Солонгосын одод Монголд ирлээ

2024-02-16 Мэдээ мэдээлэл

“Эвандис” энтертайментаас зохион байгуулж буй тоглолтод оролцох Солонгосын алдарт дуучин, жүжигчин Ким Хён Жун, реппер MC Снайпер, К-Поп урсгалын хамгийн том төлөөлөл Блү нар өчигдөр Монголд ирлээ.

Тэд маргааш “Буянт-Ухаа” спорт цогцолборт болох тоглолтод оролцох бөгөөд гэгээн хайрын баяр валентиний хамгийн том фестиваль гэдгээрээ онцлогтой. Түүнчлэн Монгол, Солонгосын соёлын харилцааны хүрээнд  зохион байгуулж буй ажээ. “Чиний валентин” нэртэй уг тоглолтын тасалбарын 90 хувь нь дууссаныг зохион байгуулагчид онцоллоо.

Солонгосын алдарт дуучин, жүжигчин, модель бүжигчин Ким Хён Жуныг монголчууд F4-ийнх гэдгээр нь мэднэ. 2005 оноос уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн тэрбээр Your Story, Break Down, Because I’m stupid зэрэг дуугаараа алдаршсан юм. Тэрбээр 1986 оны зургадугаар сарын 6-нд төрсөн бөгөөд SS501 хамтлагийн ахлагч, гол реппер юм. Тус хамтлаг 2005 оны зургадугаар сарын 23-нд SS501 нэртэй анхны цомгоо гаргаж байв. 2011 онд анхны солонгос бие даасан цомог болох Break Down, 2012 онд анхны бие даасан япон цомог Unlimited-ээ гаргасан юм. Солонгосын Boys Over Flowers олон ангит кинонд 2008 онд анхны гол дүрээ бүтээсэн бөгөөд түүнээс хойш Playful Kiss, Inspiring Generation, When Time Stopped зэрэг кинонд тогложээ.

Харин К-поп оддын хамгийн том төлөөлөл болох Блү 2016 онд Tony нэртэй анхны микстэйпээ гаргаж байжээ. Үүнд нь сонсогчдын хайрыг татаж, хит болсон Drive Through дуу нь багтсан байна. Тэрбээр 2017 оны арванхоёрдугаар сард анхны цомгоо гаргасан бөгөөд тэрхүү цомогт Downtown baby нь багтжээ. Тус цомогт багтсан дуунууд нь түүний хайрын түүх болон сонсголонтой хоолой, басс аялгууг шингээж олон нийтийн сонорт хүрчээ. Блү амьдралынхаа түүхийг өөрийн өвөрмөц өнгө, хэв маягаар дүрслэн харуулдаг учир сонсогчид түүний хөгжимд илүү дуртай байдаг гэнэ.

Харин реппер MC Снайпер “Салхиар чамруу” киноны дуу болох Bk Love дуугаар алдаршсан нэгэн. Өдгөө 44 настай тэрбээр 2002 оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн юм.

Тэд өнөөдөр орой “Холидэй Инн” зочид буудалд хэвлэлийн хурал зарласан бөгөөд Монголд хийх тоглолтын талаар болон бусад асуудлаар сэтгүүлчидтэй нээлттэй ярилцах ажээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.