Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.05.12) НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал хатагтай Дебора Комини тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хатагтай Дебора Комини-г манай оронд тавтай морилж, тухлан саатахыг хүсье гээд Монгол Улс 1961 онд НҮБ-д 101 дэх гишүүнээр элссэний 60 жилийн ойг өнгөрсөн онд тэмдэглэсэн бөгөөд НҮБ, түүний салбар нэгжүүдтэй хамтын ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлсээр ирсэн. Үүний нэг тод жишээ бол Монгол Улсын Их Хурлаас Парламентын боловсрол хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй Өсвөрийн парламент хөтөлбөрийг НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Швейцарын хөгжлийн агентлаг зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаад баяртай байна. Иймд бид НҮБ-ын Хүүхдийн сантай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, өргөжүүлэн хөгжүүлэх, Монголын хүүхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг шийдвэр гаргагчдад хүргэх боломжийг олгох зорилгоор энэхүү хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Мөн энэхүү ажлын хүрээнд “Д парламент” хэмээх шинэ төслийг эхлүүлсэн. Энэ нь хууль боловсруулах үйл явцад өсвөр үеийнхний оролцоог татан оролцуулахад илүү шинэлэг арга байх болно гэдэгт эргэлзэхгүй байна гэв.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал хатагтай Дебора Комини хэлэхдээ, тэрбээр 2008-2010 онд Монгол Улсад ажиллаж байсан ба НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирлаар томилогдсноос хойш дахин зочилж байгаад туйлын баяртай байна. Учир нь “Өсвөрийн парламент 2021” хөтөлбөрийн хэрэгжилттэй өөрийн биеэр танилцах боломж олдож, Монголын парламент хүүхэд залуучуудынхаа дуу хоолойг сонсож, шийдвэр гаргах түвшинд хүргэх боломжийг нээн өгч байгаа нь энэхүү хөтөлбөр үр дүнгээ өгч байгаагийн илрэл юм. Иймд миний бие Монголын хүүхдүүд дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтолд ихээхэн санаа зовниж байгаа тэдний дуу хоолойг цааш нь уламжлах болно гэв. Тэрбээр, 2019 онд НҮБ-ын Хүүхдийн сангаас Хүүхэд, залуучууд ба уур амьсгалын өөрчлөлтийн тунхаглалыг баталсан. Засгийн газар хоорондын уг Тунхаг бичигт Монгол Улсыг нэгдэхийг уриалж байна гэв. Мөн цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
Уулзалтад НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Шадар Суурин төлөөлөгч Аяако Каино, Улсын Их Хурлын даргын зөвлөх О.Номинчимэг, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж болон албаны бусад хүмүүс байлцав.
Өсвөрийн парламент хөтөлбөрийн тухай
Парламентын боловсрол хөтөлбөрийн хүрээнд “Өсвөрийн парламент” хөтөлбөрийг Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо, Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүүхдийн сан, People in Need, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг байгууллагууд хамтран 2021 оны 09 дүгээр сараас 2022 оны 5 дугаар сарын хооронд зохион байгуулж, хөтөлбөрт оролцогчдын сонгон шалгаруулалтыг Ерөнхий боловсролын сургуулийн 9-11 дүгээр ангийн сурагчдын дунд улс орон даяар нээлттэй зарлан, 21 аймаг, Улаанбаатар хотын 900 гаруй сурагчаас 90 сурагчийг сонгон шалгаруулсан юм.
Энэхүү хөтөлбөр жил бүр зохион байгуулагдах бөгөөд “Өсвөрийн парламент-2021” хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ 2022 оны 5 дугаар сарын 11-14-ний өдрүүдэд Улаанбатар хотноо зохион байгуулагдаж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
6 цагийн өмнө
8 цагийн өмнө
11 цагийн өмнө
11 цагийн өмнө
Өчигдөр
87365
30402
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.