42 САЯ МОД ТАРЬЖ, 63 САЯ ТАРЬЦ, СУУЛГАЦЫН НӨӨЦ БҮРДҮҮЛЖЭЭ

2024-05-2 Ерөнхийлөгч

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Бүх нийтээр мод тарих өдөр, цаашид хийх ажлын талаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ойн газар хамтран мэдээлэл хийв.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхэлснээс хойших хоёр жилийн хугацаанд 42 сая мод тарьж, арчилж, хамгаалж байна. Мөн 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ. Аймаг, нийслэл, байгууллага, аж ахуйн нэгжүүд, түүний дотор уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон 21 байгууллага үндэсний хөдөлгөөнийг дэмжин, 2030 он хүртэл нийт 608 сая мод тарьж ургуулахаа батламжилсан.

Энэ талаар Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр танилцууллаа.

Аж ахуйн нэгжүүд одоогоор 6,2 сая мод тарьж, 6,6 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлэн, жилд 17 сая тарьц үржүүлэн бойжуулах мод үржүүлгийн газар байгуулжээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Өсөх зоос”, “Бороо гоулд” ХХК, “Монголросцветмет” ТӨҮГ тарьж, ургуулж байгаа модныхоо тоогоор бусдыгаа тэргүүлж байна.

Аж ахуйн нэгжүүдээс:

“Эрдэнэс Тавантолгой” ХК 8 сая,

“Өсөх зоос” ХХК 1,5 сая,

“Оюу Толгой” ХХК 928 мянга,

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 590 мянган ширхэг тарьц, суулгацын нөөц бүрдүүлсэн нь хамгийн өндөр үзүүлэлт юм.

Аж ахуйн нэгжүүд 2030 он хүртэл үе шаттай хийх ажлын төлөвлөгөөнийхөө дагуу төсөв хөрөнгө, үр, тарьц, суулгац, хүний нөөц зэргээ бүрдүүлэн, техник, технологи нэвтрүүлж байна.

21 аж ахуйн нэгжийн 16 нь байгаль орчны мэргэжилтэй 167 хүн ажиллуулж байгаа нь нэг нэгжид дунджаар 10 хүн оногдож байна гэсэн үг юм.

Ажлаа оновчтой төлөвлөн, үр дүнтэй хэрэгжүүлэхэд нь бүх талын дэмжлэг үзүүлэх, сайн туршлага нэвтрүүлэх, мэдээллийн сан үүсгэх, мэргэжлийн зөвлөхтэй болгох зэрэг ажлаа улам эрчимжүүлнэ.

Энэ дагуу Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс аймаг, орон нутагт ажиллаж эхлэх юм.

2024 ОНЫ 05 ДУГААР САРЫН 11-НИЙ ӨДӨР БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ӨДӨР ТОХИОНО

Бүх нийтээр мод тарих өдөртэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү мэдээлэл өглөө.

Энэ онд Орчин цагийн ойн салбар үүссэний 100 жил энэ жил тохиож байгаа учир энэ сарыг дуустал тодорхой хуваарь гарган ажиллахаар төлөвлөсөн байна. Нийслэлийн хувьд 2024 оны 05 дугаар сарын 11-18-ны өдрүүдэд найман байршилд мод тарих бөгөөд 300 гаруй байгууллага оролцохоор болжээ.

21 аймаг 05 дугаар сарын 03-ны өдрөөс төвлөрсөн 33 байршилд дөрвөн сая хүртэл мод тарих юм. Аймаг бүр 10 хүртэлх гол, горхийг сонгон, нэг гол дээр 10 га хүртэл талбайг хоёр жилийн хугацаанд ойжуулах бэлтгэлдээ ороод байна.

Ойн мэргэжлийн байгууллагууд мод тарих талбай, тарьц, суулгац бэлтгэх, тарьсан модоо жилийн турш услах, арчлах чиглэлээр иргэд, байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллана.

Түүнчлэн модлог ургамлын тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг нийслэлд гурван /Тэнгэр плаза, Модлог ургамлын цуглуулгын цэцэрлэг, Ялалтын талбай/ байршилд, 21 аймаг, сумдад зохион байгуулж, тарьц, суулгацаар ханган, заавар, зөвлөмж өгөх юм.

ҮРИЙН НӨӨЦ, МОД ҮРЖҮҮЛГИЙН ГАЗРЫН ТОО ЖИЛЭЭС ЖИЛД ӨСӨЖ БАЙНА

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн талаар Ойн газрын дарга Б.Оюунсанаа мэдээлэл өглөө.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд нийт 39 зүйлийн 12,2 тн үрийн нөөц бүрдүүлээд байна. 2024 оны үрийн нөөцийг 2021 оныхтой харьцуулахад 84 хувиар өсжээ.

Мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын тоо 2023 оны байдлаар 452-т хүрсэн. Энэ нь үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш 32 хувиар нэмэгдсэн гэсэн үг юм.

Эдгээр газрууд өнгөрсөн жил 63 сая ширхэг тарьц, суулгацын нөөц бүрдүүлсэн нь 2021 онтой харьцуулахад 41 хувиар өсжээ. Салбарын хэмжээнд 2023 онд нийт 273 мянган га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил хийж, 960 сая модыг доройтолд өртөн, хатаж хуурайшихаас хамгаалж чадсан байна.

2024 онд улсын төсвийн хөрөнгөөр:

4 мянган га талбайг ойжуулах, нөхөн сэргээх, гол нууруудын татмыг ойжуулах зорилгоор 3.1 сая мод тарина,

8 сая га талбайд ойн зохион байгуулалтын ажил хийж, ойн төлөв байдлыг үнэлнэ,

Түймрийн 500 км халз болон шороон зурвас шинээр байгуулж, өмнө байгуулсныг сэргээнэ,

330 мянган га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэн, 1.2 тэрбум модыг доройтолд өртөхөөс сэргийлнэ,

3 мянган га талбайд ойн арчилгаа, цэвэрлэгээ хийнэ,

130 га талбайд хамгаалалтын ойн зурвас байгуулна,

Мод үржүүлгийн газруудад техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлнэ.

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.