нь Албадагч, Чиглүүлэгч, Найзархаг, Ардчилсан, Үлгэрлэгч, Коуч гэсэн таван төрөл юм. Бусадтай харилцахдаа ямарыг мэдэхгүй ч Арчуг хаан Эгэрэг түшмэлд Найзархаг хэв маягаар ханддаг бололтой. Гэвч хүний дотно нарийн харилцаан дээр тогтдог ийм хэв маяг дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч, ил тодхон байгаа бурууг залруулах нүдийг таглаж орхидгоороо сул талтай гэнэ (Даниел Гоулман, 2022). Иймээс л Арчуг хаан Эгэрэгийн эвгүй үг, хатгаасанд ажиг сэжиггүй итгэж, тавьсан занганд нь нүдээ аниад унадаг билээ. Гэтэл Эгэрэг үзэгчдэд бол анхнаасаа л “могой” гэдэг нь тодорхой харагддаг шүү дээ. Үг үйлдлээрээ үүнийгээ бүр баталж байдаг. Ийм хор хөнөөлтэй аргаар бусдыг удирдан, аргадаа оруулах хэд хэдэн хэлбэр байдгийг Жеймс Редфилдийн “Селестиний зөгнөл” романд үзүүлдэг бөгөөд тус романы энэ санаа нь сэтгэл судлаач Эрик Бөрний үзлээс (Том Батлер-Боудон, 2021) үндэстэй гэнэ. Эгэрэг түшмэл “Жүжиж удирдах” хортой зан үйлийн (сүрдүүлэх, шүүмжлэн шалгаах, зайлсхийх, болон өрөвдүүлэх) (Heatherly, 2021) дөрвөн хэв маягаас сүрдүүлэх, өрөвдүүлэх хоёрыг нь лавтай ашиглаж харагдана. Хаан Эгэрэгийн ятгалгын үгсийг авч хэлэлцэхгүй болоод ирэхээр Эгэрэг түшмэл өрөвдүүлэн заналхийлэх маягтай үг унагах нь:
Сүүтэй ямаа бараадсан өнчин ишиг шиг
Сүр сүндэрт таныг насаараа дагаж
Айдаг олныг бодвол
Арай л ойрхон оршиж
Алдаанд чинь золиос болж
Алдарт чинь ивээс болж
Өдий хүртэл явсандаа
Өөрт чинь санаснаа айлдчихлаа. . .
Өршөө намайг. . . (Б.Лхагвасүрэн)
Нээрэн л ингэтлээ хамт байж, дэргэд нь дагаж байдаг хүний үгийг сонсох л ёстой юм шиг, гэснээ далдуурхан танд үнэнч зүтгэсний минь хариуд үл тоолоо гэх маягийн гомдол тээсэн, өрөвдүүлэх санаатай үгээр сэтгэлийг нь жолоодох гэж үзэж байна. Арчуг хаанаас өөр хүн бол арганд нь орно доо, орно.
Тайзны үзэгдэхүй:
1999 оны тайз бүхэлдээ тэгш өнцөгт геометрын дүрслэл дүүрэн. Жүжигчид ийм тайзан дээр урд хойно нь гарч, нэгнээсээ нуугдаж, эсвэл гэнэтхэн урган гарч ирэх, нэгнийхээ дээр гарахын тулд өгсөн тэмүүлэх хөдөлгөөнүүдийг үзүүлж байдаг бол 2022 оны тайз бүхэлдээ бүжигчдээр дүүрсэн. Тиймдээ ч харьцангуй чөлөөтэй, хүссэн үедээ орон зайгаа тэлж, хүссэн үедээ бас шигүү, өрнүүн хэмнэлийг үзүүлж чаддаг. Тайз бүхэлдээ хүнээр дүүрснээр жүжгийн хурд, хэмнэлийг чөлөөтэй тохируулах нөхцлийг бүрдүүлжээ. Тиймээс жижиг хэрэглэл гэхээсээ илүүтэй жүжигчдийн хувцас, бүжигчний хөдөлгөөнөөр утга илэрхийлсэн байна. Тэр тусмаа хүний дотоод сэтгэлийг бүжигчдээр төлөөлүүлэн гаргасан нь маш үзүүштэй болсон юм. Дээр дурдсанчлан хааныг ятгах Эгэрэгийн атгаг санааг гурван бүжигчин гаргасан. Тэдний чих, хувцасны өнгө, биеийн хэлэмжийг анзаарвал нохой мэт. Гэхдээ бодит нохой гэхээс илүү Эгэрэгийн ятгалга гэх бодит бус зүйлийг хүний нүдэнд үзэгдэх бодит амьтанд хувирган гаргасан дүр. Тиймдээ ч хаан Эгэрэгийн атганд орох дөхөхөөр хөөрөн сортолзож, хаана руу улам ноцон ойртох мөртлөө, Эгэрэг хаанд няцаагдаж эхэлмэгц чулуу шидүүлсэн гөлөгнүүд мэт нэг талдаа ханаран бөөгнөрч, хулмаганах юм билээ. Тэр бүү хэл хаан бага хатны хүүг хаан ширээнд зална гэж шийдэхдээ тэдгээр нохдыг хөл дороо нухчин дарж байгаа нь Эгэрэгийн атгаг бодлыг нухчин дарж байгаа гэх утгыг давхар илэрхийлжээ.
Дараа нь Эгэрэг өнөөх ятгалгын хорон аргаа Цэцэр хатан дээр бүр цацалж гарна, хөөрхий. Хаан их хатны хүүг өөрийн хүүхэд биш гэдгийг нэгэнт мэдсэн. Тиймээс Эгэрэг төрсөн хүүгээ хаан ширээнд суулгахын тулд хааны жинхэнэ хүүхдийг өөрийн хүүхдээр солих хэрэг гарлаа. Одоо Эгэрэг нууцхан амрагийн холбоо үүсгэсэн хааны их хатан Цэцэрийг ятгах хэрэгтэй. Энэ хорон санаагаа хэлэхээсээ өмнө мэдээж хатныг энхрийлэн таалж, жаргал цэнгэлд умбуулан баясгана. Тэгээд л муу санаагаа цээжин дээр нь могой шиг гулгуулна даа. Цэцэр ажиг ч үгүй царайлах мөртлөө энэ аргыг нь гадарлаж “Арай ч би хүүгээ хүний хүүхэдтэй сольж чадахгүй гэнэ”. Хариуд нь Эгэрэг өнөөх сурсан зангаа сур болгоод Цэцэр хатныг ороолгосон нь:
Ээ чааваас . . . тэнэг минь
Эрх ямба, . . . эд агуурс
Эзэрхэн эдлэх эрх дархаа
Эхүүн нулимсаараа угааж байна чи . . . (Б.Лхагвасүрэн) гэж удахгүй хүртэх ашиг шим, үр дүнг нь төсөөлүүлэн аргадах мөртлөө
Энийг л чи хийхгүй юм бол
Энхрий явснаа би мартана (Б.Лхагвасүрэн) Сүрдүүлэж эхэллээ!
Нуудгай үр минь хаан суух
Нуур шиг их жаргал эдлэх
Тэр цагийг би харж байна
Тэмдгэрч байгаа үүрийн туяа шиг тод харж байна
Хормой дээрх алтнаасаа атган
Хонь мал руу нүүлгэж
Хөх газар дээр биш
Хүн дээр гишиглэж яваа чамайг харж байна
Хорссон боолын шүд ярзайж
Хотолзох нурууны нь яс шажигнаж байгааг ч сонсож байна /тэчъяадан байж ядна/ (Б.Лхагвасүрэн)
Ахиад мөрөөдөлд умбуулж байна, давхар өөрийнхөө ашиг сонирхлыг хавчуулж байгаа нь мэдээж…
Энэ боломжийг
Эс ашиглаваас
Их хатан
Бага явдалт чамаас
Yнссэн уруулынхаа мөрийг
Биенээс чинь илдээр ухаж авч
Yхсэн зовлогоор чинь
Тасын тахилга үйлдэнэ… (Б.Лхагвасүрэн) За үүнд бол бүр хэлэх ч үг алга. Мөрөөдөлд умбуулж, сүрдүүлж, ахиад мөрөөдүүлж, ахиад бүр аймшигтайгаар сүрдүүлж Цэцэр хатны сэтгэл хөдлөлийг алган дээрээ бөмбөрүүлэн нааддаг тийм л нарийн аргатай. Цэцэр хатан хаан эзний хайр энэрлийн гадна орхигдсон. Орхигдож, хаягдахын зовлонг ясандаа тултал мэдэрсэн бүсгүйн эмзэг цэгийг Эгэрэг лав атгажээ. Тиймдээ ч шархан дээр нь давс үрэнгээ “Чамайг надаас өөр хэн тоох юм бэ, үгэнд орохгүй бол хөсөр хаяна шүү! Чи буй биеэрээ миний мэдэлд гэдгээ мартав! гэж аймшигтайгаар сүрдүүлэн заналхийлдэг.
Яг энэ Эгэрэгийн дүрийн хамгийн гол үзэгдлийг хоёр жүжигчин их ялгаатай гаргажээ. 1999 оны хувилбар дээр АЖ П.Цэрэндагва дээрх мөрүүдийг хэлэхдээ гайхмаар намуун, тогтуун хэрнээ бат нот тушааж буй хоолойгоор, Цэцэр хатныг биеэрээ энхрийлэн аргадах мөртлөө цус мэт үгээ цацалж, тархийг нь базаж байна. Гэтэл МУГЖ С.Болд-Эрдэнэ хамаагүй харгис, цавчлан давшихдаа давшиж, аргадах үедээ аргадаж, асан цамнахдаа цамнасан байдлаар, яг текстийнхээ өнгө аясын дагуу өгүүлжээ. Аль аль нь өөр өөрсдийнхөөрөө онцлог, амттай дүр зураг, өнгө аясаар бүтээв.
Тайзны үзэгдэхүй:
Яг энэ үзэгдэл бол дээрх тэкстийн адил хайр халамж, харгислал хоёрын заагт өрнөх учиртай. Энд бас янаг сэтгэлийн явдал, хүчирхийлэл давхар мэдрэгдэнэ. Гадаад үзэмжээс илүү хатны сэтгэлийн энэ хоёр туйлд шилжиж байгаа дүрслэл хамгийн чухал юм. Тиймдээ ч яг энэ үзэгдлийн тайз чигтээ “Цэцэр хатан”-аар дүүрч байдаг. Хүний биеийн булчинг нэвт харуулах мэт өмсгөлтэй бүжигчид тайз дүүргэсэн нь бүгд Цэцэр хатан буюу түүний биеийн эд эс, сэтгэл зүрх билээ. Тиймдээ ч хатан Эгэрэгтэй цэнгэл эдлэхэд эд эс бүхэн хоорондоо янаглаж, Эгэрэгийн сүрдүүлгэд автан, зодуулж занчуулахад хамт өвдөж, шанална. Аливаа жүжигт хурьцлыг ихэвчлэн “эвгүй”, инээдэмтэй ч гэмээр дүрслэн харуулдаг. Угаас бэлгэдэл ашиглан эвлэгхэн шийдэхгүй л бол нүд хальтрам ажил болдог энэ явдлыг гоо сайхантай, уран нарийн гаргасан нь бүжигчид, бүжиг дэглээчдийн (Д.Баярбаатар, Х.Хашхүү) хүч хөдөлмөрийн тод илрэл мөн.
Ийнхүү Цэцэр хатан нэгэнтээ Эгэрэгт толгойгоо мэдүүлжээ. Хатныг ятгамагцаа хөөрөн баярласан Эгэрэгийг бүжигчид тайзны хоймор руу цээжнээс нь дүүрэн хүргэнэ. Хормын төдийд нисэх мэт тайзны хойморт хүрсэн Эгэрэг ятга хөгжмийн дэргэд хэвтээ “хатны өмсгөлтэй” бүжигчин бүсгүй дээр очдог. Очмогцоо бүсгүйг утсан хүүхэлдэй мэт удирдаж, хэвтрээс нь өндийлгөөд, “хүчээр” хөгжмийг нь тоглуулснаар шөнө болж, Цэцэр хатан хүүхдээ Гүргэл хатны хүүхэдтэй солих дараагийн үзэгдэл рүү алгуурхан шилждэг билээ. Эгэрэгийн ятган удирдахуйн арга ухаанаасаа мэдэрч буй бах, таашаалыг үүнээс илүү хэрхэн илэрхийлэх билээ?
Ачир хүү (СТА Ш.Доржсүрэн)
Жүжигчин Доржсүрэн хорин жилийн өмнөх Ачираас илүү Ачир болж тайзан дээр ахин төрсний жор нь юундаа байна вэ гэдгийг хэсэг гайхлаа. Юунд 1999 онд үзэгдсэн давгүй л нэг ханхүүгийн дүр 2022 оны тавилт дээр бүр дотор хорсгож эхлэв. Жүжигчний гэхээс илүү бие хүний, мэдрэмжийн, амьдралын туршлагын хувьд өсөж өндийсөн энэ хорин жилийн хугацаанд Доржсүрэн Ачир мэтийн дүрийн амин судсыг нүдээ аньсан ч атгаад авах чадалтай болжээ. Урьд тэр хаан ширээний сураг сонсоод эрх мэдэлд яарсан нэгэн жаалыг урласан бол энэ удаад баян цатгалан өсөж өндийсөн хэрнээ “дутуугийн мэдрэмж”-д дарлуулсан хүүгийн сэтгэл зүйг мэдэрсэн байна. Ачир эцгийнхээ оронд хаан болохоор бүр нялхдаа тодорсон. Тиймдээ ч хүн бүрийн гар дээр бөмбөрөн, илүү заяатай нэгэн гэгдсэн ч Их хатны, бүр хаан болох заяагүй ханхүү Хүчирийн дэргэд яагаад ч юм нэг л жулдаад байдаг. Энэ тухай зохиолд дэлгэрэнгүй ер өгүүлэхгүй. Гэхдээ хүмүүс түүний сэтгэл зүйн энэ тогтворгүй хүнд байдлыг өөрсдийн амьдралын туршлагаар гадарладаг юм. Хүнээс илүү хувьтай төрсөн гэгдэх тэр хааны хүү хүн хүнээс онцгой зүс муутай, чадал дорой, ухаан сул, дээр нь татаж унадаг өвчтэй байдаг нь ямар харгис тавилан бэ? Яасан аймшигтай парадокс нөхцөл вэ? Ийм учир нь олдохгүй хачин нөхцөлд өсөж өндийсөн хүн “араатан” болжээ. Хаан гэгдэх мөртлөө хаан биш, сайн заяанд төрсөн гэх мөртлөө заяагүй муу нэгэн хүн уур хилэндээ шатаж, уур хилэн нь зөвхөн цус үзэж байж намддаг өвчин туссан юм. Үүнийг л жүжигчин, найруулагч яг онож харсан байна. Залуу Доржсүрэн зохиолоос зөвхөн эрх мэдэлд шунаглах гэдгийг олж харсан бол өдгөө тэр ахин тоглохдоо дүрийн сэтгэлийг чигт нь өөр дээрээ хүлээн авчээ. Тиймдээ ч Ачирыг харах бүрд үзэгчдэд байж ядсан мэдрэмж төрж, уур хилэн, өш хонзон, мунхаг самуун байдлынх нь цаана буцлах гуниг харууслыг залгилах шиг гүн мэдрэмжид автдаг юм. Энэ хоёр жилд түүний бүтээсэн “Гэм зэм” жүжгийн Лужин, “Тамгагүй төр” жүжгийн Ачир бол гайхамшигтай. Үг дуугүй мэхийн ёсолж, алгаа хорстол ташмаар.
Тайзны үзэгдэхүй:
1999 оны тавилтад огт гараагүй ч 2022 онд шинэ санаа болгон шигтгэсэн Ачирын “дутуугийн мэдрэмж”, араатан авирыг эцэгтэйгээ тэрсэлддэг үзэгдлийн бүр эхэн хэсэгт л бүжгээр товч, тодорхой харуулсан юм. Хонхон цэцэг мэт аварга том хормойтой өмсгөл бүхий хоёр бүжигчний хормой дороос хоёр ханхүүгийн бага нас үсрэн гарч ирээд, ав адил бүжиглэн наадаж, хөөрөн цэнгэнэ. Даанч Хүчир ханхүүгээс муу заяанд төрсөн Ачир дүүгийнхээ адил тоглон наадаж чадахгүй бие нь татаж эхэлдэг. Хормын дотор бүжигчин олны дотроос бие гүйцсэн Ачир, Хүчир нар гарч ирээд илдээр тулалдана. Тулалдаж дуусмагцаа (андуураагүй бол Ачир ялагддаг) уур хилэндээ автсан Ачир нүдэндээ өртсөн боолыг боон унагаж, хэрцгийгээр амийг нь хороолоо. Гол нь энэ түүний “дандаа л хийдэг” ажил бололтой. Үхэж буй заяа муут боолыг хэн ч тоож үзсэнгүй. Энэ хэдхэн хоромд багтаан эрчим хэмнэлтэйгээр Ачир ханхүүгийн дутуугийн мэдрэмжийн үндсийг дүрслэн харуулж, цаашлаад түүний араатанлаг, уур хилэнг дотор зуртал үзүүлсэн байна. Ачирын төрсөн эцэг буюу Эгэрэг түшмэлийг хорон санаагаа хэрэгжүүлэх үед хажууд нь араатан дагалдаж байсны адил Ачирыг бас “алах гээд ч алж болдоггүй, бүр үхэж өгдөггүй” араатан зовлонтойёо дагалдаж явна. Ачир тэднийг хөнөөх боловч өнөө хэд нь доогтой нь аргагүй эргэн амилах нь түүний дотоод сэтгэлийн “дарагдаж өгдөггүй” шаналан, харгис сэтгэл, дутуугийн мэдрэмжүүд юм. Ачир ийм араатан шиг хэрнээ “эхийнхээ хөхнөөс салаагүй” өчүүхэн зантай. Хаан эцгийнхээ зэвүүг хүргэж, хоолойдоо илд тулгуулмагцаа шээс алдан байж ээжийгээ дуудаад, ирмэгц нь өмнө нь сөхрөн сууж хөхийг базлах ажээ. Энэ үед эхийнхээ тухай эцэгтээ эвгүй үг хэлснийг нь мэдэж байгаа үзэгчдийн зэвүү хүрч, бүр байж яддаг билээ. Энэ бол зохиолчийн үгээр илэрхийлсэн дүрийн сэтгэл зүйн талбарыг жүжигчний уран чадвараар ахин урлаж харуулсан ажил болжээ.
Эдгээрийг нэгтгээд хэлэх гэснээ одоо шуудхан хэлье. Уран бүтээл гэдэг хүний амьдралаас хол тасархай зүйл биш. Энэ жүжгийн дүрүүд бидний бодит амьдралтай шууд уялддаг. Энэ чанар нь бидний оюун ухаанд суусан “удирдагч” гэх хүний ерөнхий төсөөллөөр илэрч байна. Монгол хүнд Арчуг хаан шиг имижтэй хүн харагдвал түүнийг удирдагчаа болгож сонгох магадлал өндөр. Тиймдээ ч бид ханагар бие, гүндүүгүй төрхөнд саналаа худалдчих талтай. Ийм зүйлд бид хууртдаг, үүнийг уран сайхнаар ч бүтээдэг гэдгийг анхдугаарт сануулж байна. Түүний зэрэгцээ бид өөрсдөө ч мэдэлгүй Эгэрэг шиг хүмүүсийн хорон ятгалгад автдаг. Яажшуухан ятгадаг вэ гэдгийг Эгэрэгийн дүрээс та ажиглаж үзээд дэргэдээ байгаа могойн үйл хөдлөлийг анзаарч чаддаг байвал тустай байж мэдэх л юм. Эцэст нь уран бүтээлийг амьдруулна гэдэг амьдрахын л нэр бололтой гэж хэлье дээ.
Ашигласан материал
Heatherly, JM. Respond to Drama With Grace. Sep 19, 2021. https://readcultured.com/respond-to-control-dramas-with-grace-9531eef5304d.
P.Murphy, William. “The Sublime Dance of Mende Politics: An African Aesthetic of Charismatic Power.” American Ethnologist, 1998: 563-582.
Б.Лхагвасүрэн. Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт Б.Лхагвасүрэн “Тамгагүй төр” жүжгийн эх зохиол. Jan 16, 2019. https://www.n24.mn/a/1440.
Даниел Гоулман. “Үр дүнтэй манлайлал.” Бусдыг удирдахуй, Harvard Business Publishing, 15. Улаанбаатар: Сүүн сувд, 2022.
Том Батлер-Боудон. “Хүмүүс бидний тоглодог тоглоомууд.” Сэтгэл судлалын сонгодог 50 бүтээл, by Том Батлер-Боудон, 36. Улаанбаатар: Сэтгэлч, 2021.
МУИС-ийн Утга зохиол судлалын ангийн оюутан Ө.Сумьяа